"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

"Төр нь авлигад идэгдсэний илрэл нь хар жагсаалт"

Транспэрэнси Интернэйшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа.


-Монгол Улс Олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орноор нэрлэгдэж, хүндхэн нөхцөлд байна. Энэ үед Монгол Улс дахь авлигийн нөхцөл байдал ямар түвшинд байна гэж танай байгууллага дүгнэж байна вэ?

-Монгол Улс дахь авлигын түвшнийг хэмжиж буй том судалгаа бол авлигын индекс гэж хэлж болно. Үүнд есөн эксперт байгууллагын үнэлгээг харгалзан үзэж, дүгнэлт хийдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улс авлигын индексээр 40-оос доош оноо авч ирсэн. Тухайлбал, 2012 онд Монгол Улсын хувьд Авлигын индекс 36 оноотой байснаас 2015 онд гэхэд 39 оноо болтлоо өссөн, сайн үзүүлэлт гарч байсан бол 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо, 2019 онд 35 оноо авч 105 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Авлигын индексээр 40 онооноос доош оноо авсан орнуудад авлигын нөхцөл байдал дордох магадлал илүү өндөр байдаг . Ковид19  вирус туссан өвчтөнүүд  амьсгалын аппаратад орсон  тохиолдолд 50 хувиас дээш нь найдваргүй нас барж байгаа тухай судалгаа гарсан байсан түүн шиг манай улс амьсгалын аппаратад орчхоод байна гэсэн үг.

-Авлигын индексийг гаргахад 9 эксперт байгуулагын үнэлгээг харгалзан үздэг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайлбал, Дэлхийн банкны эрхлэн гаргадаг улс орнуудын бодлого ба институтийн үнэлгээ байна. Тус үнэлгээнд Монгол Улсын төсвийн зарцуулалт хэр оновчтой, ил тод байдаг эсэхэд үнэлэлт өгөхөд 100 онооноос 35 оноог л авсан байна. /2018 онд 43 оноо, 2017 онд 43 оноо, 2016 онд 47 оноо/

Хоёрдугаарт, Дэлхийн эдийн засгийн Форумын эрхлэн гаргадаг Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа. Энэ судалгаанд Монгол Улс авах ёстой 100 онооноос 28 оноо авсан. Энэхүү судалгаа Монголын бизнесийн орчин хэр авлигын эрсдэлтэй бэ гэдгийг шалгачихдаг. Энэ мэтчилэн өрсөлдөх чадвар, аудитын байгууллагын ба сонгуулын байгууллагын хараат байдал, авлигын хэрэг шүүхээр шийдэгдэж буй байдал, ялын бодлого, ардчиллын институт зэрэг үзүүлэлтээр олон улсын есөн эксперт байгууллагын үнэлэлтэд үндэслэн Монгол Улсын авлигын индекс тодорхойлогддог. Энэ экспертүүд манайхыг авлигын эрсдэл өндөр гээд дүгнэсэн гэж ойлгож болно.

-Монгол Улсад сүүлийн таван жил авлигын индекс буурсан үзүүлэлттэй байна. Үүний гол шалтгаан юу вэ?

Монгол Улсад авлигын индекс сүүлийн таван жилд буурч байгаа гол шалтгаан нь ардчиллын институт нь сул байгаагийн шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл, Шүүх засаглал, Гүйцэтгэх засаглал, Хэвлэл мэдээлэл, АТГ, Улс төрийн нам, Аудит, Сонгуулийн ерөнхий хороо, Хувийн хэвшил гэх мэтчилэн институт нь сул, авлигад идэгдчихсэн байгаагийн илрэл гэж хэлж болно.

-Ардчиллын хамгийн чухал институт нь улс төрийн нам. Улс төрийн намын санхүүжилт ил тод бус байдаг нь олон нийтийн шүүмжлэл дагуулдаг ч өнөөдрийг хүртэл шийдлээ олж чадахгүй байгаа нь өөрөө авлигын индекс өндөр байх шалтгаан байх?

-Транспэрэнси интернэйшнл байгууллага улс төрийн намуудад авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээнээс ажиглахад Монголын улс төрийн намууд бүгд авлигад өртөхөд бэлэн байна, засаглалын асуудалтай байна. Хамгийн энгийн жишээ гэвэл, намуудын дүрэм ба алсын хараа зорилтод авлигатай тэмцэх тухай нэг үг өгүүлбэр ч байхгүй, авлигаас сэргийлэх сургалт судалгаа намуудад хийгддэггүй, хэн мөнгө өгсөн хүнээс хуулийн этгээдээс ямар ч шалгуургүй хандив авахад бэлэн, дотооддоо авлигыг мэдээлэх хянах механизм байхгүй, авлигын эсрэг тэмцдэг лидер байхгүй, намын даргын шийдвэрээр улс төрийн намаас  хяналтын хороо нь хөөдөг, хөөгдвөл захиргааны шүүхэд хандах боломжгүй гэх мэт.  Үүний зэрэгцээ, амралтын өдрүүдэд намууд УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодрууллаа. Харамсалтай нь, тэд олон нийтэд ил тод, хариуцлагатайгаар нэр дэвшигчдээ тодруулж дахиад л чадсангүй. Нөгөө л нэг хуйвалдаан, тохиролцооны аргаар нэр дэвшигчдээ тодруулж байгаа нь харагдлаа.

Мөн улс төрийн намууд угтаа бол иргэдэд үйлчлэх ёстой байгууллага. Гэтэл тэд гишүүддээ үйлчилдэг байгууллага болчихлоо. Сонгуульд ялмагцаа гишүүддээ ажлын байр гаргаж өгдөг. Концесс, ЖДҮ авч өгдөг. Гишүүдээ албан тушаалд томилдог. Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудит нь улс төрийн захиалгаар ажилладаг нь хэвийн үзэгдэл болчихлоо. Сүүлийн 30 жилд хамгийн ил тод байх ёстой улс төрийн намууд авлигажсан институт болж хувирлаа,

-Монгол Улс Авлигатай тэмцэх газартай хэр нь авлигын үзүүлэлт яагаад өсөөд байна вэ?

-Транспэрэнси интернэйшнл байгууллагын үнэлгээ хийсэн байгууллагуудын нэг бол Авлигатай тэмцэх газар. Тэрхүү үнэлэлтээс харахад АТГ-ын эрх зүйн орчин өөрөө асуудалтай. АТГ-ын илрүүлсэн гэмт хэргийн 24 хувийг шүүх шийдэж, 76 хувийг хэрэгсэхгүй болох эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх замаар шийдэгдэхгүй орхигдож байна. Иймээс АТГ хараат бус байдлыг сайжруулах ёстой. Мөн Авлигатай тэмцэх тусгайлсан шүүх байгуулах ёстой. Ийм жишиг дэлхийн олон улсад бий. Өнгөрсөн жил Хонконгийн Авлигатай тэмцэх газрын  зөвлөх Монгол Улсад айлчилсан. Айлчлахынхаа үеэр тэрбээр Монгол шиг цөөн хүн амтай улс авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл зориг байгаад хичэээгээд ажиллавал ганцхан жил хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнээс харахад, Монголын улстөрчдөд авлигатай тэмцэх улс төрийн хүсэл эрмэлзэл алга. Энэ мэтчилэн бид дотооддоо асуудалтай байгаа болохоор гадаадын хоригт орчхож байгаа юм.

-Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс хэмээн дэлхий дахинд нэрлэгдэж, FATF-ийн “Саарал жагсаалт” болон Европын холбооны “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-д багтчихлаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлж байж болзошгүй гэх хэрэг нь авлига, албан тушаалыг хэрэгтэй шууд холбогдох байх. Саяхан том, том хэргийн шүүх хуралдаан болж, олон нийтийг нэлээн талцууллаа шүү дээ?

-FATF нь манай улсыг "Саарал жагсаалт"-д багтаахдаа хууль эрх зүйн орчиндоо мөнгө угаах гэмт хэргийг хэр зүйлчилсэн бэ, ялын бодлого хэр оновчтой байна вэ гэдэг дээр анхаарал хандуулсан. Авлигын мөнгийг үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлд зарцуулж, угаадаг. Харамсалтай нь, АТГ дээр илрүүлсэн хэргийн 24 хувьд нь шүүх өнөөдөр ял оноож байна. 76 хувийг нь хэрэгсэхгүй эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж байгаа нь авлигын гэмт хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд байна вэ гэдэг нь харагдаж байна.

Саяхан М.Энхсайханд холбогдох шүүх хурал болсон. За яахав, М.Энхсайханыг авлига авсан гээд шийтгэлээ. Гэтэл авлигын бүх хэргийг тэгш шийтгэж чадаж байна уу гэвэл үгүй. Энэ зүгээр улс төрийн ял шийтгэл, өрсөлдөгчөө намнах гэсэн арга барил гээд л гадаадын байгууллагууд дүгнэчхэж байна. Өөрөөр хэлбэл шүүгчид ба прокурорууд улс төрчдийн захиалгаар ажиллаж байгаа нь илт харагдаж байна.

Иймэрхүү хандлага манай улсыг "Саарал жагсаалт"-д орох нэг үндэс болсон.

-Авлигын мөнгийг үл хөдлөх хөрөнгөд зарцуулах замаар угаадаг гэлээ. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн агентууд энэ чиглэлд хэрхэн ажилладаг юм бэ. Энэ талаар FATF-н зөвлөмжинд тусгасан байсан?

-Олон улсад үл хөдлөх хөрөнгийн агентуудыг дурын хүн хийгээд байдаггүй ажил. Тэд магадлан итгэмжлэгдсэн, лицензтэй хүмүүс байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй, борлуулж буй мөнгө дансаар шилждэг. Тэд сэжиг бүхий гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг. Гэтэл манай улсад дурын охид, хөвгүүд үл хөдлөх хөрөнгийн агент хийж байна. FATF энэ асуудал онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөн байна лээ.

Мөн нотариатч сэжиг бүхий гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг. Гэтэл тэд босго дүнгээс хэтэрсэн гүйлгээг мэдээлдэггүй байдал нь тодорхой болсон.

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон гэдэг үндэс нь гаалийн байгууллага дээр хураагдаж буй мөнгийг мэдээлээгүй гэдэг үндэслэл байсан. Гаалийн деклараци нь цахимжаагүй. Хураагдсан бэлэн мөнгөний мэдэээлэл сул, буцааж олгодог гэх мэт. Алт, үнэт металл их хэмжээгээр хууль бусаар хил давдаг зэрэгт тодорхой хариу өгч чадаагүй.

Үүний зэрэгцээ,  саарал жагсаалтад орсон нэг шалгуур нь төрийн сангийн мөнгө ЖДҮ-р  болон бусад хэлбэрээр угаагддаг гэсэн үнэлгээ нөлөөлсөн .  Эрүүл мэндийн даатгалын мөнгө яагаад эрсдэлтэй банканд байршсан  тэр мөнгө цаашаа хайчсан зэрэг нь төрийн  мөнгө угаагддаг  байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа хэрэг.

-Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт ороод эцсийн эзэмшигчийг зарладаг болчихоогүй юу. Мөн Монгол Улсад шилэн дансны тухай хууль үйлчилж байгаа нь төрийн байгууллагын гүйлгээ ил тод байгаагийн илрэл биш гэж үү?

-Эцсийн эзэмшигчийн татварын хууль, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудад тус бүр өөрөөр заагаад өгчихсөн. Дээрээс нь Улсын бүртгэлийн газар нь хуулиараа бүртгэнэ, гэхдээ олон нийтэд мэдээллэхгүй гэчихсэн. ЖДҮ-ийн хэрэгтэй холбоотойгоор ихэнх улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс бүртгэлийн opendata-с нэрээ засаж  авсан. Ингэхээр Монгол Улс өөрөө оноо алдах эрсдэлтэй болчихож байгаа юм. Бүх хууль эрх зүйн орчин хоорондоо уялдаатай байх ёстой. Шилэн данс гэхэд 5 саяас дээш гүйлгээг бүртгэдэг. 5 сая доторхийг бүртгэдэггүй гэх мэтчилэн асуудал байна.

-Covid-19-тай холбоотой маш их хандив, тусламж ОБЕГ-т цуглаж буй. Энэ үеийг далимдуулж дэлхийн улс орнуудад мөнгө угаах эрсдэл гарч болзошгүй гэсэн анхааруулга өгсөн байсан. Энэ тал дээр танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Цар тахалтай холбоотойгоор Монгол Улс нэг удаагийн хууль баталсан. Энэ хуульд бүх зарцуулалтыг ил тод зарлах талаар тусгасан. Тиймээс ОБЕГ-ыг олон улс, иргэдээс авсан хандивын зарцуулалтыг ил тод зарлахыг бид шаардаж байгаа.

-Гэхдээ ОБЕГ-аас зарцуулалтыг албан ёсны сайтаас нь харчхаж болно гэдэг шүү дээ?

-Тийм ээ. Зарцуулалт нь сайт дээр тавигдсан байна лээ. Гэхдээ хэд хэдэн сэжигтэй гүйлгээг бид илрүүлэн, АТГ-д хандаад байгаа. ОБЕГ ч тэрхүү сэжиг бүхий гүйлгээг тайлбарлах ёстой.

-Тухайлбал, ямар сэжиг бүхий гүйлгээ байна гэж?

-Тухайлбал, 300 сая төгрөгийн гүйлгээ хоёр байгууллага руу даатгал гэсэн нэр дор шилжсэн байсан. Даатгалыг гадаад улсуудад сар бүр л бага багаар  шилжүүлдэг гэтэл нэг гүйлгээгээр л хэдэн 300 сая даатгал шилжүүлсэн байсан. Үүнийгээ тайлбарлах шаардлагатай. Энэ нь эргээд мөнгө угаах эрсдэл гэж тооцогдож болзошгүй шүү дээ.

-Саарал болон Хар жагсаалтаас хэрхэн гарах вэ?

-Саарал жагсаалтаас гарч байж бид Хар жагсаалтаас гарна.Европын холбоо хар жагсаалтаас хасах арга замыг харахаар эхлээд ФАТФ саарал жагсаалтаас хассаны дараа хасдаг юм билээ. Хасах нэг шалгуур нь  хувийн хэвшлийн байгууллагуудын эцсийн өмчлөгчийг зарлаж, ил тод болгосон цагт бид хар жагсаалтаас гарна. Иймээс бид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлага байна. Монгол Улс өөрөө хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй. Үүнд улс төрийн хүсэл эрмэлзэл алга. Засгийн газрын хэрэг эрхлэх газар EITI ба OGP байгууллагуудын өмнө эцсийн өмчлөгчийг 2020 оны 1 сараас мэдээлнэ гэсэн амлалт хүлээсэн атлаа тэрийгээ биелүүлэхгүй байгаа нь Монголын улс төрчдийн  худлаа ярьдаг гэж харагдуулж байна. УИХ нь хагас дутуу хууль баталснаас үүдээд өнөөдөр олон улсад хагас дутуу оноо аваад, саарал, хар жагсаалтад орчихоод сууж байна. Иймээс өнөөдрийг нөхцөл байдлаа бодитоор дүгнээд, хууль эрх зүйн орчноо цэгцлээд авах хэрэгтэй. Ингэсэн цагт Монгол Улсын авлигатай тэмцэх орчин сайжирч, авлигын индекс дээшилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж