ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.15) хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

“Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2020 оны 05 сарын 06- ны өдрийн хуралдаанаас тогтоол гаргаж малчин өрхөд 2019 оны мал тооллогын малчны А дансны мэдээллийг үндэслзн ноолуурын хэмжээг “Монгол ямааны үүлдэр, омог, Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартын дагуу тооцож, нэг килограмм тутамд 20000 (хорин мянга) төгрөгийн урамшууллыг малчны дансанд шилжүүлэхээр тусгаж урамшуулалд шаардагдах 200.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байгаа юм байна.

Улсын хэмжээгээр 2019 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 71.0 сая толгой мал, үүнээс 330 сум. нийслэлийн 6 дүүрэгт нийт 29.3 сая ямаа тоологдсон. Статистикийн мэдээгээр нийт 233.317 малтай өрх, үүнээс 171.610 малчин өрх, 61,707 мал бүхий этгээд байх ба мал бүхий этгээдэд 2.9 сая ямаа тоологдсон байна. Үндэсний статистикийн хорооноос малчин, мал бүхий этгээдэд А дансыг тус тусад нь хөтепж байгаатай нийцүүлэн мал бүхий этгээд уг тогтоолын дагуу олгогдох урамшуулалд хамрагдахгүй үлдэж, тэгш бус байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор Улсын Их Хурлын 2020 онь, 32 дугаар тогтоолын 3 дахь заалтын 3-т малчин өрх гэснийг Малын генетик нөөцийн тухай хуульд заасан “малчин, мал бүхий этгээд” гэж өөрчлах шаардлагатай хэмээн үзжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа Малын генетик нөөцийн тухай, Мал, амтны эрүүл мэндийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудад тодорхойлсон нэр томъёог хэрэглэсэн ба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6-д “мал бүхий этгээд" гэж малчин өрхөөс бусад мал өмчилж байгаа хувь хүнийг ойлгохоор тус тус заасныг үндэслэсэн гэлээ.

Төсөл санаачлагчлийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, ноолуур худалдан авахад зориулах санхүүжилтийн эх үүсвэр буюу Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийг хэзээ шийдвэрлэх талаар тодруулав. Ч.Улаан сайд хариулт өгөхдөө, Хөгжлийн банктай гэрээ хийгдсэн, ирэх долоо хоногт санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдэнэ хэмээн төлөвлөж байгааг мэдээллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 91.7 хувь нь “Короновируст халдвар (КОВИД-19) цах тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн талаар тусгасан байна. Уг дүгнэлтийг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөд шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулж, зөрчил арилгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.5-д “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасны дагуу Эдийн засгийн байнгын хорооноос эл тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайдаас хариулт авлаа. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 1520 мм-ийн царигтай, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 1435 мм-ийн царигтай байхаар төлөвлөгдсөн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4.1.2-т “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн нь 1520 мм байна” хэмээн заасан байдгийг дурдав. Тиймээс Зүүнбаян-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нэг сүлжээ гэдгийг тайлбарласан. Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам өргөн царигаар тавигдана гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, салбарын сайдаас хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж