Уран зураг худалдан авах боломжтой онлайн үзэсгэлэнд саатаарай

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

Уран зураг худалдан авах боломжтой онлайн үзэсгэлэнд саатаарай

Уран зураг худалдан авах боломжтой онлайн үзэсгэлэнд саатаарай

Зураачид үнсэлтийг олон янзаар зурдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргалын “Үнсэлт” хэмээх бүтээлийг харахад зүрхний цохилт, ховдол ч юм шиг. Үнсэлцэж буй хос нэгдэж, нэгэн зүрх бүтээж буй мэт. Харанхуйд бие биеэ хайраараа мэдэрч, тэмүүлэх хайр дурлалын үнэр ч юм шиг…

Уг бүтээл хэдий хоёрхон өнгөөс бүтсэн мэт боловч нарийн ажиглавал цэнхэр өнгөний 10 гаруй, ногоон өнгөний 20 гаруй төрлийн өнгийг уусгасан нь харагдана. Цаана нь шөнийн байгаль дахь уул толгод, намаг, модны чийглэг уур амьсгал оршино. Энэ мэт өнөө цагийн дүрслэх урлагийн сор болсон нэртэй зураачдын уран бүтээлийн дээжсийг Монгол арт галерейн онлайн үзэсгэлэн худалдаанд дэлгэжээ.

Монголын томоохон уран зургийн Монгол арт галерей уран бүтээлчдийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээс гадна энэ удаа “Оnly art” онлайн галерейтэй хамтран уран зураг цуглуулагчдадаа зориулан онлайн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй нь энэ юм.

Онлайн үзэсгэлэнд Монголын шилдэг абстракт зураачдын нэг, Урлагийн ухааны доктор Ч.Болдбаатарын “Ил хаадын ордон”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргалын “Шөнө”, “Өглөө”, Төрийн соёрхолт, анхны эмэгтэй зураач С.Саранцацралтын анхны үзэсгэлэндээ дэлгэж байсан “Арга билэг”,  Урчуудын эвлэлийн хорооны шагналт С.Ганболдын байгалийн гайхамшигтай дүрслэл болох “Их газрын чулуу”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг агсны “Төгөл”, залуу уран бүтээлч н.Гоосар нарын өмнө нь дэлгэгдэж байгаагүй, дахин давтагдашгүй, содон уран зургуудыг дэглэн сонирхуулжээ. Нийт 20 гаруй уран бүтээлчийн 40 гаруй бүтээлийг гурван танхимд дэглэн тавьсан байв.

Монголын шилдэг абстракт зураачдын нэг Ч.Болдбаатарын хувьд маш олон техникийг нэг дор хослуулдгаараа алдартай. Тэр дан ганц будгаар бүтээлээ амилуулдаггүй. Уран бүтээлч хүн өөрийнхөө үзэл санааг гурваас дээш урлагийн хэллэгээр илэрхийлэх ёстой гэдэг. Гэтэл түүний контемпорари урлагийн нэг бүтээлд 10-аад техник ашигласан байх аж.

Тэрбээр бүтээлдээ өнгө будгаас гадна шороо, алт, мөнгө, хөөсөнцөр, үнэт муутуу цаас ашиглан, нааж, асгаж, хусч, зорж, урсгаснаар төгс хослолыг илэрхийлжээ. Түүний “Ил хаадын ордон” дөрвөн цуврал бүтээл дөрвөн өөр ажиллагаатай аж. Холимог техникээр бүтээсэн нэг бүтээл нь гэхэд 15 кг жинтэй.

“Бид уран зураг гэхээр л ямар нэгэн бодит зүйл хайдаг. Гэтэл зураач Ч.Болдбаатар урлаг гэдэг чинь өөрөө амьдралын бүхий л зүйлийг сайхнаар харж, төсөөлж болно гэдгийг бүтээлээрээ харуулж буй мэт. Уран бүтээлээ бүтээхийн тулд дэлхий дээр байгаа бүхий л материалыг ашиглаж, урлагийг илэрхийлж болно. Тэр ч утгаараа Ч.Болдбаатар байгалийн элементүүдийг бүтээлдээ ашигласнаараа онцлог. Зураач Ч.Болдбаатарын бүтээлүүдээс эр хүний хийморь, эр зоригийг магтан дуулах өнгө аяс нэвт ханхална.

Талбай дээр хаана юуг яаж байрлуулах вэ гэдэг чинь өөрөө математикийн томъёо. Уран зургийг холоос, дараа нь ойроос харна. Зарим зураг холоос харахаар уншигдахгүй ойроос харахад уншигддаг. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлчийн бүтээл хол, ойроос ч уншигддаг байх ёстой. Хажуугаар нь хэдэн удаа явсан ч дахин асуулт төрж байдаг. Орчин үеийн контемпорари урлаг хүний нүдээр дамжин тархинд хүрч, зураачийн уран бүтээлтэй цуг аялуулдаг. Тиймээс реалист зургаас илүү абстракт зураг үзэгчийн дурсамжийг сэргээн, тархийг нь ажиллуулж байдаг” хэмээн “Only art” галерейн урлагийн менежер Т.Сарангоо хэлж байв.

Дараагийн онцлох бүтээл бол зураач С.Ганболдын “Их газрын чулуу” бүтээл. Уг бүтээл Монгол орны сэргэн мандалт, хөгжил дэвшил, эрч хүч хиймрийг өгүүлэх мэт. Нар жаргах мөчид нарны гэрэл бүхий л газарт нэвт шингэж, яг л  агаар, салхийг мэдрүүлэх шиг. Час улаан өнгийн томоохон хэмжээний бүтээл зурахын тулд зураачаас хамгийн их эрч хүч шаарддаг. Тэрбээр зөвхөн час улаан өнгө гэж харагдуулахын тулд маш олон хүйтэн цэнхэр өнгө ашигласан байна. Цэнхэр, бор, шаргал гэх мэт… Тэрбээр хамгийн ховор байгалийн төрлийн зураач ажээ.

Харин залуу уран бүтээлч н.Гоосарын “Эх орон” бүтээл чулууны хээ, агаарын найрлага, уул толгод, зам харгуй, эсвэл зүрхэнд сонсогдох хөг аялгууны ритм ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

“Уран зураг бол хаана ч үнэ нь буурдаггүй цорын ганц бараа” хэмээн Ардын зураач Б.Чогсом хэлсэн байдаг. Сайн бүтээлийн хувьд үнэ цэнээ алдахгүйгээр дараагийн үр удамдаа дамжуулан үлдээх нь бий. Уран зургийг худалдан авахад таван зүйлийг анхаарах ёстой.

  1. Дахин давтагдашгүй. Энэ бүтээл цорын ганц уу, дахин давтагдашгүй юу гэдгийг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй.
  2. Материал. Уран зургийг бүтээсэн материал чухал. Таны сонирхож буй зураг сайн материал ашигласан уу, 50, 100, 500 жил ч хадгалагдаж чадах уу? Мэргэжлийн өндөр чанарын будаг энгийн оюутны будгаас 10 дахин үнэтэй байдаг. Уран зураг бүтээхэд сайн материал ашигласнаар олон жил насална.
  3. Будаг. Ямар будаг ашигласнаас урт хугацааны үнэт өв, эсвэл хуучин хогшил болох нь шалтгаална. Сайн чанартай зурагдсан тосон зураг сэргээн засварлалтгүйгээр 500 хүртэлх жил хадгалагдаж чаддаг. Тосон будгийн зургийг хадгалах тусам амьтай болдог.
  4. Үзэсгэлэнд тавигдсан эсэх. Үнэхээр сайн бүтээл үзэсгэлэнд тавигдсан байх ёстой. Уран бүтээлч хүн хамгийн сайн бүтээлээ үзэсгэлэнд тавьдаг. Бүрэн гүйцэтгэлтэй байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн уран зургийн галерейд тавигдсан бүтээлийг худалдаж авах нь зүйтэй.
  5. Үнэ. Зургийн үнэ өөрийнх нь чанарт нэвт шингэсэн байдаг. Уран зураг хямд, эсвэл өндөр үнэтэй ч байж болно. Зураач нь улам сайн бүтээл хийж, нэрд гарах тусам зургийн үнэ дагаад өсч байдаг. Үнэтэй зураг авчихаад буцаагаад зарж чадахгүй бол яана гэж айх хэрэггүй. Сайн бүтээл 100 жилийн дараа ч үнэ цэнээ хадгалдаг. Бүтээл сонгохдоо аль болох хамгийн сайн, дахин давтагдашгүй өвөрмөцийг нь сонгох хэрэгтэй.

.Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж