Зам тээврийн яамны газрын дарга нарын маргаанаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг гараад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгт холбогдсон Б.Махбалын шүүх хурал 11 удаа хойшилсон байдаг. Өнгөрсөн долоо хоногт Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнд 13 жилийн хорих ял оноосон юм. Харин Б.Махбалын өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйл ангийг өөрчлөх, ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэсэн тайлбар хэвлэлд өгсөн юм. Бид энэ удаагийн VS булангаараа Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр болон түүний өмгөөлөгчийн эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
Б.Махбалд холбогдох хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм.
Шүүхийн шийдвэр
-Б.Махбалд нийслэлийн прокурорын газраас 18 жилийн ял оноох дүгнэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл. Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.
Б.Ганболд:
Б.Махбалын өмгөөлөгч
-Сурсан мэдсэн ном, хууль зүй, онол, практикийн дунджаар хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ёстой. Ядаж л шүүхийн шийдвэр биелэгддэг баймаар байна. Миний үйлчлүүлэгчийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан эсэхийг, хохирогч ямар гэмт хэрэг үйлдсэнийг, түүний улмаас хэн хэн хэрхэн яаж хохирсныг, хохирол төлбөр, гомдол саналаа яахыг нь нэг талд нь багтаах л ёстой. Улс төр болон бусад хувийн амбицаас хол, мэдлэгт тулгуурласан, үнэнд дөхөм, хэрэглээ нь зөв шүүх, хуультай болно гэдэгт итгэж л явна. Хэдийгээр хүний амь нас бусниулсан ч миний үйлчлүүлэгч ч гэсэн хүн. Хүн болохынхоо хувьд эдлэх эрхтэй байх нь дамжиггүй. Энэ эрхийг нь эдлүүлэх, зөрчигдөхөөс нь урьдчилан сэргийлж, хуулиар өмгөөлөгч авах эрхийг хүн бүрт адил тэгш олгосон байдаг. Тиймээс хүний эрхийн манаанд хуульчийн үүргийн хувиар баттай зогсох нь өмгөөлөгч хүний ариун үүрэг гэдгийг эцэст нь онцлон хэлье.
Холбоотой мэдээ