Д.Нямхүү: Эдгэсэн хүн халдвар авахгүй гэдэгт баталгаа өгөхгүй | News.MN

Д.Нямхүү: Эдгэсэн хүн халдвар авахгүй гэдэгт баталгаа өгөхгүй

COVID-19

Д.Нямхүү: Эдгэсэн хүн халдвар авахгүй гэдэгт баталгаа өгөхгүй

Д.Нямхүү: Эдгэсэн хүн халдвар авахгүй гэдэгт баталгаа өгөхгүй

Монгол Улсад Covid-19-ийн 140 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд 26 нь эдгээд байгаа юм. Гэхдээ эдгэсэн хүн халдвар дахин авахгүй гэдэгт баталгаа өгөхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. ЭМЯ Covid-19-тэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.5.19/ мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа тэрбээр энэ талаар дурдсан юм.


44 МЯНГАН ХҮН МАШ ХҮНД БАЙДАЛТАЙ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Коронавируст халдвар дэлхийн 216 орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.8 сая хүн халдвараар өвчилж, 319 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэж, 2.6 сая хүн эмчлэгдэж байгаагийн 44 мянга нь маш хүнд байдалтай байна. Харин сүүлийн 24 цагт 86 мянган хүн халдвар авч, 3000 гаруй хүн нас барлаа. Энэ нь өвчилсөн хүний тоо өмнөх өдрийнхөөс 5000-аар их боловч нас баралт нь 300 гаруйгаар багассан байна. Мөн ОХУ-д 24 цагийн дотор 8900 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн. Манайхтай хил залгаа бүсэд өвчлөл эрчтэй тархаж байна. Монголын цагаар өчигдөр /2020.5.18/ 18.00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73 дугаар ассамблейн онлайнаар эхэлсэн. Хуралд 194 орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Covid-19-ийн халдварын асуудлаар хэлэлцэнэ.

Эрүүл мэндийн яамны ажиллуулж байгаа 119 дугаарын утсанд 24 цагийн дотор 259 дуудлага, шуурхай аппликейшнд 30 дуудлага ирж, БНСУ, Ирланд, Швед, АНУ-аас монгол иргэд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа. Иргэдийн зүгээс худалдаа, үйлчилгээний төвүүд зай барихгүй байгаа талаар сэрэмжлүүлэг өгч байна. ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийн дагуу 1.5-2 метр зай барих ёстой.

ОХУ-Д 8900 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-АНУ, ОХУ, Бразил улс халдварын тоогоор тэргүүлж байна. АНУ-д өчигдөр 22 мянга гаруй шинэ тохиолдол, 1000 гаруй нас баралт бүртгэгдсэнээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 1.5 сая гаруйд хүрлээ. Эдгээрийн 350 мянга гаруй нь эдгэрч, 90 мянга гаруй нь нас барсан байна. ОХУ-д Даваа гаригт 8900 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн. Нийт халдвартай хүний тоо 290 мянга 600 гараад байна. Бразилд нийт батлагдсан тохиолдол 254 мянга давсан. Тус улсад нас баралт 674-өөр нэмэгдэж нийт нас баралт 16 мянга 792 болоод байна. БНЭУ-д сүүлийн 24 цагийн дотор 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 100 мянгыг даваад байна. Мөн тус өдөр 3000 гаруй хүн эдгэрч нийт 39 мянга гаруй хүн эдгэрээд байна. БНСУ-д өчигдөр 13 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингэснээр халдварын тоо 11078 боллоо.

ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД 95 ИРГЭН БАЙГАА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Тусгаарлан ажиглах байранд нийтдээ 7408 хүнийг ажигласан бөгөөд одоогоор 1769 хүн ажиглалтад байна. Эдгээр иргэд нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, зочид буудлууд, амралт сувиллын газруудад байгаа. Мөн Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад иргэд тусгаарлагдан ажиглагдаж байгаа. Тусгаарлан ажиглагдаж байгаа иргэдийн дотор зүрх судас, мэдрэл, гэмтэл, эх барихын чиглэлийн мэргэжлийн эмч нараас үйлчилгээ авах тохиолдол өдөр бүр гарч байгаа. Тусгаарлан ажиглах байранд  тав хүртэлх насны 107 хүүхэд, 67 жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй 30, хавдартай 24 зэрэг архаг хууч өвчтэй 127 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой дөрвөн хүн байгаа.  Гэхдээ энэ хүмүүст шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Өнөө өглөө 07.59 цагт Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 158 иргэн ирсэн бөгөөд хоёрыг нь ХӨСҮТ-д, Нэгдүгээр төв эмнэлэгт тавыг нь тусгаарлан эмчилж байна. Эдгээр хүмүүст элэг шилжүүлэн суулгасан, донор болсон, арьсны хавдартай, нурууны хагалгаанд орсон зэрэг хүмүүсийг хүлээж авсан. Онгоцноос буунгуут нь түргэвчилсэн оношлуураар хариу нь үгүйсгэгдсэн. Бусад иргэдийг зочид буудлуудад хүлээж авсан. Гэрийн тусгаарлалтад нийслэлд нийт 3138 иргэн байсан. Одоогоор 95 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа. Тусгаарлах байранд эмч, резидент гэсэн 186 хүн үйлчлүүлэгчидтэй цуг тусгаарлагдан ажиллаж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд, Түлэнхийн төв болон Хан-Уул дүүрэгт байрлах Эх хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаа.

ХОЁР ХҮН ЭДГЭЖ ЭМНЭЛГЭЭС ГАРСАН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирусийн лабораторид өчигдөр 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан найм, ажиглах байранд байсан 315, тандалтын зорилгоор авсан 17 хүний хариу багтаж байгаа. Мөн өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байгаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 140, эдгэсэн нь 26 эмчлэгдэж байгаа нь 114 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д 182 хүн хяналтад байна. Тагнуулын ерөнхий газраас оношлуур хандивласанд баярлалаа.

ЭДГЭСЭН ХҮМҮҮСИЙН 11 НЬ ГЭРТЭЭ БАЙГАА

Энэ үеэр сэтгүүлчид Covid-19-тэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм.

-ОХУ-д байгаа оюутнуудыг эмчлэхгүй байгаа талаар мэдээлэл ирж байна. Уг нь аль ч улсын иргэнийг тухайн улс эмчлэх үүрэгтэй шүү дээ?

Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдвар авсан тохиолдолд өөр орны иргэн гэж үзэлгүйгээр ямар ч орны иргэний эмчлэх талаар заасан байдаг. Энэ дүрмийг 190 гаруй орон хэрэгжүүлдэг. Бид ОХУ-д сурч байгаа оюутнуудын асуудлаар тус улсын холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцсон. Оюутнуудыг дотуур байрандаа эмчийн хяналтад байгаа, эмч нар өглөө бүр халууныг нь шалгаж, зөвлөгөө өгч байгаа гэсэн. Covid-19-ийг эмчлэх талаарх ДЭМБ-аас гаргасан зөвлөгөөгөөр хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол эмчилгээ шаардлагагүй бөгөөд биеийн дархлааг дэмжиж, сайн хооллохыг зөвлөж байгаа. Энэ дагуу үйлчилгээ үзүүлж байгаа юм билээ.

-Нэг иргэнийг эмчлэхэд 800 гаруй мянган төгрөг зарцуулж байгаа. Гадаад орноос иргэдээ авчирч байгаа болохоор халдвартай иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Халдвартай иргэдийг эмчлэх төсөв Монголд хангалттай юу?

-Бид эмчилж байгаа хүмүүст шаардагдах зардлыг тооцоолсон. Үүнд эм тарианаас гадна хамгаалах хувцас хэрэглэл ч багтаж байгаа. Дунджаар нэг хүний эмчилгээнд өдөрт 800 гаруй мянган төгрөг зарцуулж байна. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хийсэн. Азийн хөгжлийн банк, ДЭМБ-ын дэмжлэгээр тодорхой тоног төхөөрөмжүүдийг авсан. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэх шаардлага бүх улс оронд бий. Хүн амын дунд өвчлөл тархаад байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаар төлөвлөсөн байгаа.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсрэг биетийг ашиглан дөрөв хоногийн дотор Covid-19-ийг эмчлэх боломжтой талаар мэдээлэл гарч байна. Энэ үндэслэлтэй юу. Мөн эдгэрээд гарсан хүн халдвар тараагч болох тохиолдлууд бий. Монгол Улс 26 хүнийг эдгээгээд гаргасан байна. Энэ хүмүүс халдвар тараахгүй гэдэгт итгэлтэй байж болох уу?

-АНУ-д эсрэг биетийг гаргасан талаар мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсан. Энэ бүхэн судалгааны төвшинд яригдаж байгаа зүйл. Covid-19 гарснаас хойш дэлхийд уг өвчинтэй холбоотой нийтдээ 4000 гаруй судалгаа гарсан байна. Өдөрт 3-4 судалгаа гарч байгаа гэх мэдээлэл бий. Одоогоор албан ёсоор батлагдсан зүйл алга. Бид ДЭМБ-аас баталгаажуулсан мэдээлэлд үндэслэн эмчилгээг хийж байгаа.

Эсрэг биет үүссэнээр дархлаа тогтсон гэж үдэг. Гэхдээ эдгэсэн хүмүүс халдвар тараасан тохиолдол БНСУ болон Европын зарим оронд үүссэн. Идгэсэн хүнтэй ойрын хавьтал болсон 790 гаруй хүнийг судлахад вирус илрээгүй.

Д.Нямхүү:  Эмнэлгээс гарсан хүнийг 14 хоног сувилалд хянах бөгөөд энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ авч байгаа. Гэртээ гарсан хүнийг мөн 14 хоног хянадаг. Одоогоор эдгэсэн хүмүүсийн 11 нь гэрт шилжсэн, 15 нь сувилалд байгаа.  Эдгэсэн хүн халдвар дахин авахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй. Учир нь энэ халдвар шинэ өвчин. Вирус хувирч өөрчлөгдсөөр байгаа.

-Халдвартай хүний тоо өдөр бүр нэмэгдэж байна. Эдгээр өвчтөнийг эмчлэх эмч нар хангалттай байна уу. Мөн эмч нар халдвар тараах эрсдэл бий болж байгаа шүү дээ?

А.Амбасэлмаа: Манайх 215 ор бэлдсэн. Түүнд тохирсон эмч нарын нөөц хангалттай бий. Эмч нар маань халдварын дэглэмийг нарийн мөрдөж байгаа болохоор эмч мэргэжилтнүүдээр дамжин халдвар тархах эрсдэлгүй.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Monday, May 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж