Ядарсан биш задарсан монголчууд

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Ядарсан биш задарсан монголчууд

Ядарсан биш задарсан монголчууд

Сүүлийн үед цахим ертөнцөд орон гэргүй, оочих аягагүй, өвчинд шаналсан, өтөлж, хөгширсөн гээд янз бүрийн насныханд тусламжийн гараа сунгах, хандив цуглуулах, хоол хүнс тараах үзэгдэл олширчээ. Сайн дурынхан, залуус нэгдэж, ТББ-ынхан хамтарч өвдөж, шаналсан, өнчирч үлдсэн, орон гэргүй гэх зэрэг олон хүнд тусласан тухайгаа олон нийтийн сүлжээгээр цацах болж. Түүнд нь оролцогчид ч нэмэгджээ. Бусдад туслах нэг насны буян боловч бусдыг буруу сэтгэлгээнд суулгах нь илүү болж гэлтэй.

Монгол залуусын орон. Ингэж бахархаж, сайрхаж яриснаараа улс маань хөгжвөл хөгжихөөр цаг хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь бидний “бахархаж” ирсэн өнөөх залуус ажилгүйчүүдийн эгнээг тэлсээр өнөөдөр ядууралд гүн шигдэж “төрийн хишиг” горьдсон залхуучууд болжээ.

Халамжийн бодлого “хавтгайрах”-ын хэрээр иргэдийн амьжиргаанд сайнаар гэхээсээ илүү саараар нөлөөлж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа нь илэрхий. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийг урамшуулах, Нийгмийн халамжийн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Ахмад настны, Алдар цолтой ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гээд халамжийн цөөнгүй хуультай. Эдгээр хууль хэрэгжсэнээр “Хүүхдийн мөнгө”, “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөр, хүнсний эрхийн бичиг, асаргааны, онцгой тохиолдлын, алдарт эх, одонтой ээжийн, алдар цолтой ахмад настны, жирэмсэн ээжийн тэтгэмж зэрэгт асар их мөнгө зарцуулдаг. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц тогтоолыг баталж, хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсон.

Дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг тэтгэмжийг ирэх аравдугаар сар хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 547 тэрбумыг зарцуулах шаардлагатай. Дээр нь сар бүр олгодог “хүүхдийн мөнгө”-ийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж,  30 мянган төгрөг сар бүр олгоход төсвөөс багаггүй мөнгө зарцуулж буй.

Монгол Улсын нийгмийн халамжийн үйлчилгээг жилд 800.000 хүн хүртдэг. Бараг таван хүн тутмын нэг нь халамж хүртэж байна гэсэн үг. Энэ нь хүн амын нийт тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Жишээ нь, 250.000 иргэнд хүнсний эрхийн бичиг очдог. Тэдгээрийн 90 000 нь ажил хөдөлмөр эрхлэх насны эрүүл хүмүүс.

Тоон баримт сөхөхөд, улсын хэмжээнд ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны нэгдүгээр улиралд аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлснээс 4.7  мянга нь “ажил идэвхтэй хайхгүй байгаа” шалтгаанаар хасагдсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Цаана нь бүртгэлгүй ажилгүй залуус хэчнээн байгааг хэлж мэдэхгүй. Наад захын жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо. Тус хороо нь шинээр байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн гурван сарын хугацаанд хорооноос хүнсний тусламж, халамж хүсэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Харин ажил хийх хүн олдоогүй гэдгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Э.Баянжаргал хэлж байсан. Түүний хэлснээр өдрийн 50 мянган төгрөгийн ажлын санал тавьсан ч бүртгэлтэй ажилгүйчүүд нь огт тоож ирдэггүй гэнэ. Үнэхээр ажил хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн ч бас цөөнгүй байдгийг үгүйсгээгүй.

Мөн Чингэлтэй дүүргийн XII хорооны ажилтны хэлснээр хороо нь  хамгийн их оршин суугчтай,  ядуурал ихтэй бүс нутагт хамаардаг ч ажил хийх хүн олдохоо байсныг учирлаж байсан юм. Нээлттэй ажлын байр зарламагц  утсаар бүртгэлгүй ажилгүй иргэдээ дууддаг ч тэд ямар нэгэн шалтгаан тоочоод ирдэггүй гэдгийг ч хэлж байсан юм.

“Ажилгүй” гэх тодотголтой эмзэг бүлгийн иргэдээ дэмжсэн энэ бүх “төрийн хишиг”-ээс гадна төрийн бус байгууллага, сайн дурынхан нийгмийн эмзэг бүлгийнхнээр “тоглолт” хийж элдэв хандив тусламж хоол хүнсний цуваа тасрахгүй. Үүнийг нь ч өнөөдүүл нь андахгүй гэхэд хилсдэхгүй. Эдгээр сайн үйлсийн аян, тусламж хэрэгтэй хүнд, тусламж шаардлагатай айлдаа хүрч байж болох ч бас “хишиг”-ээр амьдраад сурчихсан хэсэг бүлгийнхнийг өөгшүүлсэн гэхэд нэг их буруудахгүй.

Сайн дурынхны нийгмийн сүлжээнд нийтэлсэн эмзэг ядуу өрх нь гаднаа ч тэр, дотроо ч тэр паланцаг. Ядуу гэхээсээ илүү хог новшиндоо дарагдсан гэртээ амьдарч буй хүмүүс нь бас л хөдөлмөрийн насныхан. Тэд олон хүүхэдтэйгээ гайхаж, ажил олдохгүй ядуу  амьдарч буйн буруугаа төр лүүгээ чихнэ. Бас илүү халамжийн мөнгө нэхнэ. Төрийн “хишиг” хаана ч хүрэхгүй байна гэж гомдоллоно.

Хавтгайрсан халамж ядуурлыг бууруулах нь битгий хэл, хөдөлмөрийн насныхныг улам залхуу, илүү хойрго, бэлэнчлэх сэтгэлгээнд сургадаг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу.

Төр ядарсан биш задарсан иргэдээ өөгшүүлж “халамж”-аар угжиж, төрийн бус байгууллага нь тэдний амьдралаар шоу хийж нэг өдрийн үмх мах, хүнс тараах бус ажлын байраар  хангах учиртай. Загас барьж өгөх бус загас барихыг нь зааж өг гэж ардын үг байдаг нь ч учиртай.  Энэ л нэг өдрийн хоолноос, архины мөнгөнөөс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээнээс салгаж амьжиргааг дээшлүүлэх бодит дэмжлэг болно.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж