Бангладеш дахь дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранд хоёр рохинжа хүнээс коронавирус илэрсэн тухай албаныхан мэдээлжээ. Энэ нь сая орчим рохинжа хүнтэй Кокс Базар хотын дүрвэгчдийн хуаран дахь анхны халдварын тохиолдол аж.
Засгийн газрын эмч нарын мэдээлж буйгаар, халдвар авсан хоёр хүнийг даруй тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн гэнэ. Мөн тухайн хоёр өвчтөнтэй харьцсан гэх 1900 дүрвэгчийг тусгаарлан шинжилгээ хийж байгаа гэв.
Кокс Базар хуаранд гуравдугаар сарын 14-нөөс хойш хөл хорионы дэглэм тогтоожээ. Мөн ижил олон мянган дүрвэгчтэй Грек улс цар тахал намжихаар 1600 орчим дүрвэгчийг хуарангаас нь өөр орнууд руу нүүлгэхээр төлөвлөж байгаа билээ.
Хоёр өвчтөн Грекийн Лесбос арал дээр энэ долоо хоногт очсон бөгөөд тус арал дээрх дүрвэгчдийн хуаранд орохоосоо өмнө ийнхүү тусгаарлагдсан гэнэ.
Тусламжийн агентлагууд рохинжачууд олноор бөөгнөрч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд цэвэр усны хүрэлцээ муутай амьдардаг тус хуаранд коронавирус хичнээн аюултайг хэдэн долоо хоногийн турш анхааруулсан ажээ. “Одоо вирус аль хэдийн дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранд нэвтэржээ. Ингэснээр олон мянган хүний амь нас өндөр аюулд ороод байна. Цаашлаад цар тахал Бангладешийн хөгжлийг хэдэн арван жилээр татаж магадгүй” хэмээн Бангладеш дахь хүүхдийн төлөө олон улсын байгууллагын эрүүл мэндийн салбар хариуцсан доктор Шамим Жахан ярьжээ. Мэдээллээс үзэхэд тус дүрвэгчдийн хуаранд нэг км.кв газарт ойролцоогоор 40 мянгаас 70 мянган хүн амьдардаг аж. Энэ нь вирус Ухань хотоос дөрөв дахин хурдан тархсан Diamond Princess хөлөг онгоц дээрх зорчигчдоос 1.6 дахин их нягтралтай гэсэн үг юм.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ