УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх мэдээллийг МАН няцааж, энэ асуудлаар шүүхэд хандахаар болсон байна.
АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг МАН дараах байдлаар дүгнэж байна гэлээ.
Нэгдүгээрт: Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн, хоёрдугаарт: банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн, гуравдугаарт: МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна гэж үзэж байгаа юм.
Т.ДАВААНЯМ