ОХУ-ын сансрын агентлагийн удирдагч Дмитри Рогозин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Орос, Хятадын технологийг ардаа хаях хүчирхэг пуужин танилцуулсныг тохуурхаж “Яана аа! Бид бууж өглөө!” хэмээн жиргэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрч буй долоо хоногт сансрын хүчнийхээ далбааг намируулан байж шинэ технологийнхоо талаар мэдээлсэн билээ. Тэрбээр “Бидэнд үүнийг хийхээс өөр сонголт, ухрах зам гэж үгүй. Би энэ пуужингаа супер-дупер пуужин хэмээн нэрлэх дуртай. Миний сонссоноор энэ пуужин ОХУ, БНХАУ-ын пуужингаас 17 дахин хурдан. Та бүхэн ОХУ-д дууны хурднаас тав дахин хурдан пуужин байгааг, БНХАУ зургаа дахин хурдныг бүтээх гэж хичээж байгааг сонссон байх. Харин манайх 17 дахин хурдан” хэмээн ярьжээ.
Харин Роскосмосын удирдагч Дмитри Рогозин “За за, бид тэгвэл супер-дупер пуужингийн эсрэг юу ч хийж чадахгүй юм байна. Бууж өглөө!” хэмээн хариулжээ.
Дональд Трамп ер нь өөрийн технологийг бусдынхаас илүү хэмээн дөвийлгөх дуртай нэгэн аж. Жишээ татвал, хоёр жилийн өмнө тэрбээр Ким Жон Уныг “Манай АНУ-ын цөмийн зэвсэг хөөргөх товчлуур танайхаас том бөгөөд хүчтэй” хэмээн тохуурхаж байсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ