Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлсэн Эдилсон өөрийгөө өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөөс илүү байсан гэж үзжээ. Бразилын шигшээ багийнхаа төлөө 21 тоглолтонд оролцож, нутгийнхаа Палмейрас болон Коринтиас зэрэг багуудад хүчин зүтгэж явсан тэрбээр ердөө ганцхан улирлыг Европын хөлбөмбөгийн тавцанд Бенфика багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэхдээ 31 тоглолтонд 17 гоол оруулжээ.
Эдилсон орон нутгийнхаа Бандейрантес телевизэд өгсөн ярилцлагадаа “Би ид үедээ Неймараас илүү тоглодог байсан. Тэр надаас илүү болохын тулд хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлэх хэрэгтэй. Харин хувийн амжилтын хувьд Месси надаас илүү болохын тулд мөн л хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлэх хэрэгтэй. Кристиано Роналдо зүгээр л хүчирхэг. Тэр хоёр хөлөөрөө сайн цохидог. Гэхдээ би түүнээс илүү ур чадвартай” хэмээжээ.
Эдилсоны хувьд 2000 оны ФИФА клубуудын ДАШТ-ны “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорсон нь түүний хувьдаа хүртсэн хамгийн том шагнал нь аж. Харин Лионель Месси болон Кристиано Роналдо нар нийт 11 удаа “Баллон д’Ор” буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртжээ.
Холбоотой мэдээ