Улс төрийн намын тухай хуулийн төслөөр сэтгүүлчидтэй ярилцав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улс төрийн намын тухай хуулийн төслөөр сэтгүүлчидтэй ярилцав

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийн төслөөр сэтгүүлчидтэй ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулж буй Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, хуульч, судлаач Д.Үүрцайх нар өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийж ярилцав.

Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр зангиагүй уулзалтыг нээж хэлэхдээ “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх нь цаашдаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, Үндсэн хуульт ардчиллын замыг илүү бэхжүүлж зөв тийш авч явахад чухал юм гэсэн талаас нь харж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг нэгтгээд багцалбал гол 10 зүйл бий. Үүнийг өнөөдөр та бүхэнд танилцуулна. Улстөрчид, эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдийн тодорхой сонирхлын үүднээс хандаж болох учраас анхны төслийг гаргахдаа бид цэвэр улс төр, Үндсэн хууль судалдаг судлаачдыг оролцуулсан” гэлээ.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уг хуулийн төсөлд оруулсан гол 10 зүйлийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбарлан ярилаа.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинэчлэл хийх шаардлагатай 10 санааг тусгасныг тэрээр тайлбарлав. Үүнд:

  • Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө
  • Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно
  • Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно
  • Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана
  • Нам шилэн данстай болно
  • Намын үйл ажиллагааг явуулах доод босгыг тогтооно
  • Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно
  • Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна
  • Намууд ТББ , фракцтай, одон медальтай байхыг хориглох нь зүйтэй
  • Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ

гэсэн 10 багц асуудлыг тусгажээ.

Уг хуулийн төсөлд хэдийгээр 31 хүн хамтарч нам байгуулж болох тухай тусгасан ч 3001-ээс дээш гишүүнтэй болж байж сай сонгууль оролцох эрхтэй болно хэмээсэн байна. Хэрэв ингэвэл “Цүнхний нам“ гэгддэг дарга, тамга, туг гурваас өөр зүйлгүй нам сонгуульд оролцохгүй, мөн 3001-ээс доош хүн амтай 168 суманд аль нэг намын анхан шатны нэгж байгуулах боломжгүй болох ажээ.

Зөвлөх О.Чулуунбилэг энэ талаар хэлэхдээ “Ингэж гишүүнчлэлийг нарийн болгож үзвэл намуудын гишүүдийн тоо бодитоор гарч ирнэ. Одоо МАН 220 мянга, АН 170 мянга ИЗНН 90 мянган гишүүнтэй гэдэг. Энэ бол үзэл суртлын үүднээс гаргасан худлаа тоо. Гишүүдийг жинхнээс нь тоолж үзвэл эдгээр тоо 40 хувиар буурна” гэж байлаа.

Хуульч, судлаач Д.Үүрцайх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ХБНГУ, Гана зэрэг орны туршлагыг үзэж судлан тусгасан талаараа ярилаа.

Сэтгүүлчид зангиагүй уулзалтын үеэр сонирхсон асуултаа асууж хариулт авцгаав.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-11 202.70.44.146

МАН БНСУ-аас тоолох машин оруулж ирэх санаатай байсан гэвч Зандаахүүгийн Энхболд АНУ-аас хүч түрэн одоогийн машиныг оруулж ирсэн билээ. энэ тоолох машины түлхүүр нь АНУ-ын нэг компаний гарт байгаа тул америкаас хараат байна гэсэн үг юм. үүний цаана хүн л ажиллаж программыг хийж байгаа болохоор но маш ихтэй. мэддэг хүн мэддэгээрээ л З.энхболдын захиалгаар өөрчилнө

Зочин 2015-12-11 103.57.92.98

ЗӨВ ШҮҮ