“Гамшигт үзэгдэл жилээс жилд нэмэгдэнэ” | News.MN

“Гамшигт үзэгдэл жилээс жилд нэмэгдэнэ”

“Гамшигт үзэгдэл жилээс жилд нэмэгдэнэ”

“Гамшигт үзэгдэл жилээс жилд нэмэгдэнэ”

Цаг агаарын гамшигт үзэгдлүүдийн шалтгаан, давтамжийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.


-Урьдчилан сэргийлэх мэдээллийг эртнээс өгч, анхааруулсны үр дүнд энэ удаагийн /тавдугаар сарын 15, 16, 17-нд/ гамшигт үзэгдлийг харьцангуй хохирол багатай өнгөрүүллээ. Өмнө нь Монгол Улсад болж байсан гамшигт үзэгдлүүдэд ямар хэмжээний хохирол учирч байсан бэ?

-Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, ялангуяа, Баянхонгор, Өвөрхангай болон Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи 16-23 м/с, зарим үед 29 м/с хүрч хүчтэй салхины аюулт үзэгдэл,  алсын барааны харагдац 20-200 метр хүрч шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдсан. Энэ байдал 4-6 цаг үргэлжилсэн нь мөн гамшигт үзэгдэлд тооцогдож байгаа. Мөн Төв аймгийн баруун болон баруун хойд хэсгээр цас орж шуурсан. Хэнтий аймгийн нутгаар 2-12 цаг цас шуурсан.

Энэ гамшигт үзэгдлийн улмаас хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна. Холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан, алсын зайн харагдац муу байсантай холбоотойгоор замд гарах нь багассан зэрэгтэй холбоотойгоор гарз, хохирол бага байсан гэж бодож байна.

-Гамшигт үзэгдлийн давтамж ойртож байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу. Мөн давтамж нь ямар хугацааг хамарч байна вэ?

-Давтамж гэж бий. Гэхдээ хоёр жилд юм уу, нэг жилд тэдэн удаа давтагдана гэсэн нарийн тооцоолол байдаггүй. Аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор жилээс жилд нэмэгдэж байгаа.

-Өнгөрсөн өдрүүдэд болсон гамшигт үзэгдлийг 2008 онд болсон үзэгдэлтэй адилтгаж байсан. Гамшигт үзэгдлийг хамгийн эртдээ хэзээ нь урьдчилан мэдэх боломжтой вэ. Архангай аймгийн Хашаат суманд 2014 онд 50 м/с-ийн хурдтай салхи салхилж, олон хүн бэртэж гэмтсэн. Ийм үйл явдлыг ч мөн хэд хоногийн өмнө мэдэх боломжтой юу?

-Урьдчилсан мэдээг хамгийн эртдээ тав хоногоор гаргаж байгаа. Харин аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэх мэдээллийг 48-72 цагийн дотор гаргах ёстой.

Өмнө нь буюу 2008 онд болсон үзэгдэлтэй харьцуулахад хамрах хүрээ, эрч хүч нь арай өөр байсан. Тухайн үйл явдал Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт болсон. Энэ удаагийн үзэгдэл нь нилээд их газар нутгийг хамарлаа. Мөн 2008 онд 34 м/с хүрсэн бол энэ жил 29 м/с хүрлээ. Салхины хурд 28 м/с-ээс дээш хүрвэл гамшигт үзэгдэлд тооцогддог.

Архангай аймгийн Хашаат суманд 2014 онд болсон үзэгдэл нь өнгөрсөн амралтын өдөр болсон үзэгдлээс ялгаатай, бичил масштабыг хамарсан хуй салхины үзэгдэл. Аадар, мөндөр, гэрэл цахилгааны үед буюу зуны улиралд ажиглагддаг үзэгдэл. Харин өнгөрсөн өдрүүдэд болсон үзэгдэл нь хавар, намрын улиралд их нутаг дэвсгэрийг хамран ажиглагддаг үйл явдал. Энэ удаад хойд талаас буюу Красноярскаас ирсэн бага даралт эрчимжээд, Монголд  орж ирэхдээ зүүн аймгуудын нутгуудаар 980 гектопаскаль хүрч орж ирсэн.

-Ойрын үед цаг агаар ямар байх вэ?

-Ойрын өдрүүдэд цаг агаар сайхан байна. Гэхдээ тавдугаар сарын 20, 21-нд төвийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Мөн 21-нээс баруун аймгуудын нутгаар дулаарч, бороо орно. Гэхдээ зүүн аймгуудын нутгаар сэрүүн долоо хоног байх төлөвтэй байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2020-05-19 202.179.25.16

Энэ гамшигт үзэгдэл биш ээ. Хаварын тэнгэр ер нь их хуйсагануур л даа. Хаврын салхи хавирга нэвт гэдэг биз дээ. 4-6 цаг цас орж шуурах бол энүүхэнд. Энэ байтугай 48 цаг цас орж бүтэн 3 өдөр шуурч малчид малынхаа хашааруу олос татаад түүнийгээ дагаж явж малдаа тэжээл өгдөг байсан юм. Дээшээ хархад хөх тэнгэр хажуу тийшээ хархад юуч харагдахгүй байдаг юм билээ. Энэ бол жинхэн гамшигт үзэгдэл. Саяынх бол биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж