"Ард түмэн ядуу, Ардын нам баян байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

"Ард түмэн ядуу, Ардын нам баян байна"

"Ард түмэн ядуу, Ардын нам баян байна"

УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс УИХ завсарлаж байгаатай холбогдуулан 2016-2020 онд УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт болон АН-ын хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.


 АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ: 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгээс нийт УИХ болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн асуудлаар нийт 32 удаа асуулга тавьж, бүлгийн гишүүд дангаараа 58 хуулийг санаачилсан. Үүн дотроос онцлоход Улстөрийн хэргээр хэлмэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох тухай хууль нь УИХ-ын босгыг давж зарим хуулиуд нь батлагдаж, зарим нь хэлэлцүүлгийн шатанд явна. Мөн энэ хугацаанд АН-ын бүлгээс Монгол Улсын их хурлын даргад есөн удаа, Ерөнхий сайдад 22 удаа шаардлага хүргүүлсэн.

Өнгөрсөн дөрвөн жилийн процесст хамгийн том УИХ-д шийдэгдсэн зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Ардчилсан намын бүлэг маш санаачилгатай ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр далимдуулан Ардчиллын баталгаа, Ардчилсан парламентыг үгүй болгох үйл явц явчих вий гэдэг болгоомжлолоос үүдэн намын зүгээс хатуу байр суурьтай ажилласан. Дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр баялгийн тухай асуудал, баялгийн хүртээмжийг хангах, иргэддээ тэгш хуваарилах тухай асуудалд саналаа оруулсан нь дэмжигдсэн. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал харамсалтай нь дэмжигдээгүй. Эдийн засаг, төсвийн бие даасан байдал, орон нутгийн бие даасан байдал зэрэг нь бидний санасан хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сууж чадаагүй.

Бидний гаргасан зарим нэг гол гол саналууд дэмжигдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг бууруулах зэрэг асуудлууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бодитоор суусан. Ардчилсан парламентын өөрийн байх зүй тогтлоор Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн дагуу парламентаас сонгох санал унасан. Бүхэлдээ ийн дүгнээд үзэхэд АН-ын бүлгийн гишүүд хэдийгээр цөөхөн байсан ч гэсэн Ардчилсан Монгол Улсаа хамгаалах, ардчиллаа хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг бодитой оруулсан гэж дүгнэж байна.

Үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам /МАН/ 65 суудал авсны дараах дөрвөн жилийг дүгнэхэд эргэж буцсан жил байлаа. Бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй, бодлогогүй ажилласан, УИХ-ын гишүүд болон төрийн бүх шатны алба хаагчдын ёс зүй алдагдсан дөрвөн жил байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн алба хаагчдын сахилга бат хариуцлага, үүн дотроо УИХ-ын гишүүдийн ёс зүй үнэхээр алдагдсан гэдгийг ард түмэн нүдээрээ харсан. Эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй, ард иргэдэд ашиггүй хуулиудыг санаачилсан жилүүд байлаа.

Төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, хөрөнгө оруулалтын үр дүн огт байгаагүй, буруу шийдвэрээсээ зайлж бултсан дөрвөн жил байлаа. Үнэндээ эрх баригчид маш олон буруу шийдвэр гаргасан. Энэ гаргасан шийдвэрээ буцааж зассаныхаа төлөө ажил хийсэн дүр эсгэсэн, эрх  баригчдын дотоод хагарал туйлдаа хүрсэн дөрвөн жил байлаа.

Засгийн газраа огцруулсан, УИХ-ын даргаа огцруулсан, хоорондоо эв түнжингүй болсон. Зөвхөн эрх ашгийн араас тэмцэлдсэний эцэст ард түмэн үрэгдэх шахсан дөрвөн жил байлаа.


АРДЫН НАМЫН 14 ЗАСАГ ДАРГА АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

 

-2016 онд Ардын нам эрх авахдаа Ардчилсан намын ажил хийсэн бүх хүнийг гэмт хэрэгтэн мэтээр цоллож, яллаж буруутгаж ирсэн. Гэтэл харамсалтай нь 2020 онд Ардын нам нэг ч хүнийг яллаж, шийтгэж чадаагүй. Тэдгээр хүмүүс хуулийн байгууллагыг сольё гэсэн. Солиод өгсөн. Сольсон ч гэсэн юу ч шийдэгдээгүй. Юу ч хийж чадаагүй. 

Тухайлбал, Эрдэнэтэд Онцгой дэглэм тогтоолоо гэх  асуудлаар 197 гэрээ хууль бусаар хийсэн байна. Эдгээрийн 70-80 хувь нь хятадуудтай байгуулсан гэрээ. Гэрээний нийт үнийн дүн нь багадаа 150 сая ам.доллароос давсан.

Өнөөдөр Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийднэ гэж хэлээд шийдээгүй. 60 тэрбумын асуудлыг мөн л шийдээгүй. АН бүх аймаг нийслэл хот буюу бүх нэгжид Ардын нам бараг 100 хувь ялсан. Гэтэл өнөөдөр 14 засаг дарга нь авлигын хэргээр шалгагдаж байна. АТГ-д 3-4 жил шалгагдаж байна. Өнөөдөр ард түмэн ядуу, Ардын нам баян байна гэдэг үг үнэн, тодорхой болчхоод байна.


ИРГЭДИЙН ОРЛОГО ЗӨВХӨН ХАЛАМЖААР НЭМЭГДСЭН

 

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

-2016-2020 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харвал 70 орчим хувьтай биелэгдсэн гэж үнэлж байгаа. Бодит байдал дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр 70 хувиар биелсэн үү гэвэл үгүй. Сөрөг хүчний зүгээс амлалтаа 100 хувь биелүүлж ажиллахыг шаардах ёстой.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд зогссон байна. Эдийн засаг 6-8 хувиар өссөн гэсэн боловч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, хүртээмж гэр бүлүүдэд хүрч чадаагүйг статистик харуулж байна. Гэр бүлийн орлого нэмэгдсэн статистик гарч байгаа ч задлаад үзвэл халамжаар нэмэгдсэн байна. АН-ын бүлгийнхнээс эдийн засгийг тэлэх хуулийн төслүүд өргөн барьсан боловч эрх баригчид хэлэлцээгүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж