МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх амлалтдаа хүрсэнгүй, ЖДҮ-чдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлснийг олон нийт ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байна. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Х.Болорчулуун, Х.Нямбаатар нарын хамаарал бүхий компани зээл авсан нь ил болсон байтал УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нь сонгогчдоо үл тоомсорлосон хэрэг гэж үзэж буй юм. Үйлдвэрлэгчид нь жилийн 30 гаруй хувийн хүүтэй зээл авч, өрнөөс өрний хооронд амьдарч байхад хууль тогтоогчид нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, бизнесээ тэтгэсэн нь үнэндээ бол ёс зүйгүй үйлдэл.
Олон нийт энэхүү шийдвэрт дургүйцэн, “ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэх эрх нь намын даргад нь байж болох ч сонгохгүй байх эрх ард түмэнд бий” гэдгийг сануулж байна.
ЖДҮХС-г татвар төлөгчдийн төвлөрүүлсэн мөнгөнөөс санхүүжүүлдэг. Ийм байтал хууль тогтоогч нь татвар төлөгчдийн орлогоор бүрдүүлдэг сан руу гар дүрнэ гэдэг бол ёс зүйгүй үйлдэл. Түүнийгээ ухамсарлахгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг тэнэглэл юм.
Энэ удаагийн сонгуульд УИХ-дахь МАН-ын бүлгийн 46 гишүүн өрсөлдөхөөр болоод буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, М.Билэгт, Д.Тэрбишдагва, О.Содбилэг/хөл хорионд орж, хилийн гадна гацсан/Л.Энхболд, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Хаянхярваа, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин, Б.Ундармаа, Я.Содбаатар, А.Сүхбат, Ч.Улаан нар өрсөлдөхгүй. Тэднээс М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар нь нэр дэвших эрх олгоогүй бол М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нарыг мөн М.Энхболдын фракц, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөн тавьж байсан гэдгээр нь тойргийн гадна үлдээсэн.
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Б.Ундармаа, А.Сүхбат нар ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар нэр дэвших эрхээ хязгаарлуулсан. Гэхдээ эндээс Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарт сайдын суудал амласан гэх яриа бий. Учир нь тэд У.Хүрэлсүхтэй ойр, нэг фракцынх тул албан тушаалын дэмжлэг үзүүлэх дэнчинтэйгээр арын албанд ажиллуулахаар авч үлдсэн гэдэг асуудал хөндөгдөх болсон.
Мөн У.Хүрэлсүх М.Энхболдын фракцынхныг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байя гэвч, орлуулж нэр дэвшүүлэх хүн олдоогүй тул Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа, Д.Лүндээжанцан, С.Чинзориг нарыг УИХ-аас, гаднаас Т.Ганди, Д.Өнөрболор, Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлсэн гэх.
Түүнчлэн С.Баярын хүмүүсээр нэрлэгдэж ирсэн Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүн гэгддэг Т.Аюурсайхан нарт нэр дэвших эрх олгожээ. Хуульч Б.Энхбаярыг Сү.Батболдын хүнээр нэрлэдэг.
Үлдэж буй 50 гаруй хүн нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүмүүс гэж хэлж болох нь.
Сэлэнгэ аймагт нэр дэвших Ч.Ундрам, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан Ц.Сэргэлэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, Г.Дамдинням, Х.Ганхуяг тэргүүтэй нэр дэвшигчид багтах нь ээ.
Г.ХОРОЛ