Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамны гадна жагсаж байна. Багш нар өөрсдөө уриалга гарган өнөөдөр /2020.05.19/ цугларсан гэдгийг хэлж байв. Улаанбаатар хотын хэмжээнд 540 орчим хувийн цэцэрлэг бүртгэлтэй байдаг. Эдгээр цэцэрлэгт 5500 орчим багш, ажилтан ажилладаг гэх судалгаа бий. Нийт багш, ажилчдын 97 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг аж.
“ИРЭХ НАМАР 40 ГАРУЙ МЯНГАН ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БОЛОХ ВИЙ”
“Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулаагүй учраас төрөөс санхүүжилт өгөх боломжгүй. Дээрээс нь эхний гурван сар хууль зөрчиж цалин авсан байна гэдэг албан бичиг ирүүлсэн. Тэрийг буцаан татан төвлөрүүлэх ёстой гэсэн. Улсын сургууль, цэцэрлэгтэй барьцаагүй ч улсын хэмжээнд бүх боловсролын байгууллага үйл ажиллагаагаа цахимаар явуулсан. Гэтэл улсын сургууль, цэцэрлэг хууль зөрчөөгүй, хувийн хэвшлийнхэн хууль зөрчсөн гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Холбогдох маш олон хуулийг зөрчсөн. Ер нь салбар яаманд хувийн хэвшлээ дэмжихийг хүссэн маш олон хүсэлтийг өгч байсан. Энэ шийдвэр тавдугаар сарын 8-нд гарсантай холбоотойгоор багш нарын цалинг битгий хасаач гэдэг албан шаардлагыг дөрөв хоногийн өмнө өгсөн. Өнөөдөр албан шаардлагынхаа хариуг авахаар ирээд байна.
Цэцэрлэгт хамрагдаж буй нэг хүүхдэд ногдох цэцэрлэгийн хувьсах зардал сарын 80 орчим мянган төгрөг байдаг. Хувийн цэцэрлэгүүдийн хэд хэдэн холбоод байдаг. Эдгээр холбооны зүгээс нааштай шийдвэр гаргатал тэмцэнэ. Хэрвээ энэ байдлаараа ирэх намартай золговол 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй цоожтой хаалганы цаана үлдэнэ. Хувийн цэцэрлэгийн багш нар дөрөвдүгээр сар хүртэл гар дээрээ цалингаа авсан. Одоо тавдугаар сараас эхлэн цалин, амралтын мөнгөө авч чадахгүй бухимдаад зогсч байна” хэмээн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнх-Алдар хэлсэн юм.
Энэ үеэр Сангийн яамны боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн гарч ирж, хувийн цэцэрлэгийн багш, ажилчдын холбооны төлөөлөлийг хүлээн авч уулзахаар болсон юм.
“ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТӨРӨӨС ОЛГОДОГ ТАВДУГААР САРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БҮРЭН ЗОГСООСОН”
Баянзүрх дүүргийн “Хасгэрэл” цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтантуяа:
-Манай цэцэрлэг 80 орчим хүүхэдтэй. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгодог тавдугаар сарын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байна. Сангийн сайдын зөвлөмжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдад хүргүүлсэн албан бичгийг олж харсан. Яагаад төр, төрийн бус хэвшил гэж ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ. Хувийн цэцэрлэгийн багш, ажилчид ч гэсэн гэр бүлтэй. Сангийн сайд “Та нар цэцэрлэгийн эздээсээ цалингаа нэх” гэж хэлж байгаа нь хамгийн хатуу үг. Бид Монгол Улсын иргэн биш юм уу гэдэг сэтгэгдэл төрж байна. Төрөөс дэмжлэг байхгүй л бол бид хаанаасаа цалингаа авах юм. Цаана нь урсгал зардал гарч байгаа шүү дээ.
“УЛСААС ДААЖ ДАВШГҮЙ ОЛОН САЯ ТӨГРӨГ АВДАГ ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ”
Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч Н.Сарангэрэл:
-Хувийн цэцэрлэг хүүхэд нь цэцэрлэгтээ явсан өдрөөр нь төлбөрөө төлдөг. Сараар нь төлбөрөө төлдөг эцэг, эхчүүд ховор. Өнгөрсөн нэгдүгээр сард хөл хорио тогтооход гуравхан хоногийн зайтай учраас төлбөрөө авчихсан байсан. Өвлийн улиралд хувийн цэцэрлэгүүдэд ханиад томуугийн өвчлөлийн үеэр цөөн хүүхэд хамрагддаг. Улсын цэцэрлэгт цөөн хүүхэд явсан, яваагүй ч санхүүжилтийг нь улсаас өгчихдөг. Хувийн цэцэрлэгт хэдэн хүүхэд явж байгааг нь тоолоод төрөөс мөнгийг нь олгодог. Тийм учраас хувийн цэцэрлэгт хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй. Бид нэг хүүхдийн аюулгүй байдал, боловсрол, хоол хүнсийг даагаад сард 80-200 мянган төгрөгийн төлбөр авдаг. Эргээд урсгал зардал, цалин хөлс, нийгмийн даатгалдаа зарцуулна. Манай цэцэрлэг гэхэд улсаас сард 2.6 мянган төгрөг авдаг. Нийт таван ажилтантай. Цэцэрлэгийн төлбөр 125 мянган төгрөг. Манай цэцэрлэгийн хувьд зорилтот бүлгийн 2-5 хүүхэд үнэ төлбөргүй заавал хамруулдаг. Нэг хүнд хэчнээн төгрөгийн цалин оногдохоор байна вэ. Улсаас дааж давшгүй олон сая төгрөг авдаг хувийн цэцэрлэг байхгүй. Бид нэгдүгээр сараас хойш хаалгаа барих хэмжээнд хүрээд байна.
“УЛСААС ЗӨВХӨН БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН 60 ХУВИЙГ ӨГДӨГ”
Баянзүрх дүүргийн “Танхилхан” цэцэрлэгийн эрхлэгч Д.Буянжаргал:
“Биднээс 100 хувь ирцийг шаардаж, дэлгүүрийн бараа тоолж байгаа юм шиг сар болгон тоолдог. Тэгээд гүйцэтгэлээр нь мөнгийг нь өгдөг. Хувийн цэцэрлэгүүд өнгөрөгч нэгдүгээр сараас ямар ч орлогогүй үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Бид төлбөрөөрөө бүх зардлаа нуруундаа үүрээд, улсаас зөвхөн багш нарын цалингийн 60 хувийг өгдөг. Үүн дээр нь бид нэмж, нэмэгдэл урамшуулал цалингаа ажилчдадаа өгдөг. Надад бол шударга биш санагдаж байна. Бидний ард 39 мянган хүүхэд бий.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ