Өнгөрөгч гурван өдөр баруун болон төвийн аймгуудаар үргэлжилсэн онц хүчтэй шуурга Дорноговь аймгаар өндөрлөлөө. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас /ЦУОШГ/ мэдээлсэн. 2008 оны байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байжээ.
Тэгвэл ЦУОШГ-аас энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч зарим үед 34м/с хүрч, Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болно гэдгийг сэрэмжлүүлсэн юм. Улмаар тавдугаар сарын 16-ны өдрөөс тавдугаар сарын 17-ны 08.00 цаг хүртэл Сэлэнгэ, Хэнтийн зүүн, Төв, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 0.0-28.6 мм хур тунадас орсноос хамгийн их нь Дорнодын Гурванзагалд 28.6 мм, Сүмбэрт 20.0 мм, Халхголд 16 мм, Сүхбаатарын Түмэнцогт, Баруун-Урт, Дорнодын Сэргэлэнд 11-12 мм хур тунадас орсон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 8-13 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 15-21 метр, түр зуур 23-27 м/с хүрч ширүүсч хүчтэй шороон шуурга шуурчээ.
Ямартай ч өнгөрсөн өдрүүдэд дээрх аймгуудад хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй аж. Харин энэ сарын 14-нд Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүссэний улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болоод байсныг холбогдох албанынхан янзалсан байна.
Баянхонгор аймгийн Бууцагаан суманд энэ сарын 15-нд шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин Ж-ийн бэлчээрт байсан 390 гаруй бог мал шуурганд урууджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 20:44 цагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт зогсоожээ. Улмаар тавдугаар сарын 16-ны өдөр цаг агаар тогтуун болсон тул малчид өөрсдийн хүчээр малаа эрэн хайхаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улс бусад улстай харьцуулахад салхи ихтэй байдаг тул хүчтэй салхи, шуурганы эрсдэл тохиолдох магадлал өндөр, мөн хүчтэй салхинаас шалтгаалан ой, хээрийн гал түймэр гарах тохиолдол ихтэй. Хамгийн сүүлийн мэдээгээр хүчтэй салхи, шуурганы улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Авшиг-Овоо гэдэг газар ой хээрийн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах гурван ангийн алба хаагчид өчигдөр /2020.05.17/ цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар таван га талбай шатсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Алтан эмээлтийн хоёрдугаар гудамжинд малын өтөг, бууц шатсан тохиолдол бүртгэгджээ.
Дашрамд дурдахад, цаг агаарын нөхцөл байдал муудсантай холбогдуулан өнгөрсөн баасан гаригаас /2020.05.15/ эхлэн Сүхбаатар , Хэнтий, Дундговь болон Өмнөговь аймаг тус, тус орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаад байсан бол өчигдрөөс эхлэн нээжээ. Мөн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоогоод байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ