Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

Хуучирсан мэдээ: 2020.05.19-нд нийтлэгдсэн

Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

Иргэдэд жалга дов, хад асгатай газар л оногдож байна

“Уулын орой хад асга, жалган дунд яаж амьдрах юм бэ. Яагаад амьдралтай уялдаагүй ийм шийдвэр гаргадаг юм болоо” хэмээн иргэд бухимдаж сууна.  Иргэд хуулийн дагуу газар өмчлөх эрхээ эдлэх гэсэн биш тэдэнд хад, асга, жалга дов л оногджээ. Харин ямар хүмүүс  нийслэлийн ногоон бүсийг ой модтой нь өмчилж буйг тэд гайхаж, бас энэ шударга бус хуваарилалтад бухимдаж сууна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж, 2008, 2013 онд нэмэлт өөрчлөлт орж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн бүр нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй иргэн 0.07 га газрыг үнэгүй өмчлөх эрхтэй болсон ч газар өмчлөл, хуваарилалт асуудал дагуулж, маргаантай сэдэв болсоор байгаа билээ. Хад асга, жалга, эсвэл уулын орой зэрэг амьдрах боломжгүй газарт энгийн иргэдийн 0.07 га газрыг хуваарилсан байх бөгөөд тэр газрыг буцааж хүлээлгэж өгөөд өөр газар өмчлөх гэхээр нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэнд тооцогдсон байх тул дахин газар өмчлөх эрхгүй болоод байгаа юм. Тиймээс газар өмчлөхөд ямар асуудал тулгамддагийг сурвалжиллаа. Энэ талаар иргэдээс тодруулсан юм.

АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ГАЗАР ИРГЭДЭД ОЛДДОГГҮЙ

Иргэн Б.Гантулга

-Нийслэлээс иргэдэд газар олгоход хоёр удаа хамрагдах гээд чадаагүй. Жалга, шуудуу, эсвэл хад асгатай, амьдрах боломжгүй газар оногддог юм билээ. Үер усанд өртөх эрсдэлтэй гээд жалга, шуудуунд айл байлгадаггүй байтал олгож байгаа газар нь тийм л байсан. Амьдрах боломжтой газар энгийн иргэдэд олддоггүй юм билээ. Тэрийг нь эрх мэдэлтэй хүмүүс, газрын албанд ажилладаг хүмүүс нь авчихаад иргэдэд худалддаг гэсэн.

ГАЗАР АВАХ БОЛОМЖГҮЙ ЮМ БИЛЭЭ

Иргэн З.Соёлмаа

-Манай гэр бүлийн хувьд 0.07 га газраа авах хүсэлтэй байгаа. Гэвч одоогоор аваагүй байна. Цахимаар газар олгож байхад газар өмчлөхөөр оролдсон ч өөрсдийн сонирхсон газартаа газар авах боломжгүй юм билээ. Дэд бүтэц нь хөгжсөн, амьдрах боломжтой газар авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм боломжгүй байсан.

ӨМЧИЛСӨН ГАЗРЫГ ӨӨР ХҮНД ӨГЧИХСӨН

Баянзүрх дүүргийн 16 хорооны иргэн П.Сэржбүдээ

-Миний хувьд 2010 онд Улиастайн аманд зуслангийн газар авсан юм. Тог цахилгаангүй, амьдрах нөхцөл бүрдээгүй болохоор нь тэндээ хашаа барьж амжаагүй байтал 2016 онд өөр хүмүүс тэнд тэмдэг тавиад, газрыг өөрийн болгосноо хэлсэн. Газрын албаныхан дээр ирж учрыг нь тодруулсан ч цахимаар энэ газрыг өөр хүн өмчилсөн байна. Та өмчлөгч нь биш байна. Наад гэрчилгээ чинь хамаагүй, наадхыгаа урж хаясан нь дээр гэсэн. Миний өмчилсөн газрыг өөр хүнд өгчихсөн.

ЖИЛД НИЙСЛЭЛИЙН 5000-6000 ИРГЭН ОРОН НУТАГТ ГАЗАР ӨМЧЛӨХ ХҮСЭЛТ ГАРГАДАГ

Газар өмчлөхөд тулгамддаг асуудлын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга С.Сувдсүрэнгээс тодрууллаа.  

-Иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх газрыг авахдаа юун дээр анхаарах вэ. Мөн газар эзэмших, ашиглах, өмчлөхийн ялгаа, давуу талыг дурдахгүй юу?

-Газар эзэмшиж, ашиглах, өмчлөх гэсэн гурван зүйл байдаг. Эзэмших гэдэг нь төрийн газрыг түрээсээр эзэмшиж байна гэсэн үг. Гэхдээ захиран зарцуулах эрхтэй. Харин ашиглах хэлбэр нь захиран зарцуулах эрхгүй, түрээсээ төлөөд ашиглаж болдог. Өмчилснөөр тухайн газар иргэний хувийн өмч болдог. Улсын бүртгэлээс эд хөрөнгийн гэрчилгээ авснаар тухайн газар нь өөрийнх нь өмч болно. Газар шинээр өмчилж авахад эзэмших гэрчилгээтэй байх ёстой. Газрын тухай хууль зөрчөөгүй байх шаардлагатай. Үүнд бусдын орц, гарцыг хаагаагүй байх, кадастрын зургийн цэг, тэмдгийн дагуу хашаагаа барьсан, бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүй байх зэрэг шаардлага тавигдана.

-Одоо нийслэлийн аль хэсэгт газар өмчлөх боломж байна вэ?

-Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр газар олгох нөөц байхгүй. Гэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт иргэдийн хүсэлтийг хянаж үзэж байгаа. Тухайн иргэний хүсч буй газар нь шугам сүлжээ, ой, усны хамгаалалтын бүс биш, бусдад олгосон газартай давхцаагүй суурьшлын бүсийн дотор байх шаардлагатай. Нийслэлийн Засаг дарга 2017 онд нийслэлийн суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон байдаг. Суурьшлын бүсийн гадна шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхийг хориглосон. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой.

Гэхдээ нийслэлийн иргэдэд хөдөө орон нутагт газар өмчлөх боломж бий. Нийслэлийн иргэд хотын аль ч дүүрэг болон 21 аймгийн алинд нь ч газар өмчлөх эрхтэй.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долдугаарт зааснаар Монгол Улсын иргэн нь нийслэлд 0.07 буюу 700 ам метр, аймгийн төвд бол 3500 ам метр буюу 0.35 га, сумын төвд бол 5000 ам метр буюу 0.5 га газрыг өмчлөх эрхтэй.

Жилд нийслэлийн 5000-6000 иргэн орон нутагт газар өмчлөхөөр, нийслэлд газар эзэмшээгүй гэх тодорхойлолтоо нийслэлийн нэгдсэн цэгүүдээс авдаг. Өөрийн төрсөн газар, эсвэл өөрт хаана таатай нөхцөл байгаад үндэслэн иргэд орон нутагт газар өмчилж байгаа.

-Ихэвчлэн аль аймагт газар авч байна вэ?

-Төв аймаг болон Өмнөговь аймагт нийслэлийн иргэд газар өмчлөх нь их байдаг. Хөдөө орон нутагт газар өмчлөх нь нийслэлийн иргэдэд нээлттэй.

-Суурьшлын бүсэд газар олгох нөөц байхгүй гэлээ. Нийслэлд газар өмчлөх нь боломжгүй юм байна. Одоогоор нийслэлд хэчнээн иргэн газраа өмчлөөд байна вэ?

-Одоогоор буюу 2003 оноос хойш нийслэлийн 200 мянга 264 иргэн газар өмчилсөн байна.

-Нэг хэсэг цахимаар газар олгосон. Гэвч олгосон ихэнх газар нь амьдрах нөхцөлгүй, дэд бүтэцгүй байсан. Ийм газарт газар авсан иргэд өөр газар авахыг хүсэвч, нэг удаа үнэгүй авах эрхийг нь буцааж болдоггүй. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Газрын алба нь дэд бүтэц тавьдаг эрх мэдэл бүхий газар биш. Цахимаар 44 байршилд газар олгосон. Үүний дөрвөн байршилд нь цахилгааны эх үүсвэр тавих боломж гарч байсан ч төсвийн асуудлаас болоод хэрэгжээгүй. Цахимаар газар өмчилсөн 69 мянга 836 мянган иргэн бий. Эдгээр иргэд нь газар өмчилсөн буюу нэг удаа газрыг үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн гэж бүртгэгдсэн байгаа. Цахимаар өмчилсөн газраа буцааж өгөөд өөр газар өмчилье гэсэн хүсэлт маш их ирдэг. Хуулийн дагуу газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлсэнд тооцогдоно. Тухайн газар нь дэд бүтэцгүй, амьдрах боломжгүй байгаа болохоор бид Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж