ЭЕШ-аас англи, орос, монгол хэлний сонсох даалгавар хасагдсан

Хуучирсан мэдээ: 2020.05.20-нд нийтлэгдсэн

ЭЕШ-аас англи, орос, монгол хэлний сонсох даалгавар хасагдсан

ЭЕШ-аас англи, орос, монгол хэлний сонсох даалгавар хасагдсан

Сурагч насны сүүлийн өдрүүдийн хамгийн чухал мөчүүдийн нэг нь яах аргагүй элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) байдаг. Шалгалтад бүртгүүлсэн өдрөөсөө л эхлэн дан ганц сурагчид ч гэлтгүй эцэг эхчүүд болон багш нарын хувьд дүүрэн хүлээлт, догдлол үүсгэдэг. Энэхүү үйл ажиллагаа энэ жил цар тахал, хөл хорионы улмаас өмнөх жилүүдийнхээс илүү анхаарал татаж байна. Тиймээс бид ЭЕШ-ын зохион байгуулалт болон сэдэв агуулгын талаар Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай уулзаж, ярилцлаа.


-Цар тахал, онцгой дэглэмийн энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтыг яаж авах бол гэсэн хүлээлт сурагчид, эцэг эхчүүдийн дунд байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг хэчнээн шалгуулагч өгөхөөр болсон бэ. Бас шалгалтыг яаж авах бол?

-Энэ жилийн бүртгэл хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явагдсан. Бүртгэл дуусахад 30,900 гаруй хүүхэд бүртгэгдсэн байсан. Энэ 30,900 гаруй хүүхдүүдээс 28 мянга гаруй нь энэ онд ерөнхий боловсрол (ЕБС)-ын сургууль төгсч байгаа бол 2900 гаруй хүүхэд өмнөх оны төгсөгч байна.

ЭЕШ ирэх долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулагдах тов гарсан.

Ирэх зургадугаар сарын 1 гэхэд хүүхдүүд маань өөрсдийн бүртгэлийн дугаараа ашиглаад eec.mn сайтын шалгуулагчийн булангаас суудлын хуваариа эхэлж авна. Энэ суудлын хуваарь дээр коронавирусийн улмаас шинэ мэдээлэл нэмэгдсэн. Тухайлбал, шалгалт өгөх газар, анги танхим, ширээ сандалын дугаараас гадна тухайн шалгалтын байран дээр хэдэн цагт ирэх, шалгалтын байр руу аль хаалгаар нэвтрэх зэргийг зааж өгсөн. Энэ нь хүүхдүүдийг нэг дор олноор бөөгнөрөхөөс сэргийлсэн арга хэмжээ. Шалгалт авах байрууд дор хаяж гурван хаалгатай байна. Хүүхэд бүр суудлын хуваарь дээрх дурдсан цагтаа, заасан хаалгаар орохоор зохицуулалт хийгдсэн.

Шалгуулагчийг гаднаас дотогшоо нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтаж авна.

Эхний зохион байгуулагч нь эмч нараас бүрдэх ба тухайн шалгуулагчийн халууныг үзэх, гарыг нь ариутгах, амны хаалт зүүхийг шаардах, шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийх гэх мэт эрүүл мэндийн чиг үүрэгтэй. Өмнөх онуудад гарч байгаагүй шинэ баг гарч ажиллана гэж ойлгож болно. Харин хоёр дахь зохицуулагч нар нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлсийг илрүүлэх, хураах мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгах үүрэгтэй.

-Шалгалтын сэдэв даалгаварт өөрчлөлт гарсан уу?

-Зөвхөн шалгалт зохион байгуулалтаас гадна шалгалтын сэдэв, даалгаварт коронавирус нөлөөлж өөрчлөлт гарсан. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ хоёрдугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. Хэдийгээр БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Боловсролын хүрээлэн хамтарч ТВ хичээл зааж байгаа боловч агуулгын асуудал бий. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгавар дээр бид сурагчдын 10, 11-р ангийн агуулгыг бүтнээр нь хамруулах, 12-р ангийнх нь судлаагүй агуулгыг хамруулахаас аль болох зайлсхийх тактик боловсруулж, “блюпринт”-ээр иргэддээ хүргэсэн.

Сурагчдад хандаж хэлэхэд 10, 11 болон 12-р ангийнхаа хагас жилийнхээ хичээлийн агуулгыг болон тв хичээлээ дахин нягталж үзээрэй. Бид аль болох сурагчдын судлаагүй хичээлийн агуулгыг шалгалтад оруулахаас зайлсхийж байна

-Шалгуулагчдыг нэг дор олноор нь бөөгнөрүүлж болохгүй. Тэгэхээр шалгалт авах байр нэмэгдэх үү. Өнгөрсөн жил зарим шалгалт авах байруудад ашигласан шууд засалтын шилэн технологийн тоог нэмэх үү?

-2019 онд 30 шалгалтын байран дээр шууд засалтын шилэн технологи нэвтрүүлэн, шалгалтын үр дүнг нь шууд зарлаж танилцуулж байсан бол энэ жил 50 байран дээр шууд засалтын технологио хэрэгжүүлэх байсан ч цар тахлын улмаас багахан өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, нэг анги танхимд хүүхдүүдийн суух ширээ сандлын зайг 1.5-2 м байлгасан тохиолдолд стандарт хэмжээтэй ангид дээд талдаа 12 хүүхэд л суух боломжтой. 12 хүүхэд нэг ангид сууж байхад бидний төлөвлөсөн 50 шалгалтын байр 85 болж өргөжсөн. Энэ жил нийт 85 шалгалтын байр ажиллахаар болж байна. Хөдөө орон нутагт нийт 44, Улаанбаатар хотод 41 байранд шалгалт зохион байгуулна. Иймээс бидний 50 шалгалтын байран дээр байрлуулна гэж төлөвлөж байсан шууд засалтын тоног төхөөрөмж хүрэлцэхгүй болж байгаа юм.

-Хичээл бараг ороогүй болохоор ЭЕШ-ын зарим даалгаврууд хасагдаж байгаа гэсэн. Ямар, ямар даалгавар хасагдаж байна ?

-Энэ жилийн англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгаврууд хасагдаж байгаа. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг анх гуравдугаар сарын 28-нд авахаар төлөвлөж байсан ч цуцлагдаад ахин дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдах байсан ч дахин хөл хорионы үе таарсан учир цуцалсан. Шалгалт авах өдрөө шинээр товлох гэсэн боловч ЭЕШ-тай давхцаж, хүндрэл учруулсан болохоор цуцлахаас өөр аргагүйд хүрсэн. Учир нь монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай учир машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг тул цаг их орох байсан. Гэтэл ЭЕШ долдугаар сарын 5-нд дуусаад их, дээд сургуулиуд 8-наас 9-ний өдрүүдэд элсэлтээ зохион байгуулах урьдчилсан товтой байсан тул цуцлах нь гарцаагүй байсан.

I. ЭЕШ-ын эрх олгох монгол хэл, бичгийн шалгалт байхгүй

II. Англи, ррос, монгол хэлний шалгалтууд дээр сонсоод ойлгох даалгавар байхгүй

III. Суудлын хуваарь дээр нарийвчилсан мэдээлэл нэмсэн

IV. Шалгалтад ирэхдээ зөвхөн хувийн бичиг баримтаа л авчирна. Бусад хэрэглэх харандаа, баллуур, үзэг, үзүүрлэгч гэх мэт зүйлсийг Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ээс бүрэн хангана.

-Шалгуулагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Шалгалтад ирэхдээ дөрвөн төрлийн бичиг баримт заавал бүрдүүлсэн байх хэрэгтэй.

I. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт

II. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

III. Суудлын хуваарь

IV. Бүртгэлийн хуудас

Эдгээр бичиг баримт заавал бүрэн байж л шалгалтад оруулна. БҮТ-ийн зүгээс өдөр бүрийн 11:00 болон 15:00 цагуудад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан лайв хичээлүүд явуулдаг. Тухайлбал, даалгавар тус бүрийн бодолт, гүйцэтгэх аргачлал, тайлбар, зөвлөмжүүдийг хүргэдэг. Мөн тавдугаар сарын 31-нийг хүртэл тв хичээлүүдийг хүргэж байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт нийт бүртгүүлсэн хүүхдүүдийнхээ цахим шууданд БҮТ-өөс гарын авлага, материал, даалгавруудыг үе шаттайгаар явуулж байгаа. Үнэхээр цахим байдлаар мэдээлэл авч чадахгүй байгаа хүүхдүүддээ бид “Элсэгчийн сонин”-оо хэвлээд 7 мянган хувийг үнэгүй тараасан.

-Тэгвэл өмнөх оны шалгуулагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өмнөх оны шалгуулагчдын хувьд жилээс жилд гардаг бэрхшээл нь мэдээлэл дутмаг байдал. ЕБС-ийн сурагчид маань сургууль, багш нараараа дамжуулаад мэдээллээ цаг тухай бүрт нь авдаг бол өмнөх оны төгсөгчид, шалгуулагчид маань арай дутмаг. Гэхдээ бидний хувьд бүхий л төрлийн сонин, хэвлэл, телевизээр шалгалттай холбоотой мэдээлэл байнга хүргэж байгаа. Үүнээс гадна БҮТ-өөс eec.mn гэсэн цахим хуудас нээж, энэ хуудсаараа дамжуулан ЭЕШ-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг хүргэдэг.

Өмнөх оны төгсөгчид, шалгуулагчдын хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол шалгалт өгөх газраа мэдэхгүй, шалгалтын цагаасаа хоцрох явдал.

Одоо зургадугаар сарын 1-нээс суудлын хуваарь гарлаа гэхэд хаана, хэдэн цагт шалгалтаа өгөх вэ гэдгээ сайн тогтоох хэрэгтэй. Тухайн өдрийнхөө замын ачааллыг бас тооцоолох хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн энэ тал дээр сайн оролцоотой байх хэрэгтэй. Хүүхдээ шалгалтаасаа хоцроохгүй байх бүхий л арга хэмжээг авч, мөн сэтгэл зүйг нь тайван байлгах хэрэгтэй. Хүүхдүүд маань ЭЕШ гэхээр аягүй том шалгалт гэж бодоод л сэтгэл санаагаа хямраагаад, өөрийгөө "шок"-нд оруулаад байдаг талтай. Гол нь анхаарлаа төвлөрүүлж, мэддэг чаддаг бүхнээ л гаргах хэрэгтэй.

-Элсэлтийн босго оноог 480 болгосон. Хагас жилийнхээ хичээлийг үзээгүй сурагчдад хэр бодитой босго оноо вэ, арай өндөр биш үү?

-Босго оноог БСШУCЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Монголын их, дээд сургуулиудын консерциумаас тогтоож өгдөг. Энэ босго оноо бол энэ жил шинэчлэгдэн тогтоогдсон оноо биш. Урьд нь байсан. Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноо 410, хөдөө орон нутагт байгаа бүхий л их дээд сургууль, коллежуудын босго оноо 400-гаар тогтоогдож байгаа. Эдгээр босго оноонууд бол тийм ч өндөр биш. Нийт шалгалтад хамрагдсан хүүхдүүдийн 25 хувь нь л энэ босго оноонд хүрэхгүй байх магадлалтай. Харин үлдсэн 75 хувь нь их, дээд сургуульд орох боломж бүрдсэн.

-Хөдөө орон нутгийн сумын хүүхдүүд энэ жил мөн урьдын адил аймгийн төв дээрээ ирж шалгалт өгөх үү? Сум тус бүрт нь шалгалт авах боломж бололцоо бий юу?

-Ер нь манай улсын хувьд аймгийн төв дээр болон Улаанбаатар хотын төв шалгалтын байрууд дээр төвлөрч шалгалт өгөхөөс өөр арга байхгүй. Зарим эцэг эх, иргэдийн дунд онлайнаар шалгалтаа өгч болохгүй юу гэсэн асуудал үүсдэг. Жишээлбэл, энэ жилийн математикийн шалгалтыг 22,800 гаруй хүүхэд өгнө. Гэтэл улсын хэмжээнд 22,800 гаруй өндөр хурдны интернетэд холбогдсон суурин компьютер хэд билээ. Мөн тэдгээр хүүхдүүдийн орчин нөхцлийг нь яаж хянах юм бэ? Энэ мэт асуудлууд байна. Одоогийн байдлаар төвлөрүүлж авахаас өөр арга алга. Гэхдээ энэ жилийн хувьд шалгалтаа төвлөрүүлж авахдаа УОК-ын заавар зөвлөгөөг дагаж, шалгалтаа авна.

Үнэхээр бие нь халуурсан, ханиадтай хүүхэд байвал бид нөөц ангиудыг бэлдсэн байгаа

-Жилээс жилд ЭЕШ-ын хариу, түлхүүр нь задарлаа гэсэн асуудал гардаг. ЭЕШ-ын хариу хугацаанаасаа өмнө задрах боломжтой юу?

-Жил болгон дунджаар 40 гаруй мянган хүүхэд ЭЕШ өгдөг. Тэдний ард анги удирдсан багш, эцэг эх, найз нөхөд, ах дүү, хамаатан садан гээд сонгуулийн дараа орохоор олон хүнийг хамарсан үйл ажиллагаа болдог. Ийм учраас сөрөг мэдээлэл байнга гардаг. Шалгалтын үр дүн хүн бүхэнд таалагдах албагүй. БҮТ-өөс шалгалтын сэдэв, агуулгыг боловсруулахдаа Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийг хэв журам хамгаалах хэлтэстэй болон Тагнуулын ерөнхий газартай хамтран ажилладаг. Шалгалтын сэдэв, материалыг боловсруулахдаа Улаанбаатар хотоос зайдуу гар утас, интернет сүлжээгүй газар очин бүх багш нарын биед үзлэг, нэгжлэг хийж гар утас, ухаалаг хэрэгсэл гээд сүлжээ тогтоох бүхий л зүйлсийг нь хураадаг. Тухайн обьектыг 4-5 цагдаагийн харуул хамгаалалтанд бүрэн камерын дор 24 цаг хамгаалдаг. Ийм учраас шалгалтын сэдэв, хариу задарна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Жилээс жилд л янз бүрийн ашиг сонирхолтой хүмүүсээс болж шалгалтын хариу задарлаа гэдэг. Үүнийг нь далимдуулан иргэдийн өндөр оноо авах гэсэн хүсэл дээр тоглолт хийж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс байна. Энэ асуудал дээр бид Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтран ажиллаж, таслан зогсоодог. Сошиал маш нээлттэй байгаа учир хэн хүссэн нь худал яриа тараадаг. Мөн дээрээс нь ЭЕШ-ыг зогсоож, их дээд сургуулиуд өөрсдөө элсэгчдийг элсүүлэх гэсэн санаа байдаг. Цаана нь сургуулийн эдийн засгийн бодлого байхыг үгүйсгэхгүй.

Хамгийн гол нь ЭЕШ-ын сэдэв, хариу задрах ямар ч боломжгүй.

Бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай тус тус хамтран ажиллаж байна. Шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулдаг хүмүүстэй тусгай, нууцлалын гэрээ байгуулдаг. Мөн тэдгээр хүмүүс багшийн ёс зүйн дүрэм болон нууцын тухай хуульд захирагдана. Тиймээс шалгуулагч маань зөвхөн өөртөө л итгэж, гадуур явдаг шалгалтын түлхүүр, хариу зарна гэсэн заруудаас болгоомжлох хэрэгтэй.

-ЭЕШ өгөх гэж буй шалгуулагчид  шалгалтын онооны талаар мэдээлэл багатай байдаг. Энэ оноог хэрхэн боддог юм бэ?

-Хэмжээст онооны талаар тайлбарлаж хэлнэ гэдэг хэцүү. Маш олон аргачлал, томъёогоор боддог. Хэрвээ шалгуулагчид хэмжээст онооны талаар бүрэн мэдээлэл авахыг хүсвэл БҮТ-ийн help.eec.mn цахим сайт эсвэл eec.mn цахим хуудсанд хандаарай. Хамгийн товчхондоо хэлэхэд хичээл бүрийн улсын дундаж гүйцэтгэл гардаг. Математикийн хичээлийн дундаж 30-35 хувьтай гардаг бол монгол хэлний улсын дундаж 50-52 хувьтай гардаг. Энэ улсын дундаж гүйцэтгэл нь хэмжээст оноонд шилжихэд ойролцоогоор 500 хүрдэг. Шалгуулагчдын дунд нэг ойлгодоггүй зүйл нь “Би математик дээр 32 аваад 500 оноо авсан байхад монгол хэл дээр яагаад 52 аваад 500 оноотой байгаа юм бэ?” гэдэг. Хичээл бүрийн дундаж оноо харилцан адилгүй.

-Сүүлийн жилүүдэд ЭЕШ-ыг зогсоож, өөр арга замаар их, дээд сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулна гэсэн яриа их гарлаа. ЭЕШ цаашдаа үргэлжлэх үү?

-Солонгос, ОХУ, Казахстан, Хятад гээд дэлхийн томоохон улсууд элсэлтийн ерөнхий шалгалт юм уу, эсвэл энэ төрлийн шалгалт авдаг. Хэрвээ хуучин шигээ их, дээд сургууль болгон өөрсдийн гэсэн шалгалтаа авдаг болъё гэвэл хүүхдүүдэд жинхэнэ дарамт үүснэ. Жишээлбэл, би МУБИС дээр математикийн шалгалт өгөөд, дараа нь ШУТИС очиж дахиж математикийн шалгалтаа өгөөд, МУИС дээр очиж дахиж нөгөө л математикаа өгөөд байвал юу болох вэ? Үүнээс гадна хүүхдүүдийн шалгалтын цаг давхцвал бас л асуудал. Энэ мэтчилэн хүндрэлтэй асуудлууд бий болно. Харин бид жилээс жилд ЭЕШ-ын явагдах зарчмыг илүү боловсронгуй, техник технологитой уялдуулж байна. Шууд засах шилэн технологи нэвтрүүллээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүд аймгийн төв дээрээ ирж шалгалтаа өгөөд л буцаж хариад хэд хоногийн дараа дахиад эргэн аймгийн төв дээрээ ирж элсэлтэндээ хамрагдах шаардлагагүй болсон.

Одоо бол шалгалтын дүн нь тэр дороо гараад л маргааш нь их сургуулийнхаа хуваарийг авах боломжтой.

Цаашдаа ЭЕШ-ын технологийг л сайжруулж, улам боловсронгуй болгоно. Түүнээс ЭЕШ-ыг авахаа болихгүй.

-Эцэг эхчүүд, иргэдийн дунд шууд арван жилийнх нь дүнгээр их сургуульд элсүүлдэг болъё гэсэн санал гаргадаг, ийм боложмтой юу?

-Боломжгүй, багш бүрийн үнэлгээний арга, хэлбэр, туршлага өөр өөр. Жишээлбэл, аль нэг сургууль дээр монгол хэлний хичээл дээрээ үзүүлж буй сурагчийн хичээл зүтгэл, идэвхи нь өөр сургуулийн сурагчийг бодвол хамаагүй илүү ч гэсэн адил дүн аваад байвал хэцүү. Энэ бол үнэлгээний үнэ цэнийг алдагдуулсан, сөрөг муу үйлдэл. Хэзээ ч ийм байж болохгүй. Магадгүй багш, эцэг эх, хүүхэд гурвын харилцаанд сэв суухыг үгүйсгэхгүй. Багшийн үнэлэмжийг ч унагаасан үйлдэл болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж