Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр /2020.05.18/ дөрвөөр нэмэгдсэнээр нийт бүртгэгдсэн тохиолдол 140 болоод байна.
Шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутнаас илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн.
Тэгвэл Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдаж, батлагдсан гурван тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлж, авах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Дархан-Уул аймагт илэрсэн тохиолдлын талаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б. Батцэнгэл хэлэхдээ “Дархан-Уул аймгийн хувьд тавдугаар сарын 14,15-ны өдрүүдэд нийтдээ 135 хүнийг тусгаарлалтад авсан. Улмаар тавдугаар сарын 15-нд Москва хотоос орж ирсэн эмэгтэй оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн гэдэг нь өнөөдөр албан ёсоор ХӨСҮТ-ээс баталгаажиж ирсэн. Тиймээс зөвлөгөөн хийсний дараа тухайн хүнийг ХӨСҮТ-рүү шилжүүллээ. Тухайн хүнтэй ойрхон байсан хүмүүсийг олж тогтоох тандалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрх 135 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдсан. Үлдсэн 134 хүний шинжилгээ өнөөдрийн байдлаар сөрөг гарсан. Хариу нь сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй. Давтан шинжилгээ хийгдэнэ” гэлээ.
Э.БУРАМ