Цар тахлаас үүсэх хямрал Z үеийнхэнд хамгийн хүнд тусна

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Цар тахлаас үүсэх хямрал Z үеийнхэнд хамгийн хүнд тусна

Цар тахлаас үүсэх хямрал Z үеийнхэнд хамгийн хүнд тусна

Лондонд амьдардаг 17 настай Уйлл Муррел энэ жил коллежоо төгсөхөөр бэлдэж байжээ. Мөн сурахынхаа хажуугаар дэлгүүр эсвэл ресторанд цагийн ажил хийж халаасны мөнгө олохоор төлөвлөж байв. Гэтэл цар тахал дэгдэж, одоо Уйлл гэртээ эцэг эхтэйгээ хамт хөл хорионд байна. Коллежийнх нь шалгалт цуцлагдаж, бусад төлөвлөгөө нь ч нуран унажээ.

Уйлл бол 1997 оноос хойш төрсөн Z үеийнхний нэг. Тэдний үеийн “томчууд” өдгөө сургуулиа төгсөж, цар тахалд цохигдсон зах зээлд оролцож эхэлж байна.

Коронавирусийн цар тахал эрүүл мэндийн хувьд хөгшчүүдийг хамгийн их зовоож байгаа ч санхүүгийн хувьд Z үеийнхнийг зовоож байга ажээ. Пью судалгааны төв болон Ресолюшн сангийн үзэж буйгаар Z үеийнхэн ихэвчлэн цар тахлаас болоод үйл ажиллагаа нь бүрэн зогссон салбаруудад ажиллацгааж байсан аж.

Түүгээр зогсохгүй эдгээр залуусын ирээдүй ч тун бүрхэг байгаа бололтой. Ресолюшн сангийн дүгнэлтээс үзвэл цар тахлаас үүдэлтэй ажлын сул зогсолт залуусын санхүүгийн амьдралд урт хугацаанд хүндрэл учруулах бололтой.

Дэлхий 1930 оноос хойш хамгийн хүнд эдийн засгийн хямралынхаа эхний шатанд явж байна. Их Британид л гэхэд эдийн засаг нь 14 хувиар хумигдаж, ажилгүйдэл 9 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Ажилгүйдэл дөнгөж сургуулиа төгссөн залууст хамгийн хүндээр нөлөөлөх аж. Эрүүл мэнд, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт шинээр ажилд орохоор хайж буй залууст цар тахал болон түүнийг зогсоохын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс болоод маш цөөхөн ажлын байр олдох гэнэ.

Их Британид 18-24 насныхны дунд ажилгүйдэл 2019 онд 10.5 хувь байсан бол энэ жил 27 хувьд хүрч байна. Энэ нь нийт 640 мянга гаруй залуус шинээр ажилгүйчүүдийн эгнээнд орсон гэсэн үг юм.

ЗАЛУУСЫН ХЯМРАЛ

Хямрал зөвхөн өнөөдөр хүндрэл учруулаад зогсохгүй ирээдүйд ч арилахгүй сорви үлдээх бололтой. Ажилгүйдэл ихэссэний уршгаар ирэх гурван жилийн хугацаанд шинээр сургууль төгссөн залуус ажилд орох магадлал 13 хувиар буурсан байх аж. Тэр дундаа дундаж түвшний боловсрол эзэмшсэн залуусын ажилд орох магадлал 27 хувь, бага чадвартай залуусын ажилд орох магадлал 37 хувиар багсах аж.

Энэ үзэгдэл АНУ-ын 24-өөс доош насныханд ч ижил байдлаар тохиолдож буй хэмээн Пью судалгааны төвийн ахлах судлаач Ричард Фрай баталжээ.

Хөл хорио АНУ-д ажилгүйдлийг огцом өсгөж, дөрөвдүгээр сард л гэхэд 20.5 сая ажлын байрыг үгүй хийсэн байна. Энэ нь АНУ-д 1939 оноос хойш тохиолдож буй хамгийн том хямрал гэнэ. АНУ-ын хөдөлмөрийн товчооны статистикаас үзэхэд дөрөвдүгээр сард ажилгүйдэл эрс нэмэгдсэн нь тодорхой харагдах аж. Ялангуяа 16-19 насныхны дунд ажилгүйдэл 31.9 хувь нэмэгдсэн байна. Харин насанд хүрсэн эрчүүдийн дунд ажилгүйдэл 13 хувь, эмэгтэйчүүдийн дунд 15.5 хувь өссөн гэнэ.

Хөл хорионы уршгаар худалдаа, ресторан, зочид буудал, хүүхэд асрах үйлчилгээний салбарууд хамгийн их эрсдэлд ороод байгаа бөгөөд энэ салбарт ажилладаг залуучуудын 24 хувь нь ажилгүй болох өндөр эрсдэлтэй байна гэж Пью судалгааны төв мэдээлжээ.

Гэхдээ Фрайн хэлснээр энэ бүх сөрөг мэдээллийг үл хамааран өөдрөг байх нэг шалтгаан Z үеийнхэнд бий гэнэ. Учир нь энэ үеийн залуус арай ахмад миллениал үеийнхнээс илүү хурдан сэргэх боломжтой аж. Тэрбээр “Амьдралаа босгох тал дээр залуу үеийнхэнд илүү их цаг хугацаа бий” хэмээжээ.

Харин Ресолюшн сангийн судлаачид энэ хямралын үед зах зээлд орж байгаа залуус хэдэн жилдээ хямралаас гарч, бие дааж чадахгүй хэмээн үзэж байна. Тэд “2008 оны хямралын үеэр сургуулиа төгссөн залуус түүнээс хойш төгссөн залуусаас ажилд орох нь бага байсан. Мөн дээд боловсрол эзэмшээгүй залууст 2008 оны хямрал маш удаан хугацаанд нөлөөлж байсан” хэмээн дурссан байна. Мөн Фрай тухайн үеийн залуу насанд хүрэгчид ихэвчлэн эцэг эхтэйгээ үргэлжлүүлэн хамт амьдрах, эцэг эхийнх рүүгээ буцаад нүүх замыг сонгож байсан гэдгийг онцлоод “2008 оны хямралын үеэр миллениалчууд эцэг эхтэйгээ хамт амьдрах аргаар хямралыг давсан. Өдгөө харин Z үеийнхэн үүнийг давтаж магадгүй ч нэгэнт том болцгоосон миллениалчууд дахин эцэг эхийндээ очих аргагүй болжээ. Магадгүй ихэнх миллениалчууд өөрсдийн гэсэн гэр бүл зохиосон байх” хэмээн ярьжээ.

МИЛЛЕНИАЛЧУУДЫН ХОЁР ДАХЬ ХЯМРАЛ

Өнөөгийн санхүүгийн хямрал Z үеийнхний боловсрол, ажил эрхлэлтэд том хохирол учруулахын хажуугаар миллениал үеийнхэнд ч хүндээр нөлөөлж байна. Миллениал буюу 1981-1996 оны хүүхдүүд 2008 оны хямралд цохигдож, түүнээс хойш сэргэх гэж их удсан билээ.

2014 онд өрх толгойлсон миллениал эрчүүд 1978 оны бүүмер өрхийн тэргүүнүүдээс 10 хувиар бага орлоготой байгааг судалгаа харуулдаг. Харин миллениал эмэгтэйчүүд бүүмер үетэй харьцуулахад арай илүү орлоготой ч 1998 оны X үеийн эмэгтэйчүүдээс 3 хувь бага орлоготой байжээ.

Өдгөө Х үеийнхэн 39-54 настай бол бүүмер үеийнхэн 55-73 нас хүрчээ.

Түүнээс гадна миллениалчууд өмнөх үеийнхэнтэй харьцуулахад маш бага хадгаламжтай гэнэ. 2014-2016 оны хооронд 22-29 настай англичуудын 52 хувь нь ирээдүйдээ зарцуулахаар хадгалсан ямар ч мөнгөгүй байсан гэнэ. Харин АНУ-д мөн насны залуусын 27 хувь нь ямар ч хадгаламжгүй байсан бол 24-41 насныхны 25 хувь нь дор хаяж 100 мянган ам.долларын хадгаламжтай гэнэ.

Мэргэжилтнүүд Засгийн газрын зүгээс залуу үеийнхэнд хамгийн их туслах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. Их Британид залуу хүмүүс өөрсдийн гэсэн гэр оронтой байх нь эрс багассан аж. Тухайлбал 30-40 насныхан түрээсийн байранд амьдрах нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Судлаачдын үзэж байгаагаар 2008 оны хямралд өртсөн миллениалчууд өдгөө гэр оронтой болох, гэрлэх, хүүхэдтэй болох нь цөөрч, “насанд хүрэх” нь хойшилсон гэнэ. Харин бүүмер үеийнхэн аль ч улсын хамгийн баян хүмүүс болж үлдсэн бөгөөд өнөөдрийн хямралаас харахад энэ нь цаашид ч хэвээр үлдэх бололтой.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж