Япон улсын хөрөнгө оруулалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэд шинэ сургалтын эмнэлэг баригдаж, ашиглалтад орсон. Гэвч уг эмнэлэгтэй холбоотой маргаантай асуудал шийдэгдээгүй хэвээр байна уу, эсвэл О.Баасанхүү гишүүн буруу мэдээлэл авсан уу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр дахин хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хүн доромжлоод байх шаардлагагүй, УИХ-ын дарга аа. Хуулийн төсөл УИХ-д орж ирэхэд би ажлын хэсэгт багтаж ажилласан. Япон улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай эмнэлгийг зориуд хувьчилж, дампууруулах гэж байна. Японы талаас гомдол тавиад, та хүртэл шийдлээ гэтэл Засгийн газар саналаа татлаа гэсэн нэрээр дахиад энэ байдал бий болчихоод байна. Би хоёр удаа Засгийн газартай үзэлцэж байна. Төрийн албан хаагчийн эмнэлгийг шорон болгох гэхэд нь би өмнө тэмцсэн, одоо энэ хоёр дахь эмнэлэг болж байна.
Д.Сарангэрэл сайдыг юм хэлэхээр бөөнөөрөө дарамталдаг. УИХ-ын дарга аа, хоёулаа нэг гэрт амьдаръя, хуулийн төслийг уншсан уншаагүйгээ шалгуулж байя. Юм асуух гэхээр микрофон өгдөггүй.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
О.Баасанхүү гишүүнд хэн ийм буруу ойлголт өгснийг мэдэхгүй байна. Сургалтын эмнэлгийг хувьчлахгүй. ЖАЙКА байгууллага болон 3-5 жилийн хугацаанд ажиллаж менежментийг нь хийнэ. Тус эмнэлгээр Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэх боломжтойгоос гадна лавлагаа тусламж авах боломжийг олгосон. 13.8 тэрбумын хөрөнгө оруулалтыг Эрүүл мэндийн яамнаас хийсэн, 2.3 тэрбумыг нэмж сайдын багцаас шилжүүлсэн. Ингэж дангаараа хөрөнгө оруулалт авсан эмнэлэг байхгүй. Хувьчлах боломжгүй. УИХ-аар Анагаахын харьяа сургуулийн хувьчлалын асуудал орж ирээгүй. Сургалт судалгаа, эмнэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ