Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "амь" оржээ

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д аль хэдийнэ зун цаг иржээ. Нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлээрээ ая тухтай амарч, тухлах цөөн газрын нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс  дараах сурвалжлагыг бэлтгэлээ.


2020.05.19-ны ҮДИЙН 18.00 цаг. Хүрээлэнгийн үүдээр ороход нэг тийм нам жим, дүнсгэр уйтгартай.  Өмнө нь тэнд хүүхэд, хөгшдөө салхилуулсан хүмүүс бужигнаж байдагсан.   Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд олон нийтийн газар явахгүй байхыг хориглож буй ч, урин дулаан цаг ирснээр гадаах хөл хөдөлгөөн ч нэмэгдсэн. Хөл хорионоос хамгийн их залхаж байгаа нь хүүхдүүд. ЭМЯ-наас аль болохоор гэртээ байхыг сануулсаар. Гэвч, хөл хорионд уйдсан хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд болон өндөр настай аав, ээжийгээ агаар салхинд гаргаад явж байгаа цөөн хэдэн хүн харагдав.

Залуус сэмхэн болзож, өөрсдийн унадаг дугуйгаа унаж, хөгшид нарлан, нялхас нойрсоно. Дэлхий нийтийг цар тахлын гамшиг айлгаж буй энэ үед Монголд зун ирдгээрээ ирж, модод ургадгаараа ургаж, монос дэлгэрдгээрээ дэлгэрчээ.

Олзуурхууштай нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваа хүмүүс том, жижиггүй амны хаалтаа зүүсэн харагдав. Хүүхдүүд талбайд ролекоор гулгаж, зарим нь улаа бутартлаа хөөцөлдөж тоглоно. Хөл хорионы үед уйдсан тэд ёстой л шавайгаа ханатал тоглож байсан юм. Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хугацаанд хөл хорио тогтоожээ.

Тодруулбал, машины зогсоол болон ариун цэврийн өрөөнөөс бусад дугуй түрээс болон хоолны газар бүх төрлийн үйлчилгээний газрууд хөл хорио тавигдтал ажиллахгүй аж.

 Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнгийн  хаалгаар ормогц шорлогны үнэр хамарт сэнхийн үнэртэж, энд тэндгүй “Хоёр мянгаар 12 сум шидээд тоглоом аваарай”, “Хүүхдийн тоглоом зарж байна”, “Хөөсөн чихэр аваарай, амттай шүү” гэх дуу хадаж, хажуугаар өнгөрсөн нэгнийг барьж авах нь холгүй авирлах худалдагчид байхгүй болсон нь хамгийн гоё нь байлаа.

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА

Тус цэцэрлэгт хүрээлэнд үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтан Э.Болор-Эрдэнэ“Цэцэрлэгт хүрээлэн үүдээ хааж барьдаггүй учраас иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр ирдэг. Өнгөрсөн дөрвөн өдөр салхи шуургатай байсан учраас хүнгүй хоосон шахуу байсан. Өнөөдрөөс цаг агаар тогтуун болж, хүмүүс ирж байна. Ер нь ажлын өдрүүдэд хүн сийрэг. Амралтын өдөр л олны хөлд дарагдана. Гэхдээ мэдээж, өмнөх жилүүдийг гүйцэхгүй. Бид амны хаалт зүүгээгүй, зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи татсан  иргэдэд шаардлага тавин ажиллаж байна. Шаардлага тавихад иргэд дургүйцэхгүй байна. Зарим нэг тохиолдолд үл тоомсорлон өнгөрөх хүмүүс таарна. Гэхдээ нэгэн үеийг бодвол хүмүүсийн хандлага эерэг болсон” хэмээн онцоллоо.

Дашрамд дурдахад, 2020 онд  хотын хэмжээнд томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засаж сайжруулан шинэчлэх дараах ажлууд хийгдэж буй юм байна. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд 1.8 га газар өөр байгууллагад олгогдсон байсныг өнгөрсөн жил хотын мэдэлд шилжүүлж иж бүрэн спортын талбай, цэцэрлэгт талбайн ажил эхэлсэн. Үндсэндээ дуусах шатандаа яваа аж.
  • Баянзүрх дүүргийн хуучнаар РЦНК  төвийн урд байрлах 2.4 га талбайд тохижилт хийж, ногоон байгууламж бүхий олон нийтийн талбай болгох ажил явагдаж байна.
  • Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо төмөр зам, вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнд мөн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Өмнөх жилүүдэд Авлигатай тэмцэх газарт орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг нийслэлээс цуцалж, цэцэрлэгт талбай болгожээ. Тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд нийтдээ дөрвөн га газарт бүтээн байгуулалт хийгдэж байна.
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богдын цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 57 хувийг хувийн хэвшлийн “Вантрейд” компанийн нэр дээр олгогдсон байсныг нийслэлээс цуцалж, Богдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн бөгөөд барилгын ажил дуусч байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж