46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Украин хилээ хааснаар Киев хотод тээгч эхээс төрсөн 46 нярай эцэг, эхтэйгээ уулзаж чадахгүй зочид буудалд гацжээ.

Хэвлэлээр цацагдсан мэдээллээр “хүн үйлдвэрлэгч” хочтой, тээгч эхийн Биотекском компани 46 нярайг Венец нэртэй зочид буудалд байрлуулж, асран хамгаалж буй аж. Компанийн зүгээс хүүхдийн эцэг, эхчүүдэд "Хил хаалттай, ямар ч аргагүй үед ирэх гэж хичээх хэрэггүй, эмнэлгийн ажилчид хүүхдүүдийг тогтмол хооллож, цэвэр агаар амьсгалуулж байгаа учир санаа зоволтгүй" хэмээн хэлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг, эхчүүд АНУ, БНХАУ, Британи, Герман болон өөр орны иргэд гэнэ. "Биотекском"-ын цацсан бичлэг цахим орчинд хурдан тарж, хүүхдийн эрхийг хамгаалагч Людмила Денисовад хүрчээ. Тэрбээр “Тээгч эх хөлслөх нь дээд зэрэглэлийн, өндөр ашигтай бизнес үйлчилгээ хэдий ч зарим талаар хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн байр суурь илэрхийлэн “Засгийн газар иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна. Украины хувьд өөрийн иргэдээс төрж буй хүүхдүүдийг гадагш нь зүгээр өгөөд явуулж байгаа нь буруу” хэмээн ярьжээ.

Тээгч эхээр хүүхэд тээлгэж, төрүүлэх нь Украины хуульд хориотой биш ч энэ бизнесийн цаана хүний наймааны асуудал хурцаар сөхөгддөг учир хүмүүсийн эсэргүүцлийг ихээр дагуулдаг билээ. Гэсэн хэдий ч өндөр албан тушаалтнууд улсдаа нэгэнт хөгжсөн энэ төрлийн бизнесийг хязгаарлах нь амаргүй байгаа бололтой.

Үүнээс өмнө ч тээгч эхийн асуудал Украинд хэд хэдэн удаа сөхөгдөж байсан билээ. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө Украины цагдаа нар тээгч эх хөлслүүлдэг нэгэн хувийн компани шинэ төрсөн нярайг Хятад эрчүүдэд зарж байсныг илрүүлсэн байна.

Хүүхдээ тээгч эхээр төрүүлэхийг хүссэн эцэг, эхчүүд тээгч эхэд үр суулгуулахын тулд дунджаар 50 мянган ам.доллар төлөх хэрэгтэй болдог бөгөөд хүүхдээ хил давуулж авахын тулд олон үе асуудал туулдаг аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж