Саудын Арабт амралтын өдрөөр болсон сонгуульд хот, орон нутгийн зөвлөлд 20 эмэгтэй нэр дэвшигч сонгогджээ. Хот, орон нутгийн зөвлөлийн 2100 суудлын төлөө 5938 эрэгтэй, 979 эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн байна. Энэ нь Саудын Арабт анх удаа эмэгтэйчүүд сонгуульд оролцсон түүхэн үйл явдал боллоо. Эмэгтэйчүүд Саудын Арабын хамгийн том хот болон исламын шашны ариун газруудын орон нутгийн зөвлөлд сонгогдож чадсан байна.
Эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг ч хориглодог Саудын Арабт эмэгтэй хүн анх удаа сонгуульд нэр дэвшиж, саналаа өгсөн байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 130 мянга орчим эмэгтэй бичигдсэнээс 80 хувь нь сонгуульд саналаа өгч оролцсон аж. Саудын Арабт нийт 1.35 сая хүн сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн байв.
Исламын шашны хатуу дэг жаягтай Саудын Арабт сонгууль явуулах нь өөрөө ховор үзэгдэл аж. Саудын Арабт 1965-2005 оныг хүртэлх 40 жилийн хугацаанд нэг ч удаа сонгууль явагдаагүй түүх бий. Саудын Арабын таалал төгссөн хаан Абдулла эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгсөн гавьяатай нэгэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS