НЭМЭЛТ 18:00 ЦАГТ
МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Тус Бага хурлын үдээс өмнөх хуралдааны төгсгөлд 21 гишүүнээ намын ажилд идэвхтэй оролцоогүй, намын дүрэм зөрчсөн, хариуцлага алдсан гэх үндэслэлээр Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн билээ. Тэднийг хэнээр сольсныг дараах жагсаалтаас харна уу. Үүнд:
- Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн
- МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр
- Хөтлөгч П.Анужин
- Eagle телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа
- Гадаад хэргийн дэд сайд асан Г.Тэнгэр
- ХХЕГ-ын дарга асан, хошууч генерал Ц.Сэргэлэн
- Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа
- МАН-ын цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд
- Улс төр судлаач, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг
- Б.Мөнхбат
- УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар
- БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан
- Тавинбэх
- Шарк танк нэвтрүүлгийн шүүгч Г.Амартүвшин
- Г.Дамдинням
- Дархан-Уул аймгийн МАН-ын дэд дарга Б.Тулга
- Ч.Ундрам
- Идэрпүрэв
- Болор-Эрдэнэ
- Б.Энхтүвшин
- НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Пүрэвдагва
- Ц.Сүхбаатар нар багтжээ.
МАН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРС ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөлөөс баталснаар Баянзүрх, Баянгол, Хан-Уулд нэр дэвших хүмүүсийн нэрс тодорчээ. Хан-Уул дүүрэгт Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Баянгол дүүрэгт Ж.Ганбаатар, Ж.Батбаясгалан, Хасуурь Ганхуяг, Чингэлтэй дүүрэгт Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Т.Ганболд, Баянзүрх дүүрэгт Ө.Энхтүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Л.Наранбаатар нар дэвших юм байна.
Ж.ЭНХБАЯР, Я.СОДБААТАР, Ц.ГАРАМЖАВ НАР НЭРЭЭ ТАТАВ
УИХ-ын дөрвөн гишүүн энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ц.Гарамжав, Ө.Энхтүвшин нар бусдадаа боломж олгож, нэрээ татсан байна.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
МАН-ын Бага хурал 13:30 цаг хүртэл түр завсарласан. Өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Дараа нь МАН-ын Бага хурлын хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон байна.
МАН-ЫН БАГА ХУРАЛ ХААЛТТАЙ ГОРИМООР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 84.6 хувийн ирцтэй эхэллээ. Хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байна. Бага хурлыг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлсний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, намын ажилд идэвхтэй оролцдоггүй, дотоод дүрэм зөрчсөн зэрэг шалтгаанаар 21 хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээс хассан байна. Хасагдсан хүмүүс дотор УИХ-ын гишүүн Д.Ганболд багтсан байна.
Энэ удаагийн хуралдаанаараа МАН УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болжээ. Тэрбээр “Би УИХ-д 12 жил суулаа. Тавьсан зорилгодоо бүрэн хүрлээ. 100 хувь биелүүлсэн. Улс төрч хүн зорилготой байх ёстой. Түүндээ хүрсэн. Намайг улс төргүйгөөр төсөөлөх аргагүй. Намаа ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхээ одоо хэлэх боломжгүй. Тухайн үеэс шалтгаална” гэсэн байна.
МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэрийг маргааш 11.00 цагт албан ёсоор зарлахаар болжээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь өөрийн багийн, нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг сонгуульд авч орохоо мэдэгдэж байв.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ