ОХУ коронавирусээр нас барагсдынхаа 60 хувийг "нуужээ"

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

ОХУ коронавирусээр нас барагсдынхаа 60 хувийг "нуужээ"

ОХУ коронавирусээр нас барагсдынхаа 60 хувийг "нуужээ"

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй ОХУ-ын 11 цагийн бүслүүрийг дамнан орших өргөн уудам газар нутагт халдвар бүртгэгдээгүй газар үлдсэнгүй. Өдгөө нийт 281 мянга гаруй хүн covid-19 өвчнөөр өвчлөөд байгаа тус улсад энэ халдварын улмаас нас барсан хүний тоо бусад нөхцөл байдал хүнд байгаа улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага буюу өнөөдрийн байдлаар /2020.05.18/ 2,600 гаруй хүн нас барсан гэж албан ёсны статистик мэдээнд дурджээ.

Нийт 179 мянган хүн коронавирусээр өвчилсөн Франц улсад нас баралтын түвшин дэлхийд хамгийн өндөр буюу 15,1 хувьтай байхад 1,5 сая хүн халдвар авсан АНУ-д энэ тоо 6 хувь байна.

Харин ОХУ-д нас баралтын түвшин дөнгөж 0,6 хувьтай байгаа нь анхаарал татаж буй юм. Энэ нь дэлхийн дунджаас даруй 7,6 хувиар бага үзүүлэлт ажээ. Зарим ажиглагч, шинжээчид ОХУ-ыг нас барагсдын статистикаа нуун дарагдуулж байна ч гэж хардаж эхэлсэн юм.

Москвагийн Эрүүл мэндийн газар коронавирустэй холбоотой нас баралтын талаар мэдээ мэдээлэл бүрэн нээлттэй хэмээн мэдэгдсэн ч тус улс нас барагдсыг тоолж, бүртгэхдээ бусад улс орнуудаас өөр арга барил ашиглаж буйгаа хүлээн зөвшөөрчээ.

Мөн Америкийн CNN тэргүүтэй хэд хэдэн мэдээллийн агентлагууд Москва хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард 11,846 хүн нас барсан хэмээн бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 20 орчим хувиар өссөн байжээ. Тус хотод өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрөвдүгээр сард дунджаар 9,866 хүн нас барж байсан аж. Үүнийг тооцоод үзсэн ч ОХУ-д нас баралт АНУ, Итали, Франц, Испани зэрэг коронавируст цар тахалд хамгийн их өртсөн улсуудаас хамаагүй бага байгаа юм.

Москва хотын Эрүүл мэндийн газрын мэдээлснээр тус улс нь нас барсан хүн нэг бүрийн нас баралтын шалтгааныг тодруулахаар нарийн оношилгоо, шинжилгээ хийдэг бөгөөд коронавирусийн халдвар авсан ч нас баралтын шууд шалтгаан нь коронавирус биш, суурь өвчтэй байсан хүмүүсийг тусад нь тоолж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тухайн нас барсан хүн нь зүрх судасны ямар нэгэн өвчтэй, хорт хавдартай, цусны халдвартай байж байгаад коронавирусийн халдвар авч, улмаар амь насаа алдсан тохиолдолд үүнийг коронавирусийн улмаас нас бараагүй, суурь өвчний улмаас нас барсан гэх ангилалд ангилж байгаа юм байна.

Харин дээрх тохиолдлуудыг тооцох юм бол ОХУ-д коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо даруй 60 хувиар өсөх ажээ.

"Улс орон бүр нас барагсдаа өөр өөр аргаар бүртгэдэг тул тэдгээрийг хооронд нь харьцуулж, тоо баримт гаргах нь тийм ч зөв зүйл биш юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Татьяна Михайлова ярьжээ.

Мөн зарим эрдэмтдийн үзэж буйгаар тус улсад нас баралт бага байгаа нь халдвар бусад улс орныг бодвол харьцангуй оройтож тархсантай холбоотой байж магадгүй бөгөөд ирэх долоо хоногуудад нас баралт огцом нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй ажээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж