Саудын Арабын түүхэнд эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгч, нэр дэвшсэн анхны сонгууль болов. Орон нутгийн сонгуулиар тус улсын хамгийн том хотоос Исламын ариун газартай ойрхон жижиг суурин хүртэлх өнцөг булан бүрээс нэр дэвшигч 20 эмэгтэй сонгогджээ.
Сонгогдсон эмэгтэйчүүд орон нутгийн удирдлагын 2100 орчим суудлын зөвхөн нэг хувийг эзэлж буй авч сонгуульд нэр дэвших байтугай санал өгөх эрхгүй байсныг бодвол энэ нь том амжилт юм. Саудын Арабд эмэгтэйчүүд одоо ч жолоо барих эрхгүй хэвээр байгаа бөгөөд гэрлэх, аялах, дээд боловсрол эзэмших, тэр бүү хэл банкинд данс нээх зэрэгт асран хамгаалагчийн бичигдээгүй хатуу хуулийн дагуу гэрийн эзэн, эрэгтэй хүнээс зөвшөөрөл авах ёстой. Эмэгтэй хүн жолоо барихыг хориглосон хоригийг цуцлах тухай санал гарсан ч маргаантай хэвээр байгаа юм. Гэр бүл дэх олон асуудал зөвхөн гэрийн эзэн, эрэгтэй хүний үгээр шийдэгддэг асран хамгаалагчийн систем нь лалын шашинт Суннитуудын хатуу дэг жаягтай холбоотой.
Саудын Арабын вангийн зөвшөөрлөөр орон нутгийн удирдлагад нэмж 1050 суудалд гишүүн томилдог боловч эмэгтэй гишүүдэд ямар ч квот олгодоггүй ажээ.
Орон нутгийн сонгууль нь Саудын Арабын цорын ганц сонгууль бөгөөд энэ удаа 7,000 нэр дэвшигч дэвшсэний 979 нь эмэгтэйчүүд байсан гэнэ. Саудын Арабд өмнө нь орон нутгийн сонгуулийг 2005, 2011 онд явуулж байсан боловч эмэгтэйчүүд оролцох эрхгүй байсан юм. Сонгуульд анх удаа нэр дэвшсэн эмэгтэйчүүд ажил хийдэг эхчүүдэд зориулж хүүхдийн өдөр өнжүүлэхийн ажлын цагийг уртасгах, хүүхэд залуучуудад зориулсан урлаг спортын төвүүдийг байгуулах, зам засварыг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэж амлажээ.
Өнгөрсөн аравдугаар сард зам муугаас болж алс бөглүү сууринд амьдардаг эмэгтэй эмнэлэгт хүрч чадалгүй замдаа машинд хүүхдээ төрүүлсэн тухай мэдээ Саудын нэгэн сонинд нийтлэгдсэн нь олон нийтийн дунд асар их шүүмжлэл дагуулсан билээ. Саудын Арабд орон нутгийн удирдлага хууль тогтоох эрх мэдэлгүй боловч эрх баригчдад зөвлөж, орон нутгийн төсвийг батлахад эрх баригчдад тусалдаг.
Саудын нийгэмд эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил эрх эдлэхийг хориглосон байдаг тул нэр дэвшигч эмэгтэйчүүд нийгмийн сүлжээг ашиглан сонгогчдод үгээ хэлж байжээ. Өөрөөр хэлбэл Саудын эмэгтэйчүүдэд эсрэг хүйсийнхээ сонгогчидтой шууд харилцах эрх байхгүй юм. Үүссэн нөхцөл байдлын үүднээс тус улсын Сонгуулийн хороо нь уламжлалт заншил ёсоор гивлүүр заавал зүүх ёстой эмэгтэй нэр дэвшигчдэд тэгш хандахын тулд эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчдийг сурталчилгааны самбар, хуудсан дээр зургаа гаргах, цахим ертөнцөд тараах, болон телевизээр сурталчилгаа хийхийг хориглосон байна.
Саудын орон нутгийн сонгуульд оролцохоор 1.35 сая эрэгтэй сонгогч бүртгүүлж, 600,000 нь санал өгсөн бол 130,000 эмэгтэй сонгогч бүртгүүлснээс 106,000 санал өгчээ. Бямба гаригийн орон нутгийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 47 хувь нь оролцжээ. Хүний эрхийн байгууллагын шаардлагын улмаас Саудын эрх баригчид эмэгтэйчүүдийг санал өгөх эрх олгох тухай 2005 оноос эхлэн ярьж эхэлсэн юм. Саудын Арабын ван Абдулла агсан 2011 онд эмэгтэйчүүдийг сонгуульд санал өгөх, нэр дэвшихийг зөвшөөрч, 2015 оноос хүчин төгөлдөр болгох зарлиг гаргасан байдаг. Саудын Арабд 2004 онд 23,000 байсан эмэгтэй ажилчдын тоо 2015 онд 400,000 болтлоо өссөн тоо гарсан юм. Саудын Араб нь хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн бага орон юм.
Н.ЭНХ