"МАН ганцаараа хав дараад байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

"МАН ганцаараа хав дараад байж болохгүй"

"МАН ганцаараа хав дараад байж болохгүй"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлахын өмнөх өдөр тантай ярилцаж байна. УИХ-ын сонгууль, АН-ын шинэчлэл, эдийн засгийн хямрал гээд тантай ярилцах сэдэв олон байна. Ярилцлагаа үйл явдлын дарааллаар, сонгууль тойрсон дуулианаар эхэлье.

-Болно оо.

-Таныг Их хуралд нэр дэвшинэ гэж ойлгосон?

-Би ч гэсэн тэгж ойлгож байгаа.

-Та УИХ-ын 2016 оны сонгуульд өнжсөн. Энэ удаад нэр дэвших болсон шалтгаан юу байв?

-2016 оны хувьд эмэгтэй нэр дэвшигчдийн квотын асуудал сөхөгдөж, УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тэр утгаараа нэр дэвшихээс татгалзсан. Ер нь бол сонгуульд нэр дэвших эсэх асуудал надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй намаас шууд хамаардаг. Нам намайг “Нэр дэвш” гэвэл сонгуульд оролцож л таараа. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай гэж би АН-ын дэд даргын ажлыг авах үедээ хэлж байсан. Энэ дагуу л явж байна гэх үү дээ.

-АН-ын хувьд өмнө нь амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссанаар ялагдлаас шинэчлэл рүү орсон. Намын шинэчлэлийн эхний үр дүнг шалгах том сорилт бол ирэх УИХ-ын сонгууль. Бэлтгэл хангагдсан гэж үзэж байна уу?

-Сонгогчид л дүнгээ тавина шүү дээ. Намын шинэчлэлтийн тухайд үндсэндээ 2016 оноос хойш шинэчлэл явагдаж эхэлсэн гэж ойлгож болно. Гэхдээ бүр нарийн яривал, миний хувьд намын шинэчлэлийг сүүлийн 20 жилээр хардаг. Яагаад гэвэл 2000 оны сонгуулийн дараа ардчиллын төлөөх таван нам нэгдсэн. Үндэсний ардчилсан намын хувьд барууны чиглэлийнх, Социал демократ нам зүүнийх, Консерватив нам, Шашинтны нам гээд үзэл суртлын хувьд тэс өөр таван нам нэгдсэн. Энэ дотроос хамгийн том нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар би ажиллаж байсан. Бид нэгдсэн шалтгаан нь, ардчиллын төлөөх намууд хүчээ нэгтгэж хамтарч ажиллах нь зөв юм байна. Үнэт зүйлээрээ нэгдэж чадаж байгаа цагт бусад дотоод асуудал, зөрчлөө шийдэх боломжтой гэж харсных. Өнөөдөр эргээд харахад үндсэндээ зүгширсэн гэж хэлж болно.

-Зүгширсэн гэдгээр яг юуг хэлж байна вэ. Нэгдмэл улс төрийн хүчин болж чадсаныг уу, эсвэл намын төлөвшилт үү?

-Аль аль нь. Орчин цагт улс төрийн намын төлөвшилт чухам юу болох, ямар агуулга хэлбэртэй байх вэ гэдгийг АН нэлээд гүнзгийрүүлэн судаллаа. Гэхдээ сүүлийн дөрвөн жил өрнөсөн үйл явдлаар дүгнэх нь учир дутагдалтай. Мэдээж, таван зүг рүү харсан нам нэгдэх тэр процесст орж, гарах, санал бодол нийлэх эс нийлэх үзэгдэл явагдах нь тодорхой. Энэ бүхнийг товойлгож хараад болж, бүтэхгүй байгаа мэтээр бусдад харагддаг байхыг үгүйсгэхгүй юм. Чиний асуултад ч гэсэн цухалзаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН цул болох процесс өрнөж, энэ нь ч тодорхой үр дүнд хүрсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


Ц.БОЛОРЧУЛУУН: ЭНЭ ЖИЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

Урин дулаан цаг ирж, улс орон даяар хаврын тариалалтын аян өрнөж байна. Энэ жилийн тариалалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулвал цар тахлын үеэр тохиож байгаагаараа онцлогтой. Албаны хүний хэлж буйгаар энэ жилдээ Монгол Улс хэрвээ төлөвлөсөн ургацаа хугацаандаа авч чадвал хүнсний хомсдолд орохгүйг онцолж байна.
2019 онд улсын хэмжээнд 512 мянган га талбайд тариалалт хийсэн. Тухайлбал, 364.8 мянган га талбайд үр тариа, үүнээс 340.0 мянган га талбайд улаанбуудай, 14.8 мянган га талбайд төмс, 8000 мянган га талбайд хүнсний ногоо, 82.4 мянган га талбайд тосны, 42.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалсан аж. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Хаврын тариалалт эхэллээ. Энэ жилийн хаврын тариалалт үр, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан цагтаа хэвийн эхлэв үү?

-2020 оны хаврын тариалалт ерөнхийдөө эхэлж байна. Тухайлбал, тосны ургамал 6-7 мянган га талбайд, улаан буудай 4000 орчим га талбайд, эрт ургацын хүнсний ногоо, төмс, байцаа гэх зэрэг тариалалтууд эхэлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс эхлэн аж ахуйн нэгж, иргэд маань жигдхэн тариалалтаа эхлээд, одоо жигдрэх төлөвтэй байна. Тариалангийн бүс нутгуудад сүүлийн өдрүүдэд багагүй хэмжээний хур тунадас орсон учир хаврын тариалалтад тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай энэ үед тариалалт цагтаа эхэлж чадав уу. Яамны зүгээс ямар бодлогын арга хэмжээ авч байна вэ?

-Дараа жил тариалах талбай, таримлын төрлөөр шинэ оны эхэнд аймгийн Засаг дарга нартай ХХААХҮ-ийн сайд гэрээ байгуулдаг. Энэ гэрээгээ байгуулахдаа өнгөрсөн жилүүдийн тариалалт, ургац хураалт дээр тулгуурлан гэрээ байгуулдаг. 2020 оны хаврын тариалалтыг хэдий хэмжээний га талбайд, ямар нэр төрлийн таримлаар тариалах вэ гэсэн асуудлаар салбарын сайд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээнд заасныхаа дагуу л тариалалтаа хийж байна. Бид төлөвлөсөн хэмжээндээ хүрч тариалалтаа хийнэ, мөн цаг агаарын хувьд таатай байвал төлөвлөсөн хэмжээнийхээ ургацыг ирэх намар авах боломжтой. Хүнсний ногооны тариалалтын хувьд цар тахлын улмаас экспорт, импортыг зогсоосон энэ үед дотоодоосоо хангах зорилготой байгаа боловч нэг жилийн дотор бүх төрлийн хүнсний ногоог дотооддоо тариалж, хангана гэдэг хэцүү ажил. Гэхдээ ямар ч гэсэн хүнсний ногоог энэ жилдээ 1500 орчим га талбайгаар, таримал жимснийхээ хэмжээг 1000 га талбайгаар нэмэгдүүлье гэсэн зорилто тавиад ажиллаж байна. Хэрэв бид төлөвлөсөн ургацаа авч чадвал ирэх намар төмс, буудайгаар дотооддын хэрэгцээгээ хангана гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР


ГОЧОО ХҮҮ 60 ЖИЛИЙН ДАРАА

“…За, хүүхээ энэ орой юу хийгээд явдаг хүүхэд вэ?
-Ах аа, би аавыгаа эрээд явж байна”
хэмээн манаач өвөөтэй хэвлүүхэн ярих жаал хүүг монголчууд сайн танина. Энэ бол “Улаанбаатарт байгаа миний аав” киноны Гочоо хүүгийн дүр. Ард түмнийхээ сэтгэлд хүүхэд насныхаа гэнэн томоогүй төрхөөр хоногшин үлдсэн С.Ямаахүүг энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урилаа.

Анх “Улаанбаатарт байгаа миний аав” кинонд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа тоглож байсан С.Ямаахүү  одоо 72 настай, ач, зээгээ тойруулсан өвөө болжээ. Тэрбээр "Одоо киногоо үзэхээр жижигхэн алдаагаа хүртэл олж хардаг. Бага насны минь дурсамжаар аялуулдаг даа" хэмээн ярьж сууна. Ингээд түүний хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.

-Та сайхан хаваржиж байна уу. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа?

-Сайхан. Та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлье. News.mn мэдээллийн сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн томоогүй жаал хүүгийн харц өөрчлөгдөөгүй, хэвээрээ байна шүү?

-Тийм байна уу? Одоо нас өндөр болсон ч зарим хүмүүс “Та Гочоо хүү мөн үү” гэж асуудаг л юм. Огт танихгүй хүмүүс хүртэл “Таны нүдний харц яг хэвээрээ байна” гэж хэлдэг. Одоо киногоо үзэхээр жижигхэн алдаагаа хүртэл олж хардаг. Бага насны дурсамжаар минь аялуулдаг даа. Телевизүүдээр их ч гарах юм. Ач, зээ нар маань их үздэг.

-“Улаанбаатарт байгаа миний аав” уран сайхны кинонд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа тоглож, тэр дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшин үлджээ. Гочоо хүүгийн дүрд тоглох болсон тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Одоогоос 60 жилийн тэртээх түүхийг дахин сэргээн ярилцах гэж байгаадаа баяртай байна. Энэ жил “Улаанбаатарт байгаа миний аав” киноны 60 жилийн ой тохиож буй. Тэртээ 1960 оны дөрөвдүгээр сарын 25-нд анх удаа мотор дуугарч, зураг авалт эхэлсэн. Тухайн оны хоёрдугаар сард юм уу даа, нэгдүгээр сургууль дээр хоёр, гурван хүн ирээд анги ангиар ороод л эрэгтэй хүүхдүүдийг босгож үзээд л… Манай ангиас таван эрэгтэй хүүхэд босгож үзсэн санагдана. Одоо бодоод байхад тэр өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, туслах оператораар нь мундаг оператор З.Сүхбаатар гуай ирсэн юм билээ. Найруулагч Г.Жигжидсүрэнгийн хувьд агуу кино найруулагч Д.Жигжидийн туслах найруулагч байв. Тэгээд биднийг “Нөгөөдөр Монгол кино үйлдвэр дээр хүрээд ирээрэй” гэлээ. Тэр үед Монгол кино үйлдвэр одоогийн Гадаад харилцааны яамны баруун талд байсан шүү дээ. Хуучин Ахмадын холбооны барилгад Монгол кино үйлдвэр байсан юм. Тэгээд очсон чинь олон хүүхэд ирчихсэн, фото зургийг нь авч байна. Сүүлд сонсох нь ээ тэнд 100 орчим хүүхэд цугларч, сонгон шалгаруулалтад орсон гэдэг. Тэгж нэг фото зургаа авахуулсны дараа нэг сар бололгүй намайг “Монгол кино үйлдвэр дээр хүрээд ир” гэдэг юм байна. Би эхний фото пробдоо тэнцээд, кино пробдоо орохоор очлоо. Тэр үед чинь одоогийнх шиг хүүхэд бүхэн кино урлагийн талаар ойлголттой байгаагүй шүү дээ. Надад “Чи аавыгаа санаад аавынхаа хойноос Улаанбаатар хот руу явж байгаа хүүхдийн дүрд тоглоно. Чи уйлна шүү” гэлээ. Одоо бодоод байхад тэр үед хүүхдүүдийг уйлуулах гэж бяцхан заль зохиосон юм шиг ээ. Тэр үед миний хамар дотор шарх гарчихсан, гадна талд нь хүрэхэд л ээ базарваань нулимс өөрийн эрхгүй гарчихна. Тэгсэн нүүр хувиргагч эгч нүүр будахдаа нөгөө айхтар өвдсөн шарханд хүрчихсэн чинь нулимс өөрөө гараад л, дээрээс нь эхэр татаад л уйллаа. Тэгж л анх кино пробод тэнцсэн түүхтэй.

-Гочоо хүүг зоддог жаалууд бас нэг ангийн найзууд гэсэн үү?

-Надтай хамт манай ангийн гурав, дөрвөн найз маань туслах дүрд тоглосон. Намайг цэцэрлэг дотор зоддог нөхдүүд чинь манай ангийн хүүхдүүд байхгүй юу. Бид чинь 28-уулаа нэг ангид сурдаг байсан. Одоо ердөө 12-уулаа үлдэж дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж