УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Бүлгээс Засгийн газарт Улаанбаатар хотод мах хямд үнэтэй, хөдөөд зах зээлийн үнэтэй ойролцоо байх хуулийн төслийг боловсруулж УИХ-д оруулж ирэх үүргийг өгсөн байна.
Ирэх онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж холбогдох хуульд өөрчлөлт оруулж, сонгогчдын саналыг автоматмашинаас гадна гараар баталгаажуулан тоолохыг МАН шаардсан. Бүлэг энэ асуудлыг хэлэлцээд “МАН-ын шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэж үзжээ. Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлаар завсарлага авч улс төр хийсэн. Сонгуулийн хуульд гараар тоолох заалт нэмж оруулж, өмнө нь 2008 онд хэрэглэгдэж байсан буруу зуршлыг нэвтрүүлэх гээд байна. Мөн хэсгийн хороодод нам, эвслийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна. Тийм учраас бид УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй” гэж үзсэн хэмээн хэллээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Бүлэгт Ерөнхий сайд мэдээлэл хийж, энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудал яригдсан уу. Бүлгийн гишүүд ямар байр суурь барьж байгаа вэ?
-Шадар сайдаар хэнийг нэр дэвшүүлэх нь цэвэр Монгол Улсын Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд олгогдсон асуудал. Бүлгийн хурлаар яригдаагүй, Ерөнхий сайд шийдвэрээ гаргаад явах ёстой.
-Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоочихлоо. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг Шударга ёс эвсэлтэй хамтран хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. Хэзээ төслөө өргөн барих бол. Ер нь хуулийн төсөл санаачлаад асуудлыг шийдэж чадах юм уу?
-Нэгэнтээ Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарчихсан байхад хойноос тийм ийм гэж ярих нь зохимжгүй. Үндсэн хуулийнхаа хүрээнд ямархуу боломж байна гэдгийг харж байна. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулж байгаа.
Гарсан шийдвэр маань ард түмний амьдралд хэр нөлөөлж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Цэц УИХ-ын гаргасан дараагийн шийдвэрийг эцсийн суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ. Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн юм биш, ер нь амьдрал ийм байна, та бүхэн судалж үзээч ээ гэдэг үүднээс тайлбар хийж болох юм.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд яаж заасан тэр дагуу өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад явах эрхтэй. Ардчилсан нам ард түмнийхээ эрх ашгийг хохироохгүй, иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр боловсруулаад ажиллана. Ер нь энэ үүссэн нөхцөл байдал нь Үндсэн хуулийн өөрчлөлт маш чухал тулгамдсан асуудал болоод байна гэдгийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт харуулж байгаа.
Г.ДАРЬ