АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

НЭМЭЛТ: 20:00 ЦАГ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү ҮБХ-ны хурлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ҮБХ-ны хуралдаан үргэлжилсээр байна. Сонгон шалгаруулах хорооны хурал яг одоо болж байна. Дүгнэлт гаргасны дараа намын удирдлагад нэрсийг танилцуулна. Түүний дараа нэрсийг ҮБХ-нд хүргүүлнэ. Үүний дараа ҮБХ эцсийн шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн нэрсийг нууцаар санал хураалт явуулж шийднэ.

Нэр дэвшигчид ойролцоогоор 2-3 цагийн дараа тодрох байх. Хуулиараа өнөөдөр 00:00 цагаас өмнө тодруулсан байх ёстой шүү дээ. 29 тойрогт сонгон шалгаруулах хороо хурлаа хийж, дүгнэлтээ өргөн барьдаг.

Монгол Улсад цар тахалтай холбоотойгоор таагүй мэдээлэл гарч байна. АН аль болох олон хүн цуглуулахгүйн тулд цахимаар, онцгой нөхцөл байдлын горимоор явуулж байна. Намын байрны зааланд цөөхөн хүн бий. 80 гаруй хувь нь цахимаар холбогдож байна" гэв.

АН-ын Бодлогын хорооны дарга И.Мөнхжаргал “Нэр дэвшигчдийн нэрс хараахан ирээгүй байна. Ирсний дараа нэр дэвшигч бүр дээр нэгбүрчлэн ярилцана. Дараа нь нууцаар санал хураана. 19 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороо байгуулсан” гэж мэдээллээ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХОРОО ШИЙДВЭРЭЭ ҮБХ-Д ТАНИЛЦУУЛНА

Ардчилсан намын Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж, шийдвэрээ 16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал руугаа оруулах мэдээллийг эх сурвалж өгсөн. Үндэсний бодлогын хорооны хурал 18.00 цаг хүртэл хойшилсон ч одоогоор хараахан эхлээгүй байна.

АН-ЫН ҮБХ-НЫ XV ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна.  Хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг нэгдэж, сонгуульд оролцохыг санал болгосноор намдаа эргэн очиж, намаасаа нэр дэвшихээр болж байгаа аж. Э.Бат-Үүл хэлэхдээ "АН-ын дарга С.Эрдэнэ надад болон С.Баярцогт, Н.Алтанхуягт бид гуравт нэгдэж, сонгуульд оролцох хүсэлт тавьсан. Тэгэхгүй бол хүчний тэнцвэр алдагдах аюул учрах гээд байна гэж С.Эрдэнэ дарга бидэнтэй уулзахдаа ярьсан. МАН, АН хоёрын тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд аюул учирна. Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авсан" гэв.

АН УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дунд шатны байгууллагаас ирүүлсэн санал болон судалгааны дүн голлон харгалзан тодруулна гэдгээ мэдэгдэж байна. АН-ын ХЭГ-ын дэд дарга Б.Баттулга намын дотоод журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан гэдгийг тодотгож хэллээ.

АН-ЫН ҮБХ-НЫ 400 ГИШҮҮН ЦАХИМААР САНАЛАА ӨГНӨ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж эхэллээ. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож, Ардчилсан намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.

Хуралдааны эхэнд Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэв. АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдаан үргэлжилж байна.

Тус намаас ҮБХ-ны хурлын үйл явцын талаар өнөөдөр 20:00 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхээр товложээ.

АН-ЫН ҮБХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛНА

Өнөөдөр үдээс хойш Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар товложээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж