Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн ажлын хэсэг 2020 оны тавдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус уулзалтын дараа Covid-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бий болоод байгаа хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх ОУВС-гийн Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцжээ. Улмаар төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-ийн ажлын хэсгийн түвшний хэлэлцээрт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлэв.
Ирэх сарын эхээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд хамруулах дээрх хүсэлтийг баталснаар бусад донор орнуудтай хамтран Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлэх юм байна.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэсэн мэдэгдэлдээ ноён Готтлийб “Өнөөг хүртэл Монгол Улс вирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж байна. Хэдий тийм ч экспортын орлогын бууралт болон цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь эдийн засагт томоохон сорилт болж байна. “Монгол Улсад ОУВС-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй, 2020 оны тавдугаар сарын 23-нд эцэслэх хөтөлбөрийн хүрээнд улсын өрийг бууруулах, нөөц хуримтлуулах зэрэг чиглэлээр эдийн засгийн дархлааг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарлаа.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрсдэлээс хамгаалах бодлогыг бий болгосны үр дүнд эрх баригчдын зүгээс тахлын эсрэг тэмцэх яаралтай арга хэмжээг авах чадамжийг бүрдүүлжээ.
“Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөр ч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм.
“Харин вирусийн тархалт багассаны дараа дотоодын өрийг бууруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, банкны өөрийн хөрөнгийг өсгөх чиглэлд арга хэмжээ авахыг зөвлөж байна. Ялангуяа, эрх баригчдын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үргэлжлэл болгон банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй санал нэгдсэн" гэжээ.
Холбоотой мэдээ