Өмнөговь: Салхины эрч оргил үедээ хүрч, үзэгдэх орчин муудаж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Өмнөговь: Салхины эрч оргил үедээ хүрч, үзэгдэх орчин муудаж байна

Өмнөговь: Салхины эрч оргил үедээ хүрч, үзэгдэх орчин муудаж байна

НЭМЭЛТ:

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын мэдээлж буйгаар, "Нийт нутгаар өглөөнөөс эхлэн салхи шуургатай байна. Ялангуяа зүүн аймгуудын нутгаар гамшигт үзэгдэл болж байна. Төвийн бүс болон Дархан-Уул, Орхон аймагт нойтон цас орж байна. Өмнөговь аймгийн хувьд салхины эрч 16м/сек хүрч, аюултай нөхцөл байдал ажиглагдаж байна. Даланзадгад болон Булганд алсын барааны үзэгдэх орчин 2 км-ээс дотогш муудаж аюултай үзэгдэл ажиглагдаж байна. 17.00-20.00 цагийн үед Өмнөговь аймагт салхины эрч оргил үедээ хүрнэ. 21.00 цагийн үед салхи, шуурга намжиж, маргааш олон нөгөөдөр үргэлжлэн хүчтэй салхилах төлөвтэй байна" гэлээ

Мөн Дугуйн аялалд өчигдөр явсан хүмүүсийг урьд шөнө татаж ирүүлсэн аж. Өмнөговь аймагт одоогоор аюул гамшгийн дуудлага ирээгүй байгаа бөгөөд дуудлагыг 70533337 70533336 гэсэн дугаарт хандаж өгөх боломжтой гэв.

Өмнөговь аймгийн онцгой байдлын албанаас аюулт нөхцөл байдалд малчид маш анхааралтай байхыг санууллаа. Учир нь 2019 оны тавдугаар сарын 11-нд аюулт үзэгдэл болоход маш олон тооны хүн, мал алга болж, улмаар онцгой байдлын дөрвөн алба хаагч амиа алдсан.

Одоогоор зам харгуй хаагаагүй байна. Нөхцөл байдал хүндэрвэл шаардлагатай бүх арга хэмжээг авна. Онцын шаардлага байхгүй бол хөдөө орон нутгийн замд явахгүй байхыг анхааруулж байна.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга "Өмнөговь аймаг covid-19-с урьдчилан сэргийлж, нэгдүгээр сарын 28-с өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 72 хүнийг тусгаарласан байна. Үүнээс 14-ийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж хяналт тавьж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт гэрийн тусгаарлалт 3 хүн, тусгаарлах байранд 1 хүн байна. Нэгдүгээр сарын 28-аас хойш PCR шинжилгээнд 24 сорьцыг явуулж, бүгд сөрөг гэсэн хариу ирсэн. БНХАУ-тай хоёр хилээр харьцаж байна. Тээврийн жолооч нарын дунд тандалт хэлбэрээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байна. Улсын хэмжээнд коронавирус тархсан эсэхийг судлахаар өдөрт 20-30 хүнд тандалт хэлбэрээр шинжилгээ хийж байгаа гэв.


ХАРХОРИНД ХУЙ САЛХИ БОССОН ГАМШИГ БОЛООГҮЙ

НЭМЭЛТ:

Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнөөдөр 10.00 цагийн орчимд хуй салхи түр зуур дэгдсэнээр шороогоор шуурсан байна. Энэ үеэр барилга байшин, хашаа гэр хороо нурж, хүн бэртэж, мал хуй салхинд уруудсан зүйл болоогүй, гайгүй өнгөрлөө гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын алба мэдээлэл өглөө. Гамшигт үзэгдэл гэдэг нь салхины хурд 24-28 м секунд давахыг хэлдэг гэж тодотгов.

Цахим сүлжээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байгалийн гамшигт үзэгдэл болж байна гэсэн бичлэг тавигдсан юм. Энэ дагуу дээрх тодруулгыг хийсэн юм.


ШУУРГАНЫ УЛМААС ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХОЁР СУМ ЦАХИЛГААНГҮЙ БОЛЖЭЭ

Хөвсгөл аймагт өчигдөр /2020.05.14/ түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болоод байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга  дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл, Завхан, Булган, Баянхонгор, Өвөрхангай аймагт өчигдөр борооны өмнөх хүчтэй хуй салхи босч, түр зуурын шороон шуурга шуурсан. Шороон шуурга секундэд 24 метр хүрч ширүүсч, ойролцоогоор 26 минут үргэлжилсэн” гэв.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, хошууч Л.Бямбасүрэнгээс тодруулахад “ОБЕГ-аас 15.00 цагийн үед мэдээлэл хүргүүлсний дагуу аймгийн ЦУОШГ-тай хамтран 23 сум, нэг тосгон, 13 албадаар дамжуулан аж ахуй нэгж, иргэдэд урьдчилан сэргийлэх албан мэдээг хүргүүлсэн. Өчигдөр орой 21.00 цагийн орчимд аймгийн хэмжээнд түр зуурын шороон шуурга шуурч, 16-24 метр секунд хүрч ширүүссэн. Ойролцоогоор 10-13 минут үргэлжилсэн. Түр зуурын хүчтэй шороон шуурганы улмаас томоохон гамшиг, осол бүртгэгдээгүй. Одоогоор Тариалан, Рашаант сумын тог цахилгаан тасраад байна. Ажлын хэсэг гараад ажиллаж байна” гэж мэдээллээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өчигдөр /2020.05.14/ мэдээлэл хийхдээ маргаашнаас эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулсан. Тухайлбал, энэ сарын 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байна гэж ЦУОШГ-аас онцолсон юм. Өнөөдөр /2020.05.15/ Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна. Мөн Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурах байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдах аж.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж