Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа.

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авах арга хэмжээнд дурьдснаар Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч ажиллахаар боллоо. Хэрэв заасан хугацаанд засаж, сайжруулаагүй тохиолдолд хашааг нэн даруй буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээр төлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.

Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстойг хотын Захирагч сануулав. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй анхааруулсан юм. Харин хэрэгжилтэд хяналт тавих ажлыг нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн Ерөнхий менежер нар дүүрэг, дүүргээр нь хариуцахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хавдар судлалын үндэсний төвийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг нэг сарын өмнө шийдвэрлэсэн боловч өчигдөр очиход хийгдээгүй байсан. Харин өнөөдөр албадан буулгаж, орц, гарцыг чөлөөллөө. Энэ мэтчилэн гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, гацах явдал дунд, доод шатны газар, хэлтсийн дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж байна. Хот байгуулалттай холбоотой гомдол ч иргэдээс их ирж байна. Иймд иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж чадаагүй, ажлын хариуцлага алдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Иргэдэд хүнд суртал учруулдаг, дээд шатанд гаргасан шийдвэрүүд хэрэгждэггүй, олон жил бугшсан энэ буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байгаа хэдий ч зөв голидролд нь оруулахын тулд цаашид ч хариуцлагын асуудлыг тавьсаар байх болно” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж