БНХАУ-ын Сичуань муж өдөр болгон асар их эрсдэл туулан 800 метр эгц өндөр хавцал дээр амьдардаг иргэдээ орон сууцанд нүүлгэж эхэлжээ.
Атульер хэмээх тус тосгоны иргэд том жижиггүй өдөр бүр гэртээ харихын тулд өндөр аюултай замаар зорчдог тухай фото сурвалжлага 2016 онд гарснаас хойш олны анхаарлын төвд эрхгүй орсон билээ.
Одоогийн байдлаар 84 өрх Орон нутгийн иргэдийг дэмжин ядуурлыг арилгах төслийн хүрээнд баригдсан шинэ орон сууцанд нүүн орсон байна. Уг төсөл нь БНХАУ-ын 2020 онд дуусах төлөвлөгөөний нэг жижиг хэсэг аж.
Анх 2016 онд Атульер тосгоны иргэд өндөр хадан хавцал дээр амьдарч, тосгондоо хэрэгтэй зүйлс болон хүүхдүүдээ зөөвөрлөхийн тулд хулсан шат, хад дамжин зорчдог тухай фото сурвалжлага цахим орчинд тавигдаж, олны анхаарлыг татсан билээ. Удалгүй Засгийн газраас тосгоны иргэдэд тусалж, хулсан шатнуудыг төмөр шатаар сольж өгсөн аж.
Харин өдгөө тосгоны иргэдийг гэрээс нь 70 км зайтай Жаожүэ хотхонд шинээр барьсан орон сууцанд нүүлгэж эхэлсэн гэнэ. Тосгоны иргэдэд олгож байгаа байр нь бүрэн тавилгатай, өрхийн гишүүдийн тооноос хамаараад 50, 75, 100 м.кв хэмжээтэй гэнэ.
Ийнхүү нүүлгэн шилжүүлэх нь үеэс үе дамжин хавцал дээр амьдарч ирсэн Атульер тосгоны Еи үндэстний цөөнх иргэдийн хувьд маш том өөрчлөлт болж байна. Хятадын нэгэн хэвлэлд тосгоны иргэн “Сайхан байранд нүүн орж байгаадаа үнэхээр баяртай байна” хэмээн ярилцлага өгчээ.
Санхүүгийн асуудал
Мелбурны их сургуулийн профессор Марк Ваны хэлснээр Засгийн газар иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд ихэвчлэн 70 хувь хүртэлх зардлыг нь гарган дэмждэг. Гэвч зарим эмзэг давхаргын айлууд урсгал зардлаас болоод шинэ байрандаа орж чадахгүй байх тохиолдол их байдаг аж. Тэрбээр “Үнэхээр ядуу зарим тосгоны хувьд 30 хувь гэдэг боломжгүй зардал байх нь олон. Улмаар өрхүүд зээл авч маш их өрөнд унах нь бий. Мөн хамгийн ядуу гэр бүлүүдэд зээл ч олдохгүй тул нүүж чадахгүйд хүрдэг” хэмээн ярьсан байна.
БНХАУ-ын төрийн мэдээллийн China Daily агентлагийн мэдээлснээр шинэ байранд нүүхийн тулд хүн бүр 2500 юань буюу 352 ам.доллар төлөх шаардлагатай аж. Жишээ нь ам бүл дөрвүүлээ айл шинэ байрандаа орохын тулд 10 мянган юань өгөх хэрэгтэй болно гэсэн үг юм.
Профессор Ваны хэлснээр зарим тосгоныг нүүлгэн шилжүүлэхэд нэг өрхөөс 40 мянган юань шаардагдаж байсныг бодвол энэ удаагийн төсөл нь харьцангуй хямд гэнэ. Мөн ихэнх иймэрхүү төсөл иргэдэд нүүх эсэх сонголтыг өөрсдөд нь үлдээдэг бөгөөд иргэд нүүлгүй тосгондоо үлдэхийг сонгох нь их байдаг аж. “Ихэнх тохиолдолд иргэдийг том хот руу биш жижиг хот руу нүүлгэдэг. Гэвч тосгоны ихэнх иргэд хотын амьдралд орохыг төдийлөн хүсдэггүй бөгөөд хүссэн иргэд нь аль хэдийн том хотууд руу нүүчихсэн байдаг. Энэ төрлийн төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газраас иргэдэд нэмэлт газар олгодог ажээ. Ингэснээр нүүсэн иргэд шинэ гэрийнхээ ойролцоо газар тариалан эрхлэх боломжтой болдог нь иргэдийн анхаарлыг ихэд татдаг” хэмээн Ван ярьсан байна.
Мөн төлөвлөгөөний дагуу тосгоны хавцлыг аялал жуулчлалын цэг болгон хөгжүүлэх үүднээс 30 орчим өрхийг тосгонд нь үлдээх гэнэ. Тосгондоо үлдсэн өрхүүдэд жуулчдад зориулсан үйлчилгээний бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
Мөн Засгийн газрын зүгээс тосгоныг аялал жуулчлалын цэг болгон хөгжүүлэхийн тулд жуулчдад зориулан агаарын дүүжин тээвэр хийх, байгаль орчныг сэргээх зэрэгт 630 сая юань төсөвлөсөн гэнэ. Түүнчлэн тосгон жуулчдын очих дуртай газар болбол ажлын байр нэмэгдэх давхар ашигтай юм.
Ши Жиньпиний зарласнаар БНХАУ 2020 дуусахад ядуурлыг бүрэн устгах төлөвлөгөөтэй. БНХАУ-д ядуурлын тодорхой цензур байхгүй, муж бүрт ядуусыг өөр өөрөөр тодорхойлдог ч ерөнхийдөө өрхийн жилийн орлого 2300 юанаас доошгүй бол ядуу биш хэмээн тооцох нь нийтлэг аж. Хэрвээ дээрх стандарттай харьцуулж үзвэл 2017 оны байдлаар Хятадад 30 сая орчим иргэн ядуу амьдарч байсан гэх тооцоо бий.
Гэвч Ши Жиньпиний амласан хугацаа дуусах улам дөхсөөр байна. Бодит байдал дээр түүний хэлсэн хугацаанд бүх хүнийг ядуурлаас гаргах хэцүү бөгөөд цар тахал энэ ажлыг улам хүндрүүлж байна хэмээн Ван өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ