Д.Нямхүү: Таван хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Таван хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Thursday, May 14, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

“ХӨСҮТ НИЙТДЭЭ 250 ХҮНД ҮЙЛЧЛЭХ БҮРЭН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН”

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сүүлд ОХУ-ын цэргийн тусгай онгоц, Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулж дууссан уу. Эдгээр иргэд дунд бага насны хүүхэд бий юу?

-ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор ирсэн бага насны хүүхдүүд асран хамгаалагчтайгаа ирсэн. Бид журмынхаа дагуу халдвартай хүмүүсээ ХӨСҮТ-д хэвтүүлж, давтан шинжлэн, эмчилгээ хийж байна. ОХУ-ын цэргийн онгоц болон Истанбулаас ирсэн хүмүүсээс үүр цайтал сорьц авч, шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулаг боомтоор 200 оюутан орж ирсэн. Тэднийг Сэлэнгэ, Дархан, хот орчмын амралтын газруудад хуваарилж, байрлуулсан. Эрэмбэлэн ангилах хяналтыг нарийн хийж байгаа.

-Ойрхон тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авснаар эмнэлгийн ачаалал хэр нэмэгдэв. Эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байгаа вэ?

-Бид чартер нислэгээр иргэдээ татан авах талаар хоорондоо зөвлөлдөж, хуралдаж байж хийж байгаа. ХӨСҮТ бол хамгийн гол эрсдэлтэй халдвартай, сэжигтэй тохиолдлуудыг хүлээн авч, тусгаарлаж байна. Бид гадаадаас ирж буй иргэдээ тусгаарлах байранд нэг нэгээр нь оруулсан. Тэр байруудыг бэлтгэх ажил маш чухал байсан. Энэ ажлыг Шуурхай штаб маш сайн зохион байгуулсан. ХӨСҮТ нийтдээ 250 хүнд үйлчлэх бүрэн бэлтгэлээ хангасан. Одоогийн байдлаар хүндэрсэн өвчтөн цөөн, амьсгалын аппарат хангалттай, маш сайн тооцоолсон. Халдвар авсан оюутан залуусын хувьд хөнгөн хэлбэртэй байна.

Хоёрдугаарт, манай төвийн сэхээний шилдэг эмч Ц.Чинбаяр, М.Ууганчимэг нар эхний ээлжинд эмчилгээ хийгээд гарсан байгаа. Гэсэн хэдий ч онлайнаар дотор байгаа эмч нартаа байнга зөвлөгөө өгч, мэдээлэл солилцдог. Бид дараагийн бэлтгэл ажлаа эхлүүлэх төлөвлөгөөгөө эхлүүлсэн. Учир нь хувийн хамгаалах хэрэгсэл маш чухал. Нэг өдөр эмч нар хэдийг хэрэглэнэ гэж хязгаарлаж болдоггүй. Тиймээс алсдаа хамгаалах хувцас хэрэгсэл дутагдаж болзошгүй.

“ХЭРВЭЭ НАС БАРАЛТ БҮРТГЭГДВЭЛ ЧАНДРЫГ НЬ АР ГЭРИЙНХЭНД НЬ ӨГӨХГҮЙ”

ЗӨСҮТ-ийн захирал Н.ЦОГБАДРАХ:

-Хэрвээ Монгол Улсад халдварын улмаас нас баралт бүртгэгдвэл цогцыг хэрхэн чандарлах вэ?

-Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тушаал гарсан. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед нас баралт гарсан тохиолдолд  цогцыг хэрхэн халдваргүйжүүлж, яаж тээвэрлэх вэ, хэрхэн чандарлах вэ гэдэг мэргэжлийн зөвлөмж гарсан. Дэлхий нийтэд олон тооны нас баралт гарч, нэг дор бөөнөөр нь оршуулж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна гэж мэдээлж буй. Хэрвээ халдварын улмаас нас баралт бүртгэгдвэл ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдвартай өвчнөөр нас барвал шууд Улсын онцгой комиссын шийдвэрээр эрүүл мэнд, буяны байгууллага, цагдаа, тагнуулын байгууллагын ажлын хэсэг гарч, талийгаачийг чандарлана. Буяны номыг нь лам нар хурж, халдваргүйтгэлийг нь мэргэжлийн байгууллага хийнэ. Чандарласан чандрыг нь ар гэрийнхэнд нь өгөхгүй гэсэн үг. Дэлхийн улс орнуудад халдвар тараадаг нэг асуудал бол улс орон бүрийн зан заншлын онцлог байдаг.

“ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦЫГ ЗАЙТАЙ ХҮЛЭЭН АВАХ НЬ ТАРХВАР СУДЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Х.НАРАНГЭРЭЛ:

-Манай орны хувьд нийт хүн амын дунд халдвар тархаагүй учраас эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийх шаардлагагүй. Тиймээс тандалт судалгаагаар уушигны хүнд өвчтэй, уушигны хатгалгаатай хүмүүсээс шинжилгээ хийж байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсээс шинжилгээ авч байгаа.

Тусгаарлах байранд байгаа иргэд хүлээцтэй хандаж байгаа. Одоогоор гарсан зөрчил байхгүй байна. Тусгай үүргийн онгоцыг хоорондоо зайтай хүлээн авах нь тархвар судлалын хувьд ач холбогдолтой. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал хүртээмжтэй байхаас гадна нийт хүн амын дунд голомтлон тархаахгүй байхаас урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Шинэ коронавирусийн халдвараар дэлхийн 216 оронд 4.5 сая хүн өвчилсөн бол 1.7 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байна.

Өнгөрсөн 24 цагийн дотор 94 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн нас барсан.

Турк улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр /2020.05.14/ Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Амар, Мичид зэрэг зочид буудалд байрлуулсан.

ОХУ-аас өчигдөр газраар 200 гаруй оюутан ирсэн. Тэднийг Орхон, Дархан—Уул,  Сэлэнгэ зэрэг  аймгуудын амралт сувиллын газарт байрлуулж, тусгаарласан.

Өнөөдрийн байдлаар 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. 1619 хүн ажиглалтад байна.

“ХӨСҮТ-Д ХАЛДВАРТАЙ 78 ХҮНИЙГ 38 ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ЭМЧИЛЖ БАЙНА”

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

Өнөөдөр ХӨСҮТ-өөс  таван хүн эмчлэгдэн гарч, дараагийн хяналтын шатанд шилжлээ. Бид өнгөрсөн хугацаанд 20 хүнийг эдгэрүүлж, эмнэлгээс гаргасан байна. Таван хүний дөрөв нь оюутан, нэг нь 55 настай эмэгтэй эдгэрсэн. Эмчилгээнд байсан хоног дээд тал нь 55, зарим нь 25-30 хоног. 20-21 насны оюутнууд эдгэрч гарсан.

Өчигдрийн шинжилгээний дүнтэй нийлүүлбэл Монголд 98 хүн албан ёсоор халдвартай гэж оношлогдсон.  Нийт ХӨСҮТ-д 78 хүн эмчилгээ хяналтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 171 хүн байна. ХӨСҮТ дотор орж тусгаарлагдан нийтдээ 38 эмч сувилагч, үйлчлэгч ажиллаж байна. Үүнд, 14 их эмч, ес нь сувилагч, есөн асрагч, зургаа нь ариутгагч ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дарханы салбар нийт дөрвөн лабораторид 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лабораторит 199 хүний шинжилгээ хийсэн. Энд Истанбулаас ирсэн 190 хүний шинжилгээ багтсан. Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Дорноговь аймагт нэг, тандалтын зорилгоор сорьц авсан хоёр, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан таван хүний шинжилгээг ХӨСҮТ-д хийсэн.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолооч, 10 тусгаарлагдсан хүний шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

ЗӨСҮТ-ийн лабораторит Сөүл –Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тавдугаар сарын 1-нд ирсэн 132 иргэдэд давтан шинжилгээ хийхэд мөн шинэ коронавирус илрээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж