Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гадаад улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн дараагийн ээлж Энэтхэг улс руу өнөөдөр /2020.05.18/ 08.55 цагт хөөрч, маргааш Улаанбаатар луу эргэн нисэхээр төлөвлөжээ. Тус онгоцоор 190 орчим хүн тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Нислэгт багтсан иргэдэд тус улсад суух Элчин сайдын яамнаас холбогдох мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ. Тодруулбал, Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны тавдугаар сарын 18-ны Даваа гаригийн 18.45 цагт хөөрөх “МИАТ” компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд,
- Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожидолгүй очсон байх шаардлагатай.
- ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана. Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө.
- Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй.
- Эрүүл мэндийн асуумж маягтыг бөглөсний дараа нисэх буудлын хүлээх танхим дахь хаалганы дугаарыг мэдэж аваад Нисэх буудлын дотогш орж Эрүүл мэндийн ажилтанд очиж биеийн халууныг шалгуулж мөнөөх асуумжаа өгч тэмдэглэгээ хийлгэн тамга даруулна.
- Тэндээс рентген аппаратад ачааа тээшээ (23 кг) шалгуулж, гар тээшиндээ шошго авч зүүгээд ачаа тээшээ тэргэнцэрт хийж түрээд зорчигчдыг бүртгэлийн хэсэгт очно.
- Зорчигчдын бүртгэлийн хэсэгт ачаа тээшээ жинлүүлж шошго хадуулна. Зорчигчдын хуудасны хамт өгсөн маягтыг энэ хэсэгт салгаж өгнө. Ачаа тээшний урсгал дамжуурга ажиллахгүй тул 1, 2 дугаар дамжуургад зорчигч ачаа тээшээ аваачиж тавина.
Энэ бүхэнд нисэхийн компани, нисэх буудлын ажилтнууд тусалцаа үзүүлж, зорчигч хилийн байцаан өнгөрүүлэхэд болон гаалийн ажилтанд бичиг баримтаа шалгуулах юм байна. Эдгээр шалгалтын дараа аюулгүй албаны үзлэгт орж рентген хаалгаар дамжин дотогш орсоноор агаарын хөлөгт суухад бэлэн болохыг анхааруулжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ