Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 27, 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийг танилцуулж байна.


Хөгжлөөрөө нийслэлийн есөн дүүргийн адаг, ажилгүйдэл, ядуурлаараа улсынхаа тэргүүнд бичигдэх болсон Сонгинохайрханд эдүгээ МАН засаглаж байна.

УИХ-д эл тойргийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Ундармаа нар төлөөлдөг. Нэг намаас дангаар зургаан хүн УИХ-д сонгогдсон нь уул нурааж, ус эргүүлэх хэмжээний хүч боловч зөвхөн албан тушаалд амь тэмцэн зүтгэсээр бүрэн эрхээ дуусгаж байна.

Иймээс хоёр тойрог, таван мандаттай эл тойрогт улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг сонгогчдын хувьд хамгийн их анхаарал хандуулсан сэдэв болж хувираад буй. Учир нь хариуцлагатай сонголт хийхгүй бол амьдралын чанар дээшлэхгүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их мэдэрсэн сонгогчид бол сонгиныхон.

Таван аймгийн хүн амтай энэ зэрэгцэх буюу 330 мянга гаруй иргэнтэй эл тойрогт АН Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, кекүшюзан Д.Батбаяр, “М-Ойл”-ын захирал Б.Пунсалмаа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг нэр дэвшүүлэх мэдээлэл бий.

Харин МАН УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Сумъяабазар нар дээр нэмж, хоёр нэр дэвшигч нь хэн байх вэ гэдгийг эцэслээгүй байна. Ийгл телевизийн нэвтрүүлэгч Б.Жаргалмааг эл тойрогт сойх чимээ гарч буй нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва хоёрын аль нэгийг Б.Ундармаа гишүүний хамтаар мандатгүй үлдээх сонголттой тулгаж буй юм. Хэнийг нь ч сонгон баг болгон зүтгүүллээ ч  зарчмын ялгаа гарахгүй. Учир нь сонгогчид МАН-аас нэр дэвшигчдэд дахин итгэл үзүүлэх хүсэлгүй байна. Хэдийгээр УИХ-д сонгогдсон гишүүний үндсэн ажил нь хууль боловсруулж батлах боловч цаад талдаа хүн амын амьжиргаа сайжрах ёстой. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд ард иргэдийн амьжиргаа сайжраагүй төдийгүй Ханын материалд хотын захиргааг барьж, хоцрогдсон дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөө биелэлээ олоогүй нь УИХ-д сонгогдсон зургаан гишүүнд нь хариуцлага тооцох үндэслэл болоод байна. Учир нь хотын дарга асан С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагын шинэ байрыг Нүхт рүү барих шийдвэр гаргахад эл дүүргийг төлөөлөн сонгогдсон гишүүдээс нэг нь ч эсэргүүцээгүй. Уг нь УИХ дахь зургаан гишүүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д сонгогдсон төлөөлөгчтэйгээ хүчээ нэгтгээд дээрх шийдвэрийг эсэргүүцэн хуучнаар нь үлдээсэн бол өдийд тус дүүрэг орчин цагийн шинэ дүүрэг болон хөгжих эхлэлээ тавих байв. Харамсалтай нь, хуруугаа ч хөдөлгөөгүйн шанг сонгогчид энэ сонгуулиар хариуг нь барина.

УИХ-д МАН-ын гишүүд У.Хүрэлсүх, М.Энхболдын талынхан гэж хоёр хуваагдсан шиг НИТХ-д мөн нэгдмэл байж чадахгүй болсон. Иймээс НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун бие дааж эл тойрогт өрсөлдөх болсон нь МАН-аас нэр дэвшигчдэд халтай тусахаар болоод байна. Нэг тойрогт нэг намын угшилтай нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх нь саналаа хуваалцаж, өрсөлдөгч намд олз болдог.

Мөн Гэр хороолол хөгжлийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мөнгөнцэцэг энэ тойрогт нэр дэвших нь.  Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр хотын захиргааны шинэ байрыг Ханын материал руу нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж,  гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэн өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатарын талбайд иргэдийн хамтаар суулт зарлан, гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардан тэмцэж байв.

Хотын экс дарга Э.Бат-Үүлийн үед иргэний хашааны газар гурваас дөрвөн өрөө байрны үнэ хүрч байсан бөгөөд МАН эрх барьсан үеэс газрын үнэлгээ буурч, байрны урьдчилгаа болсныг эсэргүүцэж ирсэн.

АН энэ удаагийн сонгуульд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон тэргүүтэй багийг Сонгинохайрхан дүүрэг рүү илгээх болсон чимээ МАН-ынханд аянга буулгав. О.Орхон нь оросуудын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирсан хүний нэг. Тэрбээр 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банкир юм. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд "Трий Тигерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөхөөр тус тус ажилласан. Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Нэг ёсны сонгинохайрханчуудын хувьд хүлээж байсан нэр дэвшигч нь гэж тодорхойлж болно.

УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өмнөх сонгуулиар дээрх тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан. Энэ удаа хоёр дахь удаагаа даагаа нэхэн өрсөлдөх нь. Тэд хуульч мэргэжилтэй. Ш.Түвдэндорж УИХ-д өмнө нь сонгогдон ажиллаж байсан, О.Магнайн хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв.

Б.Пунсалмаа "М-Ойл" ХХК-ийн захирал, МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн аж.

Кекүшюзан Д.Батбаярын хувьд өмнө нь Сонгинохайрхан дүүргээс УИХ –д сонгогдон ажиллаад тараа таниулсан. Хэрэв хүний нөөц байгаа бол орлож өөр нэр цэвэр хүн нэр дэвшүүлэх нь АН-д илүү ончтой тусна.

О.Магнайн оронд ч шинэ хүн нэр дэвшүүлэх. Эдгээр сэлгээг хийсэн нөхцөлд АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигчдийн цагаан тугийг өргүүлэх боломж өндөр байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ТӨЛӨӨЛӨН УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД

  • 1996 онд: Ч.Сайханбилэг АХ эвсэл, Н.Алтанхуяг АХ эвсэл, А.Ганбаатар АХ эвсэл, Д.Баттулга АХ эвсэл
  • 2000 онд: Д.Алтай МАХН, Ц.Баасанжав МАХН, Н.Болормаа МАХН, Ц.Дашдорж МАХН
  • 2004 онд: Т.Бадамжунай МАХН, Д.Тэрбишдагва МАХН, С.Оюун Эх орон ардчилал эвсэл, Б.Жаргалсайхан Бүгд найрамдах нам
  • 2008 онд: Н.Алтанхуяг АН, Д.Батбаяр АН, С.Оюун Иргэний зориг нам, Д.Тэрбишдагва МАН
  • 2012 онд: Л.Эрдэнэчимэг АН, Д.Тэрбишдагва МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Д.Сумъяабазар МАН
  • 2016 онд: Д.Тэрбишдагва МАН, Д.Сумъяабазар МАН, Б.Ундармаа МАН, Х.Нямбаатар МАН, Б.Гарамжав МАН

                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж