Тавхан сарын өмнө коронавирусийн халдварын талаар хэн ч мэдэхгүй байв. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 2019 оны сүүлээр шинэ коронавирусийн халдвар илэрч, дэлхийд албан ёсоор зарласан нь 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр байсан юм. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 126 улсад бүртгэгдэж нийт дөрвөн сая 716 мянган хүн өвчилснөөс 312 мянган хүн нас барж, нэг сая 810 хүн эдгэрчээ. Коронавирусийн халдвар нь дэлхийн хүмүүсийг ажлын байрнаас нь , хүүхдүүдийг сургуулиас нь, хүмүүсийг найз нөхдөөс нь хөндийрүүлж эмнэлэгүүдийг дүүргэж олон нийтийн газруудыг хоосолсон гэхэд буруудахгүй.
Монгол Улсын хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр дөнгөж өнгөрөхтэй зэрэгцээд түгшүүр зарласан нь коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн явдал. Дэлхийн зуу гаруй оронд тархсан шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Францын иргэнээс илэрсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсд бүртгэгдсэн 136 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд.
Тодруулбал,
- Улсын Онцгой комиссын /УОК/ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ОХУ-аас 280 орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татан авсан. Эдгээрээс эрсдэлтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 32 оюутны 21-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.
- Тавдугаар сарын 14-нд Улаан-Үд орчмоос 220 оюутан, тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татаж авсан. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн 57-оос нь халдвар илрээд байна.
Цаашид ч ОХУ-д байгаа 1000 гаруй оюутныг шат дараатай татан авах асуудал яригдаж буй. Учир нь тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байгааг Гадаад харилцааны яамнаас онцолсон.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орон руу 13 удаагийн нислэг үйлдэж 8744 иргэнээ эх орондоо авчирчээ. Хамгийн анхны нислэгээр буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа авчирч байв. Үүнээс хойш Сөүл, Токио, Берлин-Москва, Франкурт, Истанбул чиглэлд 11 удаагийн нислэг үйлдсэн байдаг. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд транзит нислэгээр Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байсан 273 иргэнийг эх орондоо татан авсан бол тавдугаар сарын 3-нд Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн монголдоо ирсэн.
Улмаар тавдугаар сарын 14-нд Туркийн Истанбул хотоос 179 иргэнээ татаж авсан бол өнөөдөр /2020.05.18/ тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү ниссэн. Онгоц өнөөдөр Улаанбаатарт газардах юм.
Гэсэн ч тусгаарлах байр, эмч нарын нөөц бололцоо гээд олон асуудал урган гарч байна. Тусгаарлах байрны нөөц боломж нь хязгаарлагдмал, хүрэлцэхгүй шахам ийм нөхцөлд муугаар бодоход халдварыг дотроосоо алдах ч аюултай. Тухайлбал, зөвхөн тусгаарлах байрны асуудал ч биш цаг наргүй ажиллаж буй эмч нарын ачаалал ч дийлдэхгүйд хүрч, халдвар “зөөвөрлөгдөн” орж ирэх магадал ихэснэ.
Эрүүл мэндийн салбар нь тааруу, хөгжиж амжаагүй манай улсын хувьд халдварыг тогтоон барих гэж эмч мэргэжилтнүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад гаднаас иргэдээ татан авсаар байвал муугаар ярихад нэг өдөр халдварыг алдах ч эрсдэлтэй.
Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу.
Тэгвэл цаашид тусгай үүргийн нислэг үйлдсээр байвал тусгаарлах байрны хүрэлцээний асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад:
-Засгийн газар, Улсын онцгой комисс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан гадаадаас иргэдээ татан авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага үүргээ л биелүүлж ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг өмнө нь хүлээн авч байсан журмаар л хил нэвтрүүлж, тусгаарлана. Тусгаарлах байрны хүртээмжийн асуудлыг зохицуулсан учраас л гадаад дахь иргэдээ татан авч байгаа. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иргэдээ татан авах ажлыг зохион байгуулдаг. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагатай уялдаа холбоотой ажилладаг. ОХУ-аас ирсэн оюутнуудыг халдвар “зөөвөрлөх” өндөр эрсдэлтэй байгааг тооцоолсон. Тэд Монгол Улсын иргэн учраас бид хүлээн авна, эмчилнэ. Өвчтэй байвал оношилно. Хавьтал болсон тохиолдол тусгаарлаж, хяналтаа тавина.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ