С.Мөнхчулуун: Сэтгэлээ засаагүй хүмүүс төр засна гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

С.Мөнхчулуун: Сэтгэлээ засаагүй хүмүүс төр засна гэж байхгүй

“Нэр хүндийн булан”-д маань энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга Самданнямын Мөнхчулуун оролцож байна. Тэрээр төрийн албаны ёс зүй, хариуцлага, чадамжийн талаар судалж, бас ажил хэрэг болгон ажиллаж буй шилдэг төрийн албан хаагчдын нэг билээ. Түүнтэй чухал сэдвийн хүрээнд ярилцлаа.

Төрийн албыг амьдралын баталгаа гэж хардаг, найман цаг цалингаа хүлээгээд сууж байдаг хүн төрд хэрэггүй.

-Та төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын талаар их хөнддөг. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

-Төрийн албаны мөн чанар ард иргэддээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх явдал. Тиймд төрийн албан хаагч өөрөө төрийн үйлчилгээг ямар хэмжээнд авахыг хүсэж байна, түүн шигээ төрийн үйлчилгээгээ иргэдэд хүргэхийг хүсч, хичээж ажиллах ёстой. Үүнийхээ төлөө татварын мөнгөөр төрийн албан хаагчид цалинждаг. Иймээс миний зүгээс албан хаагчиддаа захиж хэлдэг зүйл бол Иргэдийн төлсөн татварын мөнгөөр цалинждагаа бодож ажиллах, иргэдийг өөрийнхөө эцэг, эх, ах, дүүтэй адил санаж үйлчлэх хэрэгтэй гэж хэлдэг. Бид тамгын газар албан хаагчиддаа Найрсаг Сонгинохайрхан гэсэн смайл дүрстэй энгэрийн тэмдэг зүүлгэдэг болсон. Энэ нь хүмүүст эерэг сэтгэл төрүүлдэг. Энгэртээ смайл зүүсэн төрийн албан хаагч зан харьцааны доголдол гаргавал ичгэвтэр байдалд орох нь мэдээж. Төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн бухимдал, гомдол их байдаг. Энэ нь дан ганц төрийн албан хаагчдад хамааралтай биш. Төрийн албаны хуваарилалт, тогтолцоо бас алдаатай байгаагаас шалтгаалж байгаа.

-Төрийн албаны одоогийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй ханддаг гэсэн үг үү?

-Тогтолцооны хувьд анхаарах ёстой зүйлүүд байгаа. Тухайлбал, төрийн албаны ажлын ачаалал, хуваарилалт, урамшуулал гэх мэт. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймаг, нийслэл, сум, дүүрэг гэсэн засаг захиргааны нэгжтэй байна гэж заасан байдаг учраас 3.000 хүн амтай сум, 300.000 хүн амтай дүүрэг хоёрын статус адилхан байгаад байна. Үүнээс үүдээд манай ажилтнуудын иргэдэд хүргэх хүртээмж нь бага, ачаалал ихтэй, хурдан шуурхай үйлчилж чадахгүй, уур уцаартай зан байдал гаргахад хүрдэг тал байдаг. Мөн хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд 355931 төгрөгөөр цалинждаг. Тэгэхэд уул уурхайн компаниуд болон хувийн томоохон компаниудад өндөр боловсролтой, чадварлаг ажилтнуудад 4000 – 5000 долларын цалин, 5-10 жил тогтвортой ажиллаад өөрийн нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлж авах байр хүртэл санал болгож байна. Төрийн албанд ажиллаж байгаа чадварлаг албан хаагчид хувийн хэвшлийн байгууллагад очиж ажиллах тохиолдол их гарч байгаа нь цалин хөлстэй холбоотой. 400 мянган төгрөгөөр төрийн албанд ажиллах уу, 4 сая төгрөгөөр хувийн хэвшилд ажиллах уу гэдэг асуудал гарч ирэхэд өөрт ашигтайг сонгох нь мэдээж хэрэг. Иймээс чадварлаг албан хаагчдыг төрийн албанд тогтвортой ажиллуулна гэвэл зөв хөшүүрэг, механизмтай болох шаардлагатай.

Гэхдээ та төрийг муу менежер гэдэгтэй санал нийлдэггүй байлгүй. Төрийн сайн менежер байлгахын төлөө та ажиллаж байгаа хүн. Ийм боломжтой биз дээ, уг нь?

-Төр хамгийн муу менежер гэдэг яриа төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчлах зорилготойгоор гарсан хэлц гэж боддог.  Төрийн албан хаагчид улс төрийн, нийгмийн, эдийн засгийн хүрээний хөтөч нь буюу менежер нь юм. Бүхэл бүтэн улсынхаа менежментийг төрийн албандаа даатгачихаад тодорхой нэг үйлдвэр, барилга байгууламжийг хувьчлах асуудал гараад ирэхээр л төр муу менежер гээд эхэлдэг шүү дээ.  Би Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэргэжилтнээс эхлээд ТХХТ, концессын хэлтсийн дарга хүртэл ажиллаж байсан. Төрийн өмчийн менежментийг сайжруулан ашигтай ажиллах боломжууд их байдаг гэж хардаг.

-Та Нийслэлийн Өмчийн харилцааны газар ажиллаж байсан. Тэнд хуримтлуулсан туршлага тань төрийг сайн менежер байлгах зарчимд тань хэр нөлөөлж байна вэ?

-Туршлагатай мэдлэг чадвартай  хамт олон, удирдлагуудтай ажилласнаар их зүйл сурсан. Өмчийн харилцааны газрын ТХХТ, Концессын хэлтсийн даргаар  ажиллаж байхад манай газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Баасанжав, мөн УИХ-ын гишүүн асан, тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дарга нарын шууд удирдлаганд ажиллаж байсандаа их олзуурхаж явдаг. Энэ дарга нар маань төрийн албаны мөн чанар, ёс зүй, захирах захирагдах ёс зэргийг өөрийн бие, үг үйлдлээрээ үлгэр дуурайлал болж ирсэн төдийгүй намайг жинхэнэ төрийн албан хаагч хүн болоход хамгийн их нөлөөлсөн хамт олон, бие хүмүүс байсан.

-Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг намын харьяаллаас салгах чиглэлээр байнга л ярьлаа. Гэвч үр дүнд хүрсэнгүй юу даа, та юу гэж дүгнэж байна?

-Энэ нь өнөөгийн Монгол улсын хөгжилд нөлөөлж буй ноцтой тулгамдсан асуудлын нэг. Хууль тогтоогчид төрийн албыг намаас салангид байлгах ёстой хэмээн хуульчлан баталсан хэдий ч өөрсдөө намтай хутгаад байгаатай холбоотой. Жишээ нь хамтарсан Засгийн газар байгуулагдаж Яамдыг намууд хувааж авч байгаа нь Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд мэргэжилтэн хүртэлээ солигдох үндэслэл болж байна. 2012-2015 оны хооронд гурван удаа Засгийн газар солигдсон. Үүнийг дагаад сайд нар, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтэн хүртлээ шат шатандаа гурван удаа солигдож ажиллах болж байна. Гэтэл  эдгээр хүмүүс төрийн албыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангаж ажиллах, цаашлаад төрийн бодлого гаргагчдыг мэргэжлийн зөвлөмж зөвлөлгөөгөөр хангаж, бодлого шийдвэрийг тасралтгүй хэвийн хэрэгжүүлэх ёстой. Энэ мэтчилэн төрийн албан хаагчид хуулиар хамгаалагдсан хэдий ч хүссэн хүсээгүйгээр халаа сэлгээнд орж байгаа нь хэвийн явагдаж байсан ажлууд нь зогсох, дахин шинээр эхлэх хүртэл хэмжээнд очих хор уршигтай юм. Би яг энэ сэдвээр докторын судалгааны ажил хийж байгаа учир судлаачийн байр сууринаас ярьж байгаа юм шүү.

-Залуучуудыг нам, төр гэсэн хоёр сонголтын дунд тэлээ хурга шиг байх сонголт руу энэ тогтолцоо нь өөрийн эрхгүй татаж оруулдаг гэдэгтэй санал нийлэх үү?

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг монгол зүйр үг байдаг. Засгийн газар олон солигдож, тухай бүрт нь бүтцийн өөрчлөлт хийж, улс төрчид нь өөрсдөө баталсан хуулиа хүндлэхгүй байгаа нөхцөлд залуучууд үзэл бодлоороо биш ч гэсэн танил талаараа заавал аль нэг нам, улс төрчрүү хандаж байж ажлын байраа хадгалж үлдэхэд хүрч байна. Хамгийн гол нь нэг төрийн албан хаагч өөрийн томилогдсон ажилдаа 3-4 жилийн ажиллаж байж сая нэг жинхэнэ ажлынхаа үр шимийг мэдэрч ажилдаа мэргэшдэг. Гэтэл дөнгөж өөрийн ажилдаа мэргэшиж байтал, засаг өөрчлөгдөн ажлын байр нь өөрчлөгдөх явдал гардаг. Энэ мэтчилэн ажилдаа мэргэших чин үнэнч сэтгэлээр, тогтвортой ажиллах боломж олгохгүй солигдож байгаа нь үүний тод жишээ юм даа.            Мөн хууль, журмыг тогтоох дээд байгууллага болох УИХ, НИТХ –д төрийн албанд мэргэшсэн мэдлэг туршлагатай, тухайн салбарынхаа зовлон жаргалыг мэддэг хүмүүсийн сонгогдох боломжийг хангаж өгөх хэрэгтэй юм.  Жишээ нь эрүүл мэнд, боловсролын салбарын төлөөлөл тэдний дуу хоолой УИХ, НИТХ –д дутагдаад байна уу гэж бодогдож байгаа.  Багш, эмч нарын төлөөлөл сонгогдож байх үед л боловсрол, эрүүл мэндийн салбарын гол гол хууль тогтоомжууд батлагдан гарч байсан байдаг. С.Төмөр-Очир гуайг УИХ-ын дарга байсан 2002 онд Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулиуд шинэчлэн батлагдаж байснаас харагдаж байна.

-Залуу хүн төрд тогтвортойгоор мэргэших, улс төрийн эрх мэдэл солигдсоноос хамаарахгүйгээр тууштай ажиллах боломж бололцоо бий гэж харж байна уу

АНУ-д Төрийн албан хаагчийг хар модонд хадсан толгойгүй хадаастай зүйрлэдэг. Энэ нь нэг орсон бол буцаагаад сугалах бараг боломжгүй гэсэн утгатай үүнтэй адил төрийн алба нь Мерит зарчимаар буюу мэрэгшиж тогтвортой ажиллах боломжтой юм.  Монгол Улс 90 оноос хойш гурван үе шаттайгаар төрийн албаны шинэтгэл хийхдээ төрийн албатай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, төрийн албаны талаар шаардагдах хууль, тогоомжуудыг батласаар байгаа. Одоо ганцхан зүйл дутагдаж байгаа тэр нь баталсан хуулиа хүндэлж, дээдэлж, биелүүлэх юм.

Халагдсан хүн шүүхээр явдаг гурван шатны шүүхээр орно, бараг хоёр жилийн асуудал болно. Тэр хооронд нь нэг бол нөгөө хүн өөр ажилд ордог, эсвэл улс төрийн эрх мэдэл солигдсоноос нөгөө чөлөөлсөн дарга нь өөрөө өөрчлөгдсөн, хариуцлага хүлээхгүй өнгөрөх жишээний. Миний бодлоор хүнийг хууль зөрчиж халсаныг нь шүүхээр тогтоож байгаа бол хууль зөрчсөн этгээдийг өөрийг нь халах хэрэгтэй гэж боддог. Хуулиа биелүүлэхгүй зөрчиж байгаа хүн төрийн албанд шаардлагагүй.

-Та төр, хувийн хэвшлийн хоорондын ялгаа заагийг сайн мэдэх хүн.  Энэ ялгаатай тал нь их байх ёстой юу, бага байх ёстой юм уу?

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нь аль аль нь өмнөө тавьсан зорилго зорилттой, алсын хараатай, түүнийгээ биелүүлэхийн төлөө ажилладаг. Энэ хоёрын гол ялгаа нь төр хувийн хэвшлийн түншлэл дээр ажиллаж байхад харагдаж байсан, хувийн хэвшлийн байгууллагууд ашгийн төлөөх байгууллага учраас ТЭЗҮ, зардал ашгийн тооцоог нарийн тооцож, санхүүгийн ашигтай ажилд оролцдог. Төрийн байгууллагын хувьд санхүүгийн ашигт бус нийгэмд хүрэх хүртээмжийг чухалчилж үздэг. Жишээ нь, хувийн компани сургууль бариад тэндээс бодит санхүүгийн ашиг гаргаж авдаг бол төрийн байгууллагын ашиг нь тухайн сургуульд хүүхдүүд суралцаж боловсрол эзэмшсэнээр гарна гэж үздэг л дээ.  Тэгэхээр төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллага хоёрын зорилго нь өөр учир мөрдөх хууль, журам, менежмент нь ч өөр. 

– Сүүлийн үед залуучууд хувийн хэвшлийг бус, ямар ч үнээр болсон төрийн алба руу хошуурах болсон байна. Төрд илүү боломж, илүү баталгаа байгаа  гэсэн үг үү.

-Төрийн албан хаагч болохоор ирж байгаа олон залуучууд төрийн албыг тогтвортой ажлын байр, тогтмол цалин, амьдарлын баталгаатай нөхцөл бүрдсэн  гэж харж байгаа нь надад харамсалтай санагддаг. Саяхан манай дүүргийн Орбитын эцэст байдаг 22-р хорооны Зохион байгуулагчийн ажлын байрны сонгон шалгаруулалт явагдахад 870 хүн бүртгүүлж 197 хүн эхний шатандаа тэнцэж ярилцлаганд орох эрхтэй болсон. Тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт буюу хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт авч төрийн албанд яагаад орох болсон шалтгааныг асуухад: Төрийн алба бол найдвартай, тогтвортой ажлын байртай, амьдралын баталгаатай, тогтмол цалинтай гэсэн хандлагатай байсан.

Ийм бодолтой, найман цаг суугаад цалингаа хүлээгээд байж байх хүн бол төрд хэрэггүй. Алсын зорилготой, сурсан мэдсэнээ төрдөө зориулж, төрдөө зүтгэе гэсэн чин эрмэлзлэлтэй, төрийн албаны ямар чухал вэ гэдгийг ойлгосон, тухайн хорооны 10000 иргэнд үйлчлэх хүн нь би, би үйлчлэхгүй бол хэн үйлчлэх юм бэ, би төрийн өмнөөс иргэдэд үйлчилж үүрэгтэй гэсэн тийм хандлага, зан үйлтэй, хир баргийн өвчтэй байхад өөрийнхөө ажлын чухлыг мэдэрч ажилруугаа ирэх тийм л албан хаагчдаар төрийн албыг бүрдүүлэхийг хүсдэг. Монголчууд “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ярьдаг. Энэ нь Күнзийн сургааль бөгөөд “Эхлээд сэтгэлээ зас. Сэтгэлээ засаад биеэ зас. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг юм байна. Харамсалтай нь бид энэ үгний гол суурь болох “сэтгэл”-ийг нь мартчихсан байгаа юм. Тиймээс сэтгэлээ засаагүй хүмүүс төр засна гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Дарга, удирдагч хоёрын ялгаа?

Энэ талаар мэдээж олон томъёолол, тодорхойлолтууд байдаг. Дарга би гэдэг, удирдагч бид гэдэг, дарга хий гэдэг, удирдагч хийцгээе гэдэг гэх мэтийн.  Удирдагч хүний хийсэн санасан үйл хэргийг ажилтнууд нь, ард түмэн нь өөрсдөө хүлээн зөвшөөрч дагадаг, тэднийг итгэлээр нь удирдан залдаг хүн гэж ойлгодог. Сингапурыг 31 жил удирдсан Ли Куан Юиг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэр бол үнэхээр ард түмэндээ хүндлэгдсэн удирдагч нь байсан. Лигийн хүү Сингапурын одоогийн ерөнхий сайд Ли Сянь Луныг ерөнхий сайд болсны дараа гадаадын нэг жуулчин таксины жолоочоос асуусан байдаг. Та хэнд саналаа өгсөн бэ гэхэд. Ли Сянь Лунд өгсөн гэж. Та тэрийг сайн мэдэх үү гэхэд “Үгүй ээ. Түүний эцэг Ли Куан Юи бүхэл бүтэн үндэстнийг хүмүүжүүлж, сургаж чадсан хүн өөрийн ганц хүүгээ сургаж хүмүүжүүлж чадсан гэдэгт итгэж байгаа” гэсэн байдаг.

Ер нь удирдагч ч бай, дарга ч бай бүгдийг мэддэг чаддаг хүн гэж байдаггүй, тийм байх шаардлага ч байхгүй. Харин чаддаг хүмүүсийг нь ажиллуулж чаддаг л байх ёстой.

Таны одоо хийж буй ажлын юу нь их таалагддаг вэ?Та өнгөрсөн хугацаанд хийсэн ямар өөрийхөө үйлдлээр хамгийн их бахархдаг вэ?

Хүн өөрөөрөө бахархана гэдэг бол харьцангуй ойлголт гэж бодож байна. Монгол төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал даргын хувьд Монгол улсыг НҮБ-ын гишүүн орон болгосноороо өөрөө өөрөөрөө бахархах байсан байх, Чингис хаан Их Монгол улсыг байгуулж дэлхийн талыг эзэлснээрээ бахархах байсан болов уу. Миний хувьд бол энэ суутнууд шиг бахархах үйл бүтээж чадаагүй ч гэсэн Төрийн албыг нэр төртэй хашиж, Монгол улсынхаа хүн амын 10/1 болох 300 мянган иргэнд төрөөс үзүүлэх үйлчлэх үйлчилгээг хуулийн хүрээнд, түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаагаараа бахархадаг. Нэг ч гэсэн иргэн орж ирэхэд бололцооны хэрээр асуудлыг нь шийдвэрлэх, зөв зүг чигт нь оруулж өгч чадвал хийж буй ажлаараа бахархана. Мөн нэг ч гэсэн иргэний асуудлыг шийдэж чадаад, миний хийсэн ажлаар бусад хүн, тэр дундаа энгийн иргэд бахархаж байвал тэр цагт би өөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрөх байх.

-Таниас хэн нэгэн мөнгө, эрх мэдэл, боломж гурвыг гуйвал та алийг нь өгөх вэ? Яагаад

-Найман зууны тэртээ Чингисийн ач хүү Хүлэгү хаан Багдадыг эзлэж Лалын ертөнцийн хаан Мустасимыг шоронд хорьсон байдаг. Мустасим өлсөхийн эрхэнд идэх юм гуйхад Хүлэгү хаан алтан гулдмай явуулсан. Тэгэхэд Мустасим би энүүгээр чинь яах юм гээд буцаасан байна. Тэгэхэд Хүлэгү хаан түүн дээр очоод “Чи энийг идэж чадахгүй юм бол яах гэж хадгалж байсан юм бэ? Яагаад чи энийг өөрийн хүмүүстээ өгөөгүй юм бэ? Өгсөн бол тэд чиний төлөө үхэх байсан бусуу” гэсэн байдаг. Хүн хэмжээлшгүй их мөнгө хураагаад, нөгөө ертөнц рүү аваад явахгүйгээс хойш гэж боддог хүмүүсийн нэг шүү, би.   Хэрэв шидтэн юмуу, хүсэл биелүүлдэг хүн байсан бол тэр хүнд би боломжийг өгнө. Өөрт нь өгсөн боломжийг ашиглаад мөнгөтэй, эрх мэдэлтэй болох нь тэр хүний асуудал гэж бодож байна.

-Та амжилттай яваа залуу  хүн. Монголын залуучууд амжилтын оргилоос бие биенээ татах, дэмжих тал дээр ямар гэж болдог вэ? Хүмүүс бол лээрээс татаж дэмнэх нь биш, доороос нь татаж унагаах нь илүү их байна гэлцдэг.

Манайхан тамын тогооны үлгэр шиг гэж хүмүүс ярьж байдаг. Би мөн л энэ үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөгийн нийгэмд багаар ажиллахгүй ганцаараа яваад амжилтанд хүрэхгүй гэдэг нь тодорхой байна. Бизнес, төр, улс төр хаана ч тэр. Харилцан нэгнийгээ дэмжиж ажиллаж байж хамтдаа амжилтанд хүрдэг гэж би ойлгодог. Харин өрсөлдөөн гэдэг бол өөр ойлголт. Бизнесийн байгууллагууд зах зээлийн зарчмын дагуу өрсөлдөөнийхөө хуулиар өрсөлдөнө. Улс төрийн хувьд нам, эвсэл, фракцууд хоорондоо өрсөлддөг. Тэрийг амжилттай яваа нэгнийгээ татаж унагадаг гэж ойлгож болохгүй гэж бодож байна.

-Танд яг одоо төрж байгаа хамгийн өөдрөг бодлоо хуваалцахгүй юу?

-Нөгөө залуучуудын ярьдгаар “Нар гарна аа” гэж. Монгол улс 1990 оноос социалист нийгмээс ардчилсан нийгэмд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. 25 жил гэдэг нийгмийн насаар балчир хүүхэд гэж би боддог. Хүний насаар ч төлөвшиж амжаагүй л байдаг нас. Одоо харин энэ их шүүмжлэл дагуулсан төрийн албаны халаа сэлгээ, авилгал, сонгуулийн буруу булхай гээд асуудлууд дээд цэгтээ тулж засаж залруулж, зөв замд нь оруулах зайлшгүй шаардлагууд тулгарснаар шийдэлд хүрч Монгол улс маань хөгжлийн зөв замдаа орно гэдэгт итгэдэг.

Илэн далангүй, дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа. Танд илүү их амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: PRNEWS.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж