
Хип хоп сонирхогчдын дунд “Excel”, “Hood” зэрэг дуугаараа олны танил болсон “Vanquish” хамтлаг наймдугаар сарын 14- нд “Ub Palace”-ын өмнөх задгай талбайд анхны бие даасан “Юу байна, түйвээнэ” тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийнхан зургаан жилийнхээн ойн хүрээнд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд олон гэнэтийн бэлэгтэй байх гэнэ. Тоглолтынхоо талаар хамтлагийн залуус хэлэхдээ “Монголд урьд өмнө болж байгаагүй хип хопын амьд тоглолтыг хийхээр төлөвлөж байна. Хамтлагийн гишүүд тус бүр өөрсдийн хийсэн дуугаа дуулж, бүжиглэхээс гадна хип хоп хөгжмийг симфони оркестр болон амьд хөгжимтэй хослуулан дуулна” гэв. 2004 онд анх Цэцээ, Пангасс, Дандий гэсэн гурван гишүүнтэйгээр байгуулж байсан “Vanquish” хамтлаг одоо зургаан гишүүнтэй болж хүрээгээ тэлсэн бөгөөд тэдний тоглолтыг үнэнч фэнүүд нь тэсэн ядан хүлээж байгаа биз.
Сонирхуулахад “Vanquish” хамтлагийнхан “Ногоон баатар” хэмээх хөдөлгөөний хүрээнд хотынхоо тодорхой цэгүүдээр явж хог цэвэрлэх аянд оролцсон. Мөн хамтлагын гишүүн Цэцэнбилэг өөрийн “2012” цомгийн бүх орлогыг асрамжын газрын хүүхдүүдэд хандив болгон өгч, хоёр дахь цомгийнхоо бүх орлогыг хүнд өвчин туссан нэгэн хүүгийн эмчилгээний зардалд хандивласан байна.
М.Урин