Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын Москва хотын гудамжинд алдаршуулжээ. Өдгөө 98 настай С.Цэгмидийг Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан баярт мэдээг дуулгасан билээ.
Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна. Мөн Халимагийн нийслэл Элстэй хотын гудамжинд Дэлхийн II дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн цэрэг армид тусламж илгээхэд манлайлан оролцсон Э.Бадам, С.Цэгмэд нарыг алдаршуулан таниулах ажлыг зохион байгуулжээ.
“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат. Өдгөө хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна.
Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ