Коронавирусийн эсрэг найдлага төрүүлж буй эм, вакцинууд | News.MN

Коронавирусийн эсрэг найдлага төрүүлж буй эм, вакцинууд

COVID-19

Коронавирусийн эсрэг найдлага төрүүлж буй эм, вакцинууд

Коронавирусийн эсрэг найдлага төрүүлж буй эм, вакцинууд

Швейцарь,  “Roche” компанийн эсрэг бие илрүүлэх оношлуур

АНУ-ын засаг захиргаа /2020.05.03/ коронавирусийн эсрэг биетийг 99-ээс дээш хувийн нарийвчлалтайгаар илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг гаргасан байна. Швейцарийн “Roche” компанийн үйлдвэрлэсэн уг оношлуур нь өдгөө дэлхий дахинд хэрэглэгдэж буй оношлууруудаас хамгийн өндөр нарийвчлалтайд тооцогдож байна. Одоо ашиглагдаж буй оношлуурууд эсрэг биетийг 90 ба түүнээс доош хувийн магадлалтайгаар илрүүлж байгаа аж.

“Roche” компани уг оношлуураа 5000 удаа туршихад 99.8 хувийн нарийвчлалтайгаар эсрэг биетийг илрүүлж байжээ. Оношилгоог 18 минутад хийх ба автоматжуулсан горимд нэг цагт 300 хүртэл хүнийг оношлох чадвартай юм байна.

АНУ, "Gilead Sciences" компанийн “Remdesivir” эм

АНУ-ын "Gilead Sciences" компанийн бүтээгдэхүүн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Remdesivir” эм нь одоогоор шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хамгийн үр дүн сайтай эмээр нэрлэгдээд байгаа юм. Тус улсын Хүнс, эмийн алба /FDA/  тавдугаар сарын 1-ний өдөр “Remdesivir” эмийг яаралтай коронавирусийн эмчилгээнд хэрэглэж эхлэхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгийн эцсийн албан ёсны зөвшөөрөл хараахан гараагүй байгаа ба илүү олон судалгаа, туршилтын үр дүн гарсны дараа албан ёсны зөвшөөрлийг гаргах ажээ.

Одоогоор үүнээс өөр "Сovid-19"-ийн эсрэг илүү боломжит эм, эмчилгээ гарч ирээгүй байгаа учир энэхүү эмийг яаралтай ашиглахыг зөвшөөрсөн ба энэ эм нь уг өвчнийг бүрэн анагаана гэх баталгаа байхгүй тухай FDA-ийн мэдэгдэлд дурдсан байна.

Засгийн газраас санхүүжүүлсэн судалгааны урьдчилсан дүнгээс харахад “remdesivir” эм нь халдвартай өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх хугацааг 31 хувь буюу дунджаар дөрөв хоногоор богиносгож байжээ. Нийт 1,063 өвчтөн дээр уг туршилтыг явуулж, уг эмийг хэрэглэсэн болон хэрэглээгүй өвчтөнүүдийг хооронд нь харьцуулж үзсэн байна.

Энэ эмийг коронавирусийн халдвар авсан хүн болгонд хэрэглэхгүй, зөвхөн биеийн байдал нь хүндэрсэн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүмүүст хэрэглэх аж. Мөн уг эмийг хэрэглэхэд элэгний ферментийн түвшин нэмэгдэх, бөөлжих, дотор муухайрах, цусны даралт багасах, чичрэх болон бусад хариу урвал үзүүлж болохыг анхааруулжээ. Тиймээс энэ эмийг эмчилгээндээ ашиглахын өмнө тухайн өвчтөний элэгний ферментийг шалгаад эмийг тухайн өвчтөнд ашиглаж болно гэвэл эмчилгээний туршид өдөр бүр элэгний ферментийг нь хянах шаардлагатай юм байна.

 Hydroxychloroquine буюу Chloroquine

Хумхаа өвчний эсрэг ашиглагддаг энэхүү эм нь олон төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй. “Hydroxychloroquine” болон “Chloroquine”-ийг шинэ төрлийн коронавирусийн эсрэг туршихад  хүний биеийн эсэд нэвтрэх вирусийн үйл явцыг таслан зогсоож байжээ. Францад хийсэн нэгэн судалгаагаар уг эмийг эмчилгээнд ашигласан зарим өвчтөний бие сайжирсан байна. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц, БНХАУ-д хийсэн хоёр өөр судалгаанд тийм сайн үр дүн үзүүлээгүй байна. Гэсэн ч дэлхийн хэмжээнд уг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах маш олон туршилтыг үргэлжлүүлэн хийсээр байгаа юм. Гэхдээ "Hydroxychloroquine” эм нь хүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, зүрхний хэм алдуулах ноцтой гаж нөлөө үүсгэдэг учир Европын хэд хэдэн оронд уг эмийг "Сovid-19"-ийн эмчилгээнд ашиглахыг хоригложээ.

Швейцарь, Roche” компани,Actemra” эм

Уг эмийг хорт хавдартай өвчтөнүүдэд дархлааны системийн цитокины шуурганы эсрэг эмчилгээнд ашигладаг ба нэг төрлийн эсрэг бие юм. Цикотины шуурга гэдэг нь хэт их дархлааны эс ялгарах үзэгдэл бөгөөд халдвараар хүндээр өвчилсөн зарим өвчтөний дархлааны системд цикотины шуурга болж энэ нь үрлийн шалтгаан болж байгаа аж. БНХАУ, АНУ болон Европын холбооны орнуудад уг эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд дангаар нь болон бусад эмчилгээний аргуудтай хавсран туршиж байна. Франц улсад “Actemra” эмийг хорт хавдар болон коронавирусийн халдвараар хавсран өвчилсөн өвтөнүүдэд 28 хоногийн турш уулгаж турших судалгаа хийгдэж байгаа аж. Туршилтын үр дүн хараахан гараагүй байгаа юм.

АНУ, “Moderna” компани “mRNA-1273”

АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн үйлдвэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын урьдчилсан шатны үр дүнг /2020.05.18/ танилцуулсан. Тодруулбал тус компанийн боловсруулсан “mRNA-1273” вакциныг хийлгэсэн найман хүний биед коронавирусийн халдвар аваад эдгэрсэнтэй адил эсрэг бие үүссэн хэмээн мэдэгдсэн байна.

“Moderna” компани нь уг вакциныг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн төвтэй хамтран боловсруулж байгаа ба туршилтад 18-45 настай 45 хүнийг оролцуулж байгаа аж. Эдгээр сайн дурын хүмүүсийг 15,15-аар нь гурван бүлэгт хуваагаад тус бүрт нь 25, 100, 250 микрограмм тунг 28 хоногийн зайтай хоёр удаа тарьж байгаа аж.

Эхний бүлгийн хүмүүст хоёр дахь тунг тарьсны дараа байгалийн жамаар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийнхтэй ижил хэмжээний эсрэг биет бий болсон байжээ. Харин 100 микрограмм тун тариулсан хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн хэмжээ коронавирусийн халдвар авсан хүмүүсийнхээс хэд дахин өндөр болсон байна. Хамгийн сүүлчийн бүлэг буюу 250 микрограмм тун тариулсан хүмүүсийн үр дүн хараахан гараагүй байгааг “Moderna” компанийн зүгээс мэдэгджээ.

Уг вакцины хоёрдугаар шатны туршилт зургадугаар сард, дараагийн шатны туршилт долдугаар сард хийгдэх юм байна. Хоёрдугаар шатны туршилтад сайн дурын 600 орчим хүнийг хамруулах ажээ.

Германы “Biontech”, АНУ-ын “Pfizer” компанийн хамтран бүтээж буй  BNT162 вакцин

Германы эрдэмтэд мессенжер РНХ-ээс гарган авсан уг вакцины эмнэл зүйн туршилтын нэгдүгээр үе шатыг  дөрөвдүгээр сарын сүүлээр эхлүүлсэн. Мөн АНУ-д энэ вакцины эмнэл зүйн туршилтын нэгдүгээр үе шат тавдугаар сарын эхэнд эхэлсэн. Германы “Biontech” болон АНУ-ын “Pfizer” компаниуд нь өмнө нь хамтран томуугийн эсрэг вакцин амжилттай гарган авч байсан туршлагатай ба “Pfizer” компанийн мэдэгдсэнээр АНУ-ын Хүнс, эмийн алба /FDA/ “BNT162” вакциныг ирэх аравдугаар сар гэхэд коронавирусийн эсрэг түргэвчилсэн байдлаар батална гэж найдаж байгаа аж. Мөн тус компани 2020 оны сүүлч гэхэд 20 сая тунг үйлдвэрлэж, ирэх онд хэдэн зуун сая тунг үйлдвэрлэх боломжтойгоо мэдэгджээ.

АНУ-ын “Inovio Pharmaceuticals” компани, “INO-4800 вакцин 

“INO-4800” вакцины эмнэл зүйн туршилтын нэгдүгээр үе шатыг дөрөвдүгээр сарын 3-нд албан ёсоор эхлүүлсэн. АНУ-ын "Inovio Pharmaceutical" компанийн мэдэгдсэнээр судалгааны үр дүнг ирэх зууны сүүлчээр танилцуулна. Мөн АНУ-ын Хүнс, эмийн алба түргэвчилсэн байдлаар уг вакциныг батална гэж найдаж байгаа бөгөөд уг компани одоогоор жилд нэг сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа аж. Харин Олон улсын Эпидемиологийн бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл /CEPI/ уг вакциныг баталчихвал хамгийн түрүүнд вакцин нэн шаардлагатай ядуу, буурай орнуудад хямд үнээр нийлүүлэхээ мэдэгдсэн.

Их Британи, Оксфордын их сургуулийн гаргасан “ChAdOx1 nCov-19 вакцин

Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид гурван сарын хугацаанд судалж, бүтээсэн вакцинаа /2020.04.23/ эхний хоёр хүнд тарьсан. Эхний ээлжинд нийт 800 гаруй сайн дурынхан дээр турших уг вакцины судалгааг Женнерийн хүрээлэнгийн вакцины мэргэжилтэн, профессор Сара Гилберт удирдсан байна. Харин туршилтын хоёрдугаар үед 5000 орчим сайн дурынхан хамрагдах ба эхний туршилтын үр дүн зургадугаар сард гарна.

Вакцины туршилтад орсон хүмүүсийг хэдэн сарын  турш анхааралтай ажиглах ба вакцин хийснээс хойш хоёр хоногийн дотор толгой өвдөх, халуурах, гар өвдөх зэрэг хариу урвал үзүүлж болохыг анхааруулсан байна.

Оксфордын эрдэмтэд өмнө нь мөн коронавирусээр үүсгэгдсэн MERS халдварын эсрэг вакциныг амжилттай гарган авч байсан аж. Лондоны Империал Коллежийн хэсэг судлаачид мөн вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд хүн дээр хийх туршилт нь зургадугаар сард эхлэх юм байна.

Дээрх хоёр багийн судалгааны ажилд Их Британийн Засгийн газраас 40 сая паунд зарцуулсан бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок хоёр багийн судалгааны ажлын явцыг сайшаагаад, вакцин бүтээхэд шаардлагатай бүх зүйлээр хангахаа амласан байна.

Эх сурвалж: FDA, REUTERS, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шрамп 2020-05-20 73.92.12.67

Өглөөдөө өлөн дээрээ нэг аяга Clorox уухад холерия,малерия,корона алинаас нь ч айх хэрэггүй,би тэгдгийнш дээ

Avatar

Зочин 2020-05-20 202.126.88.193

90 ба түүнээс дээш гээч дээ. Доош гэвэл 0 ч байж болно шүү дээ. Толгойгоо ажиллуул. Монгол гэхээр л заавал тэнэг байх албагүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж