Эмнэлгийн дарга төсвийн мөнгө завшсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн дарга төсвийн мөнгө завшсан уу?

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар өнгөрсөн баасан гаригт Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая нийт 71.5 сая төгрөгийг үйлдвэрчний эвлэлийн хорооныхоо данс руу оруулан завшиж байсан. Энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон салбарын яамд нь МЭМАҮЭХ-ноос албан шаардлага хүргүүлсэн гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл өнөөдөр тус Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийнхэн дээрх мэдээллийг үгүйсгэж мэдээлэл хийлээ. Тэд Б.Мягмар даргыг баримтгүй мэдээлэл цацаж, Ш.Хажидмаа дарга болон тус Эрүүл мэндийн төвийн нэр төрд халдсан. Ингэж МЭМАҮЭХ-ноос гүтгэх болсон цаад шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн СХД-ийн ЭМТ-ийн ажилчдаас үйлдвэрчний эвлэлийн татвар авахаа больсон явдал гэж тайлбарлалаа.

Мөн Б.Мягмар дарга Эрүүл мэндийн төвийн 60 жилийн ойд зориулан хандив нэрээр ажилчдын цалингаас нийт 24 сая төгрөгийг бэлэн бусаар суутган үйлдвэрчний эвлэлийн нэр дээр шилжүүлэн, ойн үйл ажиллагаанд зарцуулсан гэж буруутгасан. Энэ нь бодит амьдрал дээр байгууллагын ахмадуудын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу ажилтан бүр нэгээс гурван өдрийн цалингаа хандивласан. Үүнийгээ үйлдвэрчний эвлэлийн дансанд байршуулан баярын хурал, концертын төлбөрт зарцуулсан гэж СХД-ийн ЭМТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Гэрэлт-Од ярилаа.

Ийнхүү СХД-ийн ЭМТ-ийн үйлдвэрчний эвлэлийн холбоо баримтгүйгээр эмнэлгийн даргыг нь гүтгэсэн гэж Б.Мягмар даргыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Харин МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар “Ш.Хажидмаа даргын хууль бус үйлдлийг баримтаар баталгаажуулж, хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн. Удахгүй үнэн зөв нь ил болно. Мөн жилд 10 сая төгрөгийг тус ЭМТ-өөс МЭМАҮЭХ-нд төлдөг гэдэг нь худал. Хууль, журмаараа жилд 4.7 сая төгрөгийн хураамж төлдөг. Түүнийгээ эргүүлээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хяналт дор үйл ажиллагаа, олон улсын төсөл хөтөлбөртөө зарцуулдаг” гэлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж