Ханиалгасан бүхэн "covid-19" туссан гэсэн үг биш | News.MN

Ханиалгасан бүхэн "covid-19" туссан гэсэн үг биш

Ханиалгасан бүхэн "covid-19" туссан гэсэн үг биш

Ханиалгасан бүхэн "covid-19" туссан гэсэн үг биш

Хавар, зуныг ирж яваа сайхан цаг хэмээн бэлгэшээдэг. Моддын дунд шувуудын жиргээ сонсч амарч тухлахыг хүн бүр юу юунаас илүү хүсэх нь мэдээж. Харин харшлын өвчтэй, тэр тусмаа ургамлын тоосны харшилтай хүмүүс зуны дэлгэр цагт илүү их “зовдог”.

Хамар битүүрч, нус, нулимастайгаа холилдох нь юу ч биш. Зарим хүн ханиалгаж, бие загатнаж нойргүй хонох нь энүүхэнд боллоо гэж халаглаж эхэлдэг. Харшлын гаралтай өвчнөөр шаналж яваа хүмүүсийн 24-30 хувь нь ургамлын тоосноос харшилсан байдаг аж. Арьс өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр модлог, ургамлын тоосонцрын харшил идэвхжиж, эмнэлэгт хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон гэнэ. Тус эмнэлэгт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар амбулаториор 22.378  хүн үйлчлүүлсэн байна. Энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харшил ханиаднаас илүү хүмүүсийг дарангуйлж байгаа нь эмч нарын санааг чилээх болжээ. Харин энэ цаг үед харшилтай хүмүүс “найтаах ч” эрхгүй болоод буй. Учир нь олон нийтийн газар, гудамж талбайд ханиалгаж найтаалгасан хүнтэй таарвал бид аль болох холуур өнгөрч бас коронавирусийн халдвар "тээгч" гэж сэжиглэх болоод багагүй хугацаа өнгөрсөн нь үнэн. 

Харшилтай давхцан хүн бүрийн толгойны өвчин болсон “covid-19” халдвар, ханиад томуу, харшлыг хэрхэн таньж мэдэх талаар АӨСҮТ-ийн  Арьс гоо заслын харшлын эмч тэргүүлэх зэрэгтэй профессор Г.Доржхандай ярилцлаа.

-Арьс өвчин судлалын үндэсний төвд харшлын улмаас эмчлүүлэх хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Эмнэлэгт хандаж буй хүмүүст ихэвчлэн ямар төрлийн харшил зонхилдог вэ?

 -Цар тахлын улмаас орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосон ч харшлын гаралтай өвчлөл буурахгүй байна. Арьс өвчин судлалын үндэсний төвд хандаж буй хүмүүс улирлын чанартай харшлаар өвдөж байна. Ялангуяа модлог ургамал, улиас бургасны харшил эхэлсэн энэ үед харшлаар өвдсөн хүмүүс хандах нь их. байгаа юм. Өөрөөр хэлбэл, харшил нь  их зовиур шаналгаатай учраас эмнэлэгт хандах хүмүүс жилээс жилд нэмэгдэж байна.

-Модлог ургамлын харшил өвчлөл үүсгэх гол шалтгаан нь юу вэ. Хавар, зуны улиралд илүү их идэвхждэг үү?

-Модлог ургамал болох улиас, улиангар, хус мод, бургасны харшлын  алигрий болох тоосонцор нь агаарт тодорхой цаг үед идэвхэждэг. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд модлог ургамлын тоосжилт агаарт тоосонцортой холилдож  хүний нүдний салст, амьсгалын замаар дамжин харшил үүсгэдэг.

-Модлог ургамал, улиас бургасны харшил эхэлсэн энэ үед улиасны хөвөн харшил үүсгэдэг үү. Нөгөө талаас улиас, улиангарын хөвөнгөөр дамжин “covid-19” халдвар тархах эрсдэлтэй гэх сэрэмжлүүлэг мэдээлэл нь хэр бодит вэ. Халдвар дамжих эрсдэлтэй юу?

Улиасны хөвөнгөөр дамжуулан коронавирусийн халдвар тархах магадлалтай гэж хэлж чадахгүй. Бас халдвар тархахгүй гэж хэлэх ч боломжгүй. Нэг үгээр хэлэхэд, улиасны хөвөнгөөр дамжин “covid-19”халдвар тархах эрсдэлтэй гэх мэдээллийг ор тас үгүйсгэж болохгүй. Агаарын орчинд халдвар маш өндөр тархалттай үед улиасны хөвөнгөөр дамжин халдвар дамжихад нөлөөлөх хүчин зүйл байж болно. Коронавирусийн халдвар нь дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн “шинэ халдвар” учраас эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд одоо ч судалсаар байна. Тиймээс дээрх асуултад тодорхой хариулт өгөх боломжгүй.

Коронавирусийн халдварыг судалж буй эрдэмтэд, судлаачдын мэдээллээс харахад улиасны хөвөн нь харшил үүсгэгч биш. 

Харин ургамал судлаачдын ярьдгаар эр, эм улиасны харилцан үржүүлгийн тэнцвэртэй байдал алдагдсанаас болж улиасны хөвөн ихэсдэг. Энэ нь хүмүүсийн нүд, хамар луу орж, биед наалдаж загатнуулах байдлаар механик цочрол өгөхөөс биш ямар нэгэн харшил үүсгэхгүй.

-Харшил, ханиад томуу, коронавирусийн халдварыг хэрхэн таньж мэдэх вэ. Эхэн үедээ бүгд адилхан шинж тэмдэгтэй гэж гадны судлаач, эрдэмтэд хэлсэн байна билээ?

-Улирлын харшил эхэлсэнтэй холбоотойгоор энэ асуудал зүй ёсоор яригдаж байна. Харшил, ханиад томуу, коронавирусийн халдварын үед толгой өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг адилхан.  Ханиад бол хамар битүүрч, хоолой өвдөх ч  халуурч, ханиалгах зэргээр богино хугацаанд хүчтэй шинж тэмдэг илэрдэг.

Мөн цар тахлын үед хуурай ханиалгаж өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ гэдгийг анхааруулж буй. Иймд харшил хөдөлсөн үед ханиалгаж болох ч халуурахгүй, богино хугацаанд хүчтэй шинж тэмдэг илрэхгүй.

Харшил хөдөлсөн үед хамар битүүрч, нүд загатнаж нулимс гоожино. Хэрэв эм уухгүй удаан үргэлжилбэл ханиалгаж эхэлнэ. Тэгэхээр харшлын үед халуурахгүй.

-Хавар, зуны улиралд хүмүүс харшилаар шаналах хүмүүс олон. Өвчлөл үүсэх гол шалтгаан нь юунаас болж байна вэ?

-Дэлхий дээрх долоон тэрбум хүний 40 хувь нь ямар нэгэн харшилтай гэх судалгаа байдаг. Манай улсын хувьд Монголын харшил судлалын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар Монголд таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай гэж тодорхойлсон. Жилээс жилд харшлын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь агаар орчны бохирдол, амьдралын буруу хэв маяг нөлөөлж байна. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. Эрүүл, аюулгүй баталгаатай хүнс сонгож хэрэглэх нь чухал. Архи тамхи, лаазалсан бүтээгдэхүүн, өндөг, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, кофе, чихэрлэг бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэвэл харшил үүсгэгч хүчин зүйлс болно.

Модлог ургамлын харшил эхэлсэн үед алим, хар чавга, чангаанз, тоор, лийр, киви, лууван, төмс, ойн самар хэрэглэвэл харшилтай хүмүүсийн харшил илүү хөдөлж, биед зовиур илэрнэ. Наадмын дараа намар хүртэл шарилжны харшлын оргил үе байдаг. Энэ үед шарилжны харшилтай хүн айраг, гүүний саам уухад шарилжгүй газар байсан ч харшил нь хөдөлнө.

Шарилжны харшлын үед аль болох хөл газрын ургамал төмс, зөгийн бал, тарвас, мандарин, жүрж, амтат гуа, помидор хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мөн үр тарианы харшилтай хүмүүс гэж байдаг. Ийм харшилтай бол какао, үр тариа, овъёос, арвай зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

-Мод, шарилж, үр тариа, тоосны харшилтай гэдгээ яаж мэдэх вэ. Харшлаар өвчилсөн үед ихэвчлэн ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тухайн хүн ямар төрлийн харшлаар өвчилсөн бэ гэдгийг арьсыг хатгаж үзэх байдлаар сорилоор мэднэ. Хэрэв харшлын эм уусан бол сорил тавихгүй. Мөн хөхүүл жирэмсэн болон нярайд  сорил тавьдаггүй. Харшлын үед ихэвчлэн нүднээс нулимс гарах, хамар загатнах, нус гоожих, найтаалгах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь тухайн хүндээ маш зовиуртай байдлаар илэрдэг тул хүмүүс эмнэлэгт ханддаг.

– Монголд харшилгүй хүн гэж байхгүй гэж ярьдаг. Бие физиологийн хувьд ямар төрлийн хүн харшилд өртөмтгий байдаг вэ?

Бодисын солилцоо нь идэвхтэй явагддаг хөдөлмөрийн насны хүмүүс ихэвчлэн харшилд өртөмтгий байдаг. Ерөнхийдөө 20-30 насны залуус нийгмийн амьдралд идэхтэй байдаг тул эрхэлж буй ажил, амьдарч буй орчин, хооллолт, стресс зэрэг амьдралын хэв маягаас шалтгаалан харшилд мэдрэмтгий болж байна.

Мөн Арьс өвчин судлалын үндэсний төвд хандаж бага насны хүүхдүүдийг харж байхад дөнгөж төрсөн нярайгаас  сургуулийн насны хүртэлх хүүхдүүд эцэг эхийн суурь харшлын нөлөөнөөс үүдэлтэй харшлын гаралтай өвчин илүү тохиолдож байна.

Уг өвчний суурь нь харшлын өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлс  шалтгаалж байна. Жирэмсэн эхийн хувьд зөв хооллож, сайн унтаж амарч, хорт зуршлаас хол байх ёстой. Мөн стрессгүй тайван байх ёстой. Гэтэл чихэр, жимсний хэт их хэрэглээ буруу хооллолтоос үүдэн дөнгөж төрсөн нярайд хүртэл харшил үүсч байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг учраас жирэмсэн болохоос өмнө биеэ бэлдэх нь чухал. Хэрэв эцэг эхийн аль нэг нь харшилтай байвал хүүхэд нь өвчлөлт өртөмтгий, харшилд мэдрэмтгий байх магадлал өндөр.

-Харшлыг эмээс илүү эрүүл зөв хооллолтоор эмчилж болно гэсэн үг үү?

-Залуус харшилд илүү өртөмтгий, мэдрэг байгаа нь ажил, амралтаа зохицуулдаггүй, стресстэх, буруу хооллолт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Харин сүүлийн үед иргэд хооллолтдоо анхаарч эхэлсэн нь анзаарагддаг. Хорт зуршил, түргэн хоолноос илүүтэй ногоон хүнс хэрэглэхийг эрмэлздэг болсон байна. Иймд дархлаа дэмжих хүнс хэрэглэж, хангалттай нойр авч, ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Эрүүл зөв хооллолт бол эмнээс илүү эмчилгээ болно. Гэхдээ харшлаар өвчилсөн бол огт эм битгий хэрэглэ гэж зөвлөхгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буяаа 2020-05-18 202.21.109.76

Харшилын маш сайн эмнэлэгийг там болгсон хүн нь цогцэцэг гэж шуналын тулам байга да улсын эмнэлгийн мөнгөөх хувидаа эмнэлэг байгуулад өдөрийн 100 000 хэвтүүлдэг ёрийн хар *л байгаа одоо ч аллрги мед эмнлэг нь төмөр замд байж л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж