Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурал гурван өдөр үргэлжилж, 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр түүнд 4.6 жилийн ял оноож, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон юм. Түүнчлэн Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргав. Харин М.Энхсайхан өмгөөлөгч Д.Оросоо шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдана гэдгээ шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлж байв.
Тэрбээр "хөөн хэлэлцэх хугацаа дээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Бид шийдвэрээ гардан аваад давж заалдах шатны дараагийн шүүхэд гомдлоо гаргаад явна” хэмээн мэдээлж байсан.
Уг асуудлаар түүнээс дахин тодруулахад тэрбээр “Шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байна. Бичгээр гарвал бид давж заалдана” гэсэн хариултыг өгсөн юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ