Азийн хөгжлийн банкнаас “Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас дэлхийн эдийн засагт 5.8-8.8 их наяд ам.долларын хохирол учирч болзошгүй байна” гэж мэдээлэв. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4-9.7 хувьтай тэнцэх юм.
Дэлхийн улс орнууд “Covid-19” халдварыг хяналтад авахад зургаан сарын хугацаа зарцуулах тооцоонд үндэслэн энэхүү таамаглалыг гаргажээ. Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар, Азийн орнуудаас БНХАУ хамгийн их буюу 1.6 их наяд ам.долларын хохирол амсаж болзошгүй байгаа бол Япон 490 тэрбум ам.доллар, Зүүн Өмнөд Ази 250 тэрбум ам.доллар алдах төлөвтэй байгаа аж.
Хилийг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоосон нь дэлхийн худалдааг 2.6 их наяд ам.доллароор бууруулах магадлалтай байгаа бөгөөд 242 сая хүн ажлын байраа алдаж болзошгүй аж. Гэвч Засгийн газрууд зохистой бодлого, арга хэмжээнүүд хэрэгжүүлвэл эдийн засгийн алдагдлыг 40 хүртэл хувиар бууруулах боломжтойг дээрх тайланд онцлоод, халдварын тархалтыг аль болох эрт хяналтад авахын тулд илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ.
Эх сурвалж: NHK
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ