Хуульд заасан хугацаанд намууд нэр дэвшигчдээ тодруулснаар дөрвөн жилд нэг удаа тохиодог улстөрчдийн “Валетины баяр” эхэлжээ. Эх орон, ард түмэн, нутаг орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлсэн улстөрчдийн шударга түшээ, цэвэр хүн, жудагтай монгол гэх “гялгар” зурагтай спонсоруудаар олон нийтийн сүлжээ дүүрэв. Ёстой л “Галзуу Бумаа та хоёр хэзээ ах дүү болчихов” гэмээр.
Зургадугаар сарын 24 буюу ердөө сар гаруйхны дараа болох УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, бас цөөнгүй тооны/хэдийгээр 208 бие даагч нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн ч 121 хүний мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй гэх хуулийн үндэслэлээр хасагдсан/нэр дэвшигч өрсөлдөнө. Нэг тойрогт дор хаяж арваад хүн нэр дэвшиж байна. Зарим дүүрэгт сонгомоор нэрс нь олдож, зарим дүүрэгт дугуйлах хүн алга гэлцэнэ. Мэдээж, жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг ёстой.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18 нас хүрсэн бол сонгогдох эрхтэй ч эсрэгээрээ бусдын сонгох эрхэнд халдаж буй нам, нэр дэвшигч бас олон байна. Намуудын “муудсан хоол”-ыг идэж дур тавьдаг нь сонгогчид биш л дээ. Гэвч, улс төрийн намууд иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж буй нь сонгогчийн буруу. Улс төрийн намуудад сонгогчийн хүсэл эрмэлзэл, сонгох эрх түй ч хамаагүй, олон суудал авч, засгийн эрхэнд гарах ганцхан зорилго байдаг. Увсчуудыг АН-аас эсвэл МАН-аас хэн төлөөлөх нь чухал биш, Увсаас хэн ялж чадах нь улс төрийн намуудад чухал. С.Жавхлан ардчилалд хайртай учраас биш Ардчилсан намд С.Жавхлан хэрэгтэй болохоор эгнээндээ элсүүлсэн хэрэг.
Тэгэхээр энэ удаад сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, хариуцлагатай хандах, хэрсүүжих хэрэгтэй байна. Саналаа худалддаг, биеэ үнэлдэг, залхуураад сонгууль өгдөггүй сонгогч олон. Үндсэндээ, нэр дэвшигчдээ голж суух биш иргэний үүргээ биелүүлж, сонгуульд хариуцлагатай идэвхтэй оролцохгүй бол дараа нь хохь чинь болно.
Монголчуудын дийлэнх нь УИХ-ын гишүүдийг тойрогтоо байшин барьдаг, зам тавьдаг, хогны машин өгдөг хүн гэж ойлгодог. Жалга довны аар, саар зовлонг нэр дэвшигчдээ тоочиж, гуйдаг. Эх орон, ард түмэн гэх хоосон үгэнд нулимс унагадаг, уярдаг. Ийм гэнэн сонгогчид олон болохоор ямар сайндаа, дөрвөн жилийн хийсэн ажлынхаа тайланд “төчнөөн хүнийг амралт газар амраасан, тэдэн хүүхдэд бэлэг өгсөн” гээд доромжлоод сууж байх билээ. Зүй нь, УИХ-ын гишүүн ийм, хууль батлалцаж, эрх зүйн ийм том өөрчлөлт хийсэн гэж тайлагнах ёстой юм. Парламентын гишүүний үүрэг ард иргэдийн амьдрах, амьд явах, сурах боловсрох, хөгжих, хөлжих, өмчтэй байх, үгээ хэлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамгаалах. Түүнээс хэн нэгнийг үсчний дамжаанд үнэгүй явуулж, тогоочийн курст сургаж, хумс будуулж сургах албагүй.
“Зориг сан”-гаас явуулсан судалгаанд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь нь сонгуульд хамрагджээ. Үлдсэн 30 хувь нь “завгүй”, 20 хувь нь хэнд саналаа өгөхөө мэдэхгүй, хэн ч ялсан ялгаагүй, сонгох нэр дэвшигч байгаагүй гэх шалтгаанаар иргэний үүргээ биелүүлэхээс татгалзаж. Дөрвөн жилд нэг удаа оногддог төр барих эрхээ эдлэж, иргэний үүргээ биелүүлээгүй учраас горыг нь сонгогчид өөрсдөө үүрдэг, нэр дэвшигчид биш. Харин улс төрийн намууд, улстөрчид хождогийн нэг жишээ бол ЖДҮ байна. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог хэсэг 60-аас дээш насныхан. Тийм ч учраас Засгийн газар энэ онд 228 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн.
Сонгуульд оролцсон залуусын 17 хувь нь намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаагүй гэжээ. Намуудын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчтэйгээ танилцалгүй саналаа өгөх нь харанхуйд “бингодож” байгаатай адил. Сонгуульдаа оролцдоггүй, саналаа өгдөггүй, биеэ үнэлдэг сонгогчоос болж муу улстөрч сонгогддог. Муу улстөрчдөөс болж улсаараа хямардаг, эдийн засгаараа хохирдог.
2016 онд нэг мандаттай буюу 76 жижиг тойргоос нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлж байсан бол энэ жил 29 тойргоос 76 хүнийг сонгоно. Нэг тойрогт өрсөлдөж буй арав гаруй хүнээс 2-3 хүн дугуйлна. Томсгосон тойрог дээр өрсөлдөөн ширүүн, цар тахал гээд зарим нэг нь танигдаж чадахгүй ч байж мэднэ. Гэхдээ “таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр” гэж хандвал Ц.Нямдорж шиг өвөө нар тэтгэвэртээ мөд гарахгүйд хүрнэ.
Энэ жилийн хувьд тойрогтоо нэр дэвшигчийг дутуу дугуйлж болохгүй. Тэгвэл саналын хуудас чинь хүчингүй болно. Гурван мандаттай тойрог дээр заавал гурван хүний нэр дугуйлна. Хүсээгүй тулгалт л даа, гэхдээ муугийн муугаас арай дээр нь байгаа байх. Тэгээд ч сонгогчдод нэр дэвшигчийнхээ талаар сайн муу мэдээлэл авах хангалттай боломж бий. Сонгогчид өөрсдийгөө өөрчлөхгүйгээр нэр дэвшигчид өөрчлөгдөхгүй. Нэр дэвшигчид өөрчлөгдөхгүйгээр улс орон өөрчлөгдөхгүй. Нэр дэвшигчийг өөрчилж байна гээд нэг популистыг нөгөө популистаар солихын нэр биш. УИХ цэцэрлэг барьдаг биш хууль баталдаг байгуулага гэж харж байж сонголтоо хийх цаг болжээ. Иргэд өөрсдөө ЮУ ТАРИНА, тэгээд ТҮҮНИЙГЭЭ ДӨРВӨН ЖИЛ ХУРААНА.
Холбоотой мэдээ