“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

“Цагаан морин жилийн гараа”-г агуулахад хадгалж байна

Улаанбаатар хотын барилга байгууламжид өнгө нэмж, түүхэн цаг хугацааг өгүүлэх цөөн тооны монументаль бүтээл бий. Жишээлбэл, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө болон 120 мянгат орчмын байрны хананд ийм бүтээл ганц нэг харагддаг. Сүүлд Төв шуудангийн урд байрлах хуучнаар НАХЯ-ны гурван давхар байрны арын хананы монументаль бүтээлийг буулгасан нь олны шүүмжлэлд өртсөн билээ.

“Морин жилийн гараа” хэмээх бүтээл нь хотын төвд байрладаг учраас урдуур нь зарлалын том самбар байршуулснаас хагарч эвдрэн олны нүдэнд өртөхгүй мартагдаад байсан юм. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард буулгасан эл бүтээлийг хаана хадгалж, эргээд хэрхэн сэргээн засварлахаар болсон талаар сурвалжиллаа.

Түүхийн гэрч болсон энэ бүтээл нь 1990 оноос хойш Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах С61 дүгээр байрны арын хананд байрлаж байсан. Уг бүтээлийн төсөвт өртөгийг тухайн үеийн Хотын гүйцэтгэх захиргаа шийдвэрлэж өгсөн бөгөөд уран бүтээлч Ш.Галсандорж өөрийн бүтээлдээ 100 жилийн баталгаа өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр 30 жил бололгүй устах эрсдэл үүсчээ. Учир нь, 1939 онд баригдсан С61 байрыг 2014 онд Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлагад нийцэхгүй 200 гаруй барилгын тоонд оруулж, дахин төлөвлөлтөд оруулсантай холбоотой. Тус байрны 36 айлын хоёр нь өмчлөлийн маргаантай шүүхийн шатанд хандаад байгаа ажээ.

“Морин жилийн гараа” бүтээл 62 м.кв хэмжээтэй. Өнөөдрийн ханшаар тооцоход 3-4 тэрбум төгрөг болно гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

“ҮР ХҮҮХДҮҮД НЬ УГ БҮТЭЭЛИЙГ БУЦААН БАЙРШУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА”

“Морин жилийн гараа" шигтгэмэл зургийг бүтээсэн Ш.Галсандорж агсны охин Г.Минжин "Монгол Улсад 1989-1990 онд Ардчилсан хувьсгал мандан бадрах үеэр миний аав сэтгэл зүрхээрээ мэдрэн "Морин жилийн гараа" бүтээлийн эскизийг бэлэн болгон хотын ерөнхий зураач Ваанчигт санал тавьсанаар бүтээл нь төрсөн түүхтэй. Ер нь бол тухайн үед Ардчилсан хувьсгалтай холбогдуулж бүтээлийн сонгон шалгаруулалт явуулахад шалгарсан эскиз юм. Тэгээд аавын эскизээр хийсэн гэдэг. Аавын минь хувьд үр хүүхэд шигээ хайрлаж харамлаж явдаг бүтээл нь юм. Энэ бүтээлээс хойш нэг ч ийм том хэмжээний мозайка хийгдээгүй. Төв шуудангийн баруун урдах ханыг харахдаа би дуртай гэж аав минь түмэнтэй ярьдаг байж билээ.

Одоо ийм ховор нандин хэн хүн хийхээ больсон урлагийн бүтээлтэй барилгыг нураах болсонд үнэхээр эмзэглэж байна. Бидэнд уг бүтээлийг буулгах талаар огт мэдэгдээгүй. Бид С61 орон сууцны барилга нурна гэсэн ойлголттой байсан. Ажлын хэсэг байгуулагдаж бүтээлээ барилгын хойд талын нэг орцтой нь авч үлдэнэ гэсэн шийдэлд хүрч, хөшөөний комисс болон НИТХ-аар орж баталгаажуулж ном журмаар нь явж байсан. Гэтэл нэг л өдөр хувь хүн буулгаад аваад явсан. Хэдийгээр автор нь Ш.Галсандорж гэж хүн ч, бүтээлийн хөрөнгө мөнгийг тухайн үеийн хотын гүйцэтгэх захиргаа шийдэж өгсөн учраас нийслэлийн өмч гэсэн үг. Одоо үр хүүхдүүд нь уг бүтээлийг хотын төвд хүндэтгэлтэй газар буюу миний аавын сонгосон байршилд буцаан байршуулахыг туйлаас хүсч байна” гэдгийг хэлж байв.

 “БОДЬ ДАРМА САНГИЙН АГУУЛАХАД 43 ХАЙРЦГАНД ХИЙГЭЭД ХАДГАЛЖ БАЙНА”

Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гомбосүрэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бодь дарма сан, “Арт Авеню” компанийн хамтарсан мозайк хамгаалалтын судалгааны баг 2019 оны арванхоёрдугаар сард Цагаан морин жилийн гараа мозайк дурсгалыг авран хамгаалах судалгааны ажлын эхний хэсэг болох баримтжуулах, салган авах болон хадгалах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус барилгын эзэмшигч болох " Дүүс 61″СӨХ -тэй гэрээ байгуулж 170 ширхэг дөрвөлжин хавтанг 43 хайрцагт хийгээд “Бодь дарма сангийн агуулахад хадгалагдаж байгаа.

НИТХ-аар баталсан “Улсын нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах” журам гэж бий. Энэ журмын дагуу Хот төлөвлөлт хөгжлийн газрын дэргэд “Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбарын эх загвар батлах” комисс байдаг. Тэр комиссоор орж “Морин жилийн гараа” монументаль бүтээлийг тухайн байршилд нь сэргээн засварлахаар шийдвэр гаргасан” гэв.

“С61 БАЙРЫГ БҮРЭН НУРААХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ”     

“Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд Төв шуудангийн урд байрлах С61 байр нь ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Гэхдээ орон сууцны барилгыг бүрэн нураах зөвшөөрөл гараагүй байгаа. Энэ барилгыг нураахтай зэрэгцээд “Морин жилийн гараа” мозайк бүтээлийн асуудал яригдсан. Тухайн үедээ Хотын даргын удирлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Түүхэн дурсгалыг хамгаалалт авах хүсэлтийг гаргаж, “Арт авеню” компани хамтран ажилласан. Бид тус компанийн агуулахад очиж шалгаж үзсэн. Энэ орон сууцны барилгын оронд ямар байгууламж баригдах зураг төсөл батлагдаагүй байна. Энэ барилгыг оронд барих барилга байгууламж дээр дахин наах уу эсвэл тусад нь хана босгоод тогтоох уу гэдгийг шийдвэрлээгүй байна. Цаашид бид энэ төрлийн урлагийн бүтээлийг бүртгэлжүүлж, хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудалд анхаарч ажиллана” гэдгийг Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал хэлсэн юм.

Өнгөт шил, чулуу болон бусад төрлийн материал ашиглан шигтгэмэл чимэглэл бүхий техникээр чигтгэж урладаг чимэглэлийн зориулалтын төрөл юм. Чулуун шигтгэмэл /голчлон чулуугаар хийдэг тул чулуун шигтгэмэл гэж ерөнхийд нь нэрлэдэг/ буюу мозайкыг монемунталь урлаг болон барилгын дотоод засалд чимэглэлийн зориулалтаар ашиглана.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж