Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуулт | News.MN

Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуулт

Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуулт

Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуулт

Олон улсын эрх зүйч, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.


-Сар гаруйхан хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Тантай сонгогчдын боловсролын талаар ярилцъя. Юуны өмнө сонгогчдын боловсрол гэж юуг хэлээд байна вэ? Түүнд юуг хамааруулж ойлгох ёстой вэ гэсэн асуулт тавья?

-Сонгогчийн боловсрол гэх ойлголт нь сонгогч гэж хэн бэ, сонгуулийн зорилго юу вэ, сонгуулийг ямар арга замаар зохион байгуулах вэ гэдгээс шууд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Тэгэхээр сонгогчийн боловсрол гэдэг нь иргэд сонгуульд саналаа чөлөөтэй, шууд өгөх мэдлэг, чадварын цогцыг хэлж байна. Сонгогчийн боловсрол гэдэгт иргэдэд хэрхэн сонгуульд үр нөлөөтэй оролцох вэ гэдэгт чиглэсэн мэдлэг олгох бүх арга зам хамаарч байна.

-Сүүлийн үед сонгогчдын боловсрол чиглэлээр хийгдсэн ямар судалгаанууд байна вэ? Онцолж анхаармаар асуудал ажиглагдав уу?

-Сонгогчдын боловсролыг илтгэх нэг чухал үзүүлэлт нь сонгуулийн оролцоо байдаг. Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллээс харахад, Улсын Их Хурлын 1992-2016 оны сонгуульд оролцогчийн идэвх буурсаар ирсэн бөгөөд 2016 оны сонгуулиас эхлэн өсөх хандлагатай байна. Тодруулбал, 1992 оны сонгуульд сонгогчдын оролцоо 95% байсан бол, энэ үзүүлэлт тогтмол буурч, 2012 онд 67% болсон. Харин 2016 онд сонгогчдын оролцооны хувь 74.4 болж өссөн. 2016 оны сонгуульд сонгогчдын оролцооны хувийг авч үзэхэд, насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцжээ. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж, сонгуульд санал өгөх эрхтэй болсон. Гэвч 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байна. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй байна. Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгуульд 18-25 насны сонгогчдыг идэвхтэй оролцуулах нь чухал болж байна.

-Монголчууд олон сонгуульд оролцсон. Тэр хэрээр сонгогчдын боловсрол мэдлэг дээшилсэн гэж та бодож байна уу? 

-Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалтад 100 мянга орчим иргэн хоосон буюу хэнийг нь ч сонгохгүй гэх утгатай санал өгсөн. Сонгогчдын ирц нэмэгдэж байна. Түүнчлэн цахим орчинд сонгуулийн үйл явц, нэр дэвшигчдийн талаар иргэдийн идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Эндээс харахад сонгогчдын мэдлэг, боловсрол дээшилсэн.

-Сонгогчид нимгэн боловсролтой байх нь улс төрчдөд ашигтай. Манайд сонгогчдын боловсролд анхаарал хандуулдаг газар бараг байхгүй. Тиймээс сонгогчид “харанхуй” байдлаар, шуудхан хэлэхэд хэн мөнгө өгнө түүнд саналаа өгдөг. Энэ байдлыг яаж арилгах вэ?

-Сонгуулийн хууль тогтоомж, Зөрчлийн тухай хуульд иргэдийн сонгуульд саналаа чөлөөтэй, шууд өгөх эрхэд зүй бусаар нөлөөлөх аливаа оролдлогыг хууль бус гэж үзэж, хариуцлага хүлээлгэхээр заасан. Ингэж сонгуулийн бие даасан байдлыг хангана.

Тодруулбал, сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарсан; саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан; аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол 10 сая төгрөгөөр торгоно.

Үүнээс гадна хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн; нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн; сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулсан, амралт, сувилалд амраасан, сувилуулсан; ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн; хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэргээр бусдад давуу байдал олгосон, амлалт өгсөн бол хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.

Мөн сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан; зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн; сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан; нам, эвслийн нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөр гаргаж ашигласан бол хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.

Тэгэхээр иргэд, сонгогчдын хувьд сонгуулийн үеэр хориглосон аливаа үйл ажиллагааг мэдсэн бол цагдаагийн байгууллага, сонгуулийн байгууллагад тухай бүр хандаж, сонгох эрхээ хамгаалах хэрэгтэй болж байна.

-Та олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Гадны орнуудад манайд нутагшуулчихмаар, сонгогчдын боловсрол, мэдлэгийг дээшлүүлдэг ямар арга байдаг вэ?

-Ихэнх оронд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх буюу сонгогчийн хараат бус байдлыг хангах үндсэн арга зам нь сонгуулийн үеэр худал мэдээллийг ялгаж таних, тийм мэдээлэлд автахгүй байхад сургах болж байна. Учир нь сонгуулийн үеэр цахим орчинд худал мэдээлэл тархаж, тархи угаах замаар нэр дэвшигчид, сонгуульд өрсөлдөгчдийн талаарх төөрөгдүүлсэн мэдээллийг сонгогчдод хүргэх, улс төрийн хэлэлцүүлэг, улмаар сонгуулийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сонгуулийн үед хуурамч мэдээлэл ямар үе шаттай тардаг вэ гэдгийг товч тайлбарлая. Эхлээд худал мэдээллийг үүсгэх буюу зурвасыг бэлтгэнэ. Үүний дараа тухайн мэдээлэл буюу зурвасыг хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн болгоно. Тэгээд худал мэдээллийг түгээх, олон нийтэд хүргэх ажил өрнөнө. Эцэст нь тухайн худал мэдээллийн талаарх шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Жишээн дээр дээрх үе шатыг товч тайлбарлая. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 2016 оны 7 дугаар сард WTOE5News.com вэб сайтад “Ромын Пап лам АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг дэмжиж дэлхий нийтийг гайхшрууллаа” гэх мэдээг хэн гэдэг нь тодорхойгүй этгээд бодож олсон. Энэхүү мэдээг WTOE5News болон худал мэдээллийн сүлжээний оролцогч болох мэдээллийн 43 вэб сайтад 750 гаруй мэдээ болж нийтлэгдсэн. Нийтлэлийг худал мэдээллийн сүлжээний сайтуудад ажиллагчид фэйсбүүкээр түгээсэн. Худал мэдээллийн сүлжээний сайтуудтай холбоотой хүмүүс илүү олон хүнд хүргэх, өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд түгээсэн. Нийтлэлийг Трампын дэмжигчид фэйсбүүк дээр түгээсэн. Трампыг ялуулах ашиг сонирхол бүхий бүлэг, хүчний зүгээс тухайн нийтлэлийг түгээсэн. Харин Хиллари Клинтоны дэмжигчдийн зүгээс “Трампын дэмжигчид худал мэдээнд итгэдэг тэнэг хүмүүс” гэж тухайн мэдээллийг шүүмжлэх байдлаар түүний тархацыг нэмэгдүүлсэн.

Тэгэхээр худал мэдээнд автахгүй байхын тулд мэдээллийн агуулга бодитой эсэхэд эргэлзэх; хэд хэдэн эх сурвалжийг харьцуулж хэвших хэрэгтэй. Мэдээнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх хэрэгтэй. Худал мэдээ нь уншигч, үзэгчийг сэтгэл хөдлөлд автуулах, бодит баримтыг нуух хэв шинжтэй байдаг. Худал мэдээг бусдад дамжуулахгүй байх, зөвхөн бодит мэдээг дамжуулах хэрэгтэй.

-Та сонгогчдод хандаж юуг уриалмаар байна вэ?

-Сонгуульд нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдсэний дараа саналаа өгөөрэй. Ингэж нэр дэвшигчдийг судлахын тулд өөрийнхөө зүгээс асуулт бэлтгэж, түүндээ нэр дэвшигчээс хариулт авах, үүний дараа хариултыг нь холбогдох мэдээллийн эх сурвалжаас нягтлах хэрэгтэй.

Тэгэхээр ямар асуултаар нэр дэвшигчийг таньж болох вэ гэдэг чухал болж байна. Сонгуульд нэр дэвшигчдээс асуух "хэцүү" асуултын жишээ гэвэл, “хууль батлах нь нийтийн ашиг сонирхлын төлөө юу? Тодорхой эрх ашгийн төлөө юү”, “оффшор бүсэд данс эзэмшихийг дэмжих үү?” гэх асуулт байна.

Сонгогчийн хувьд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг судлах, тэрхүү мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой эсэхийг судлах, үүний дараа тухайн нэр дэвшигч нь мэдлэг, чадварын болон ёс зүйн хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоотой эсэхийг судлах хэрэгтэй.

Товчхондоо, сонгуульд санал өгөх нь сонгогчийг зүгээр нэг ажиглагч биш, идэвхтэй судлаач байхыг шаардаж байна. Идэвхтэй судлаарай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Юж ч өөрчлөглөхгүй 2020-05-20 202.179.27.4

Усан динэг динэгээрээ л үлдэнэ

Avatar

Зочин 2020-05-20 117.111.14.147

Зөв юм ярьж байна. Болдогсон бол бүүр хөдөө орон нутгаар явж намчирхасан байдлыг нь болиулж сонголт хийх боловсрол олгомоор байгаа юм. Бас нэмэж хэлэхэд орон нутагт болон хороо сумдуудад нам дагасан энэ заваан намын талцалыг нь болиулмаар байна.

Avatar

Хулгайч монгол 2020-05-20 64.119.20.124

За чи битгий хошгируул сарандаваад итгэгч цагаан цааснуудыг ( ман ы хэлсэн үгнээс)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж