“Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн анхны долларын их наядтан болох магадлалтай ажээ. Энэ талаар жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг “Comparisun” байгууллагаас мэдээлэв.
Тус байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар Безос гэрлэлтээ цуцлуулж, эхнэрээсээ салснаар 38 тэрбум ам.доллар алдсан ч дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд цэвэр хөрөнгө нь дунджаар 34 хувиар өссөн нь Безосыг 2026 оны эхээр 62 нас хүрэх үед нь дэлхийн анхны их наядтан болгох боломжтой ажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр 15 минутын дотор 13 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд “Амазон”-ы компанийн хувьцааны үнэ 12 хувиар өссөн байна.
"Comparisun"-ийн дүн шинжилгээгээр дэлхийн 11 тэрбумтанд л амьд сэрүүн ахуйдаа их наядтан болох бодит боломж байгаа аж. Тус байгууллагаас “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Зукерберг 51 насандаа долларын их наядтан болох боломжтой гэж үзжээ.
Хятадын “Эвергранд” группын ерөнхийлөгч Шюй Жяинь 2027 онд 68 насандаа, түүний дараа “Алибаба” группын үүсгэн байгуулагч Жэк Ма 2030 онд 65 насандаа тус тус долларын их наядтан болох боломжтой хэмээсэн байна.
“Google”-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар 2051 онд 77 насандаа долларын их наядтан болох боломжтой ажээ.
Дэлхийд одоогийн байдлаар их наяд ам.долларын хөрөнгөтэй баян эрхэм хараахан тодроогүй байгаа юм. Олон улсын “Oxfam” байгууллага энэ асуудлыг судлаад, дэлхийн хамгийн анхны их наядтан 25 жилийн дараа "төрөх" боломжтой гэсэн дүгнэлтийг одоогоос гурван жилийн өмнө хийснээ танилцуулж байв. “Oxfam”-ын шинжээчдийн үзэж буйгаар баялгийн тэгш бус хуваарилалт их наядтан төрөх гол түлхүүр аж.
Дэлхийн хүн амын нэг хувь нь үлдсэн 99 хувиасаа илүү их хөрөнгө эзэмшдэг гэсэн тооцоо бий. Ойрын 20 жилд дэлхийн хамгийн баян 500 хүн өв залгамжлагчдадаа 2.1 тэрбумын өв хөрөнгө үлдээх бөгөөд энэ нь Энэтхэг улсын ДНБ-ээс илүү гэсэн үг аж. 1988 оноос хойш дэлхийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг хамгийн бага орлоготой иргэдийн орлого жилд ердөө гурван ам.доллараар өсч байхад нэг хувийг бүрдүүлдэг хамгийн баян хүмүүсийн орлого жилд 20 орчим хувиар нэмэгджээ.
Зөвхөн АНУ-ын хувьд авч үзэхэд, сүүлийн 30 жилд дундаж гэр бүлийн орлого огт нэмэгдээгүй бол баячуудынх бараг 300 хувиар өсчээ. “Forbes” сэтгүүл 1982 онд Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг анх гаргасан бөгөөд түүнд багтахын тулд 75 сая ам.доллар хангалттай байсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ